Alumni stories

Э.Тэмүүлэн "Global UGRAD" хөтөлбөрийн төгсөгч

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрийгөө манай сонсогчдод танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.

Юуны өмнө подкастдаа урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Тэмүүлэн гэдэг. Би 2021 оны 8 сард Global UGRAD хөтөлбөрөөр АНУ-ын BALL STATE UNIVERSITY-д суралцаад ирсэн. Энэхүү хөтөлбөр нь солилцооны хөтөлбөр учраас 1 улирал суралцаад ирсэн байгаа. Одоогоор “Гэр өргөө”ТББ-д төслийн ахлахаар ажилладаг, хот төлөвлөлт мэргэжилтэй ийм хүн байна.

АНУ руу явахаасаа өмнө хаана сурч байсан бэ?

Явахаасаа өмнө МУИС-д “Хот төлөвлөлт” мэргэжлээр сурч байгаад энэхүү хөтөлбөрт хамрагдсан. Мөн сурахынхаа хажуугаар TOMYO Edu Tech компанид төслийн менежерээр ажилладаг байсан.

Global UGRAD гэж ямар хөтөлбөр байдаг талаар манай сонсогчдод мэдээлэл өгөөч?

АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд богино хугацааны буюу нэг улирал суралцдаг гэж ойлгож болно. Манай орноос гадна бусад улс орнуудад ч мөн энэ хөтөлбөр хэрэгждэг бөгөөд жилд нэг улсаас 2-3 суралцагч хамрагддаг.

Хөтөлбөрийн шалгуур нь ямар байсан бэ?

Их дээд сургуулийн 2 эсвэл 3-р курсийн оюутан байх ёстой. Эргэж ирээд суралцах нэг жилийн хугацаа үлдсэн байх шаардлагатай байдаг. Мөн гол дүн 3.0 болон түүнээс дээш байх хэрэгтэй.

Дундаж Америкчуудын хэв маяг Монголчуудын хэв маяг хоорондын ялгаа нь ямар байсан бэ?

Маш өөр байсан. Мэдээж би таньж мэдэх хүнгүй газар очиж байгаа. Орчиндоо дасахад Америк хүмүүс надад маш их тус болсон. Амьдралын зөв хэв маягтай болох нь илүү хурдан байж болох юм шиг санагдсан. Зөвхөн оюутны хотхондоо байгаад байхгүйгээр гадна орчин, нөхцөл байдалтайгаа танилцаад, өөрийнхөө харах өнцөг сэтгэлгээгээ илүү нээлттэй байлгаж сурсан гэж хэлж болно.

Америк болон Монголын боловсролын систем хоорондоо хэр зэрэг ялгаатай байсан бэ?

Америкт сурагчид багштайгаа санал бодлоо солилцох, өөрийгөө илэрхийлэх байдал нь чөлөөтэй. Магадгүй систем нь өөрөө тийм байх л даа. Аливаа асуудлын гарцыг олохын тулд чөлөөт сэтгэлгээ бүтээлч байдлыг чухалчилдаг юм билээ. Багш нар нь ч яг тийм байдлаар хэн яаж өөрийгөө илэрхийлж байна, тухайн оюутанд ямар нөөц боломж байна гэдэг дээр нь илүү анхаарч ажилладаг юм билээ. Бодитоор 3000 орчим хүн амтай сууринд очоод хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийсэн. Монголд багш нартайгаа уулзаж зөвлөгөө, чиглүүлэг авахад хүндрэлтэй байдаг бол Америкт багштайгаа чөлөөтэй харьцаж болно. Асуух зүйлээ ярилцаад өдрийн хоол хамтдаа идсэн ч болно. Өөрийгөө илэрхийлээд, олон зүйл асуух үед дуртай хүлээж авдаг.

Таны хувьд ямар ямар хичээлүүд сонгон судалж байсан бэ?

GLOBAL UGRAD хөтөлбөрийн оролцогч нийтдээ 4 хичээл судалдаг. Үүний хоёр нь мэргэжлийн хичээл, Америкийн түүх, үлдсэн нэг хичээлээ өөрөө сонгож болдог. Сүүлийн сонгох хичээл дээр нь чиний сонирхол, мэргэжилд чинь тохируулаад ийм хичээл сонговол болох юм байна гэдгийг зөвлөдөг хүн тусдаа ажилладаг. Тэгэхээр өөрийнхөө мэргэжлийн талаар ойлголттой болох, шинэлэг сонирхолтой хичээл үзэж судлах боломж нь нээлттэй гэсэн үг. Миний хувьд design studio, зам харилцаа судлал, Америкийн түүх, төлөвлөлтийн ур чадвар гэсэн хичээлүүд үзсэн. Мөн нэмэлтээр усанд сэлж сурсан. Би сэлж чаддаггүй байсан юм. Усанд сэлэлтийн хичээл нь 7 хоногт 2 удаа ордог. Дөрвөн сарын хугацаанд сэлээд сурчихсан. Үр дүнтэй цаг хугацааг өнгөрүүлэхийн тулд ачааллаа зөв тохируулж, хийх зүйлсээ зөв хуваарилж сурах нь чухал санагдсан. Хөтөлбөрийн хүрээнд чамд 4 сарын хугацаа байгаа гэвэл зөвхөн завгүй сурсаар байгаад эх орондоо буцвал харамсалтай шүү дээ. Үзэж харах зүйлс, сонирхолтой зүйлс олон байдаг. 

Америкт байхдаа баяруудыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

Баяр болгоноор аялсан. Сар бүр өгдөг тэтгэлгийн мөнгөө цуглуулж байгаад аялдаг. Хамгийн дурсгалтай нь Halloween байсан. Сурч байх хугацаандаа Америк гэр бүлтэй болбол зүгээр санагдсан. Гэр бүл, дотын хүмүүсээ санасан үед тийм гэр бүлтэй байх нь сайхан байсан. Талархлын баяраар ч бас аялж байсан.

Сургуулийнхаа оюутны хотхоны талаар бидэнд ярьж өгөөч?

Ой модон дунд амьдарч байгаа юм шиг л байсан. Хамгийн гоё хэсэг нь 1800-аад оны үед баригдсан музейтэй. Хотхон доторх дугуйн зам болон алхалтын зам нь маш гоё, ой модон дунд учраас хэрэм ихтэй, энд тэнд олон тааралддаг. Зүйл бүрийн шувуу ирнэ. Хаана ч сууж болох сандал, дүүрэн зүлэгтэй, үнэхээр гоё орчинтой.

Хот төлөвлөлт мэргэжлийн онцлог нь юу вэ?

Мэргэжлийн үндсэн чиглэл маань зураг төсөл боловсруулах, судалгаа хийх юм л даа. Харин Америкт очоод би юу олж мэдсэн вэ гэвэл би заавал зураг төсөл дээр ажиллахгүйгээр, загвар талаас нь ажиллаж болох юм байна. Амьдарч байгаа хүмүүсийнх нь онцлогт тааруулаад нийгмийн чиглэлээр ажиллаж болох юм байна. Эсвэл олон улсын байгууллагад хот төлөвлөлтөөр ажиллаж болно. Хот төлөвлөлт гэдгийг зөвхөн зураг төсөл биш, өдөр тутмын амьдралаас үлдэх туршлага гэж хардаг.

Англи хэлээ яаж сурсан вэ?

Би 1-3 дугаар ангидаа хувийн сургуульд сурсан. Энэ нь Англи хэл сурахад сайн суурь тавьж өгсөн юм шиг санагддаг. Дараа нь TOEFL-д бэлдэж байхдаа илүү сайн сурсан. Америкт очоод ном унш, кино үз гэж хүмүүсийн хэлдэг үг үнэн юм байна гэдгийг ойлгосон. Амьдралын хэрэгцээ шаардлагаар, орчинд нь очоод Америк хүмүүстэй ярих явцдаа, илүү ойлгодог болсон. Хэл сурна гэдэг нь зөвхөн тухайн орны хэлийг нь сураад зогсохгүй соёлыг нь сурах үйл явц юм шүү гэж хэлмээр байна.

Америк явахыг, сурахыг хүсэж байгаа залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

Юм нэгээр дуусахгүй. Дараа дараагийн боломж үргэлж байгаа. Эхний удаа оролдлого нь бүтэлгүйтсэн бол цаашдаа үргэлж боломжгүй гэсэн үг биш юм. Америкт сурах маш олон боломж байгаа. Жишээ нь GLOBAL UGRAD хөтөлбөр байна. Үүнээс гадна маш олон хөтөлбөр бий. Хамгийн чухал чи өөрийгөө бүрэн дайчилж оролцож чадсан уу гэдэгт л анхаараарай. Дараагийнх нь чи тэнд очоод сурна гэхээсээ илүү, тухайн газар орон, хүмүүсийн амьдралын хэв маяг чамд тохирох уу гэдгийг заавал бодож үзээрэй. Мэдээж тухайн газар нь Америк орон учраас сайн, муу зүйл хамтдаа буцалж байдаг. Үүнээс гадна, муж, хот бүр өөр өөрийн давтагдашгүй хэв маягтай байгаа шүү дээ.

 Манай энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дахин уулзталаа түр баяртай.


⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA