Alumni stories

Э. Болор-Эрдэнэ "Michigan State University" -ийн бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр төгсөгч

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт Apprentice Mongolia шоуны оролцогч Fulbright болон Global UGRAD хөтөлбөрийн төгсөгч  Э. Болор-Эрдэнэ оролцож байна. Өөрийгөө бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач.

Сайн байцгаана уу. Намайг Э.Болор-Эрдэнэ гэдэг. Та бүхний мэддэгээр Apprentice Mongolia шоуны оролцогч,  Fulbright болон Global UGRAD хөтөлбөрийн төгсөгч байна. Би Орос 3-р сургуульд 9 дүгээр ангиа, Сант сургуульд 11-р ангиа төгссөн. МУИС-д элсэж байсан. Оюутан байх хугацаанд АНУ-руу UGRAD оюутан солилцооны хөтөлбөрөөр явах боломж олдож АНУ-д нэг жилийн хугацаанд суралцаж ирсэн. Их сургуулиа төгсөөд Хаан банкны хөрөнгө оруулалтын багт гурван жил ажиллаад дараа нь Фулбрайт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан байгаа. 

АНУ-ын сургуулийнхаа талаар бидэнд ярьж өгөөч. 

2013-2014 онд Global UGRAD хөтөлбөрөөр оюутан солилцоогоор Флорида мужийн Florida Gulf Coast University-д санхүүгийн чиглэлээр суралцаад ирсэн. Дараа нь Фулбрайт хөтөлбөрөөр Michigan State University-д бизнесийн удирдлага санхүүгийн чиглэлээр магистраа хамгаалсан.

Очсон мужийн тань юу хамгийн таалагдаж байсан бэ?

Монгол орноосоо огт гарч байгаагүй болохоор анх удаа хил даваад Флорида мужид очих үнэхээр өвөрмөц байсан. АНУ-ыг маш өндөр өндөр барилгатай хөл хөдөлгөөн болсон хотоор төсөөлдөг байсан чинь анх очиход маш халуун дулаан чийглэг уур амьсгалтай орчин хүлээж авсан. Тэгээд өглөө нь сургууль руугаа алхаад явж байтал матрын зурагтай анхааруулга байсан нь их сонирхолтой санагдан очоод хартал матар хооллохыг хориглоно  гэсэн тэмдэг байсан. Монголоос ирсэн хүний хувьд матар зүгээр энд тэндгүй явж байх боломжтой гэдгийг сонсоод маш айдастай матрыг нь хооллочихвол яаж шийтгүүлэх юм болоо ч гэж бодож байсан.  /Инээв/ Мичиганы хувьд Монголтой их төстэй, хамгийн их сэтгэлд бууж үлдсэн зүйл нь намрын улирал. Үнэхээр үзэсгэлэнтэй өнгөтэй улирал байдаг нь санаанаас ер гардаггүй юм.

АНУ-д сурахаар явахад тань юу хамгийн их нөлөөлсөн бэ? 

Эхний удаа надад олдсон боломж нь л тэр байсан. Ямар ч байсан гадаадад суралцан өөрийнхөө мэргэжлийг тодорхой хэмжээнд дээшлүүлэх нь зөв юм байна гэж бодоод явж байсан. Миний хувьд 18 наснаасаа эхлүүлэн орчуулгын ажил хийдэг байсан учир Америк хүмүүстэй харилцах нь илүү амар байсан. Тэгээд найз маань надад анх UGRAD хөтөлбөрийг танилцуулсан. Харин дараа нь Америкт очоод үзчихсэн, тодорхой хэмжээний туршлагатай байсан учраас эргээд АНУ-ыг сонгон суралцсан. 

Цаашдаа АНУ-ыг сонгон суралцаж буй оюутан залууст хандаж юу зөвлөх вэ? Хөтөлбөрт тэнцэхэд тань ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байсан уу? 

Том мөрөөдөж байж тэр мөрөөдөлдөө хүрнэ гэж боддог. Хэзээ ч өөрийгөө битгий хайрцаглаарай. Өөрөө өөртөө урам зориг, хичээх сэдэл өгөөд багаас нь эхлээд судалж эхлээрэй. Тодорхой хэмжээнд уншиж судлаад ирэхээр холын мөрөөдөл шиг санагдахаа больчихдог юм. АНУ-д суралцаад ирсэн амжилттай явж байгаа хүмүүсээс зөвлөгөө аваарай. Миний хувьд энэ хоёр хөтөлбөрт тэнцэх зам хэзээ ч дардан байгаагүй. Маш хүнд байсан. Юу нь хэцүү байсан гэхээр сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байх. Нэг зүйлд тууштай хандан удаан хугацааны турш хичээл зүтгэл гаргаж шантрахгүй байна гэдэг мэдээж маш хэцүү. Бусдаар бол хэл сурах, эсээ бичих, шалгалтад бэлдэх, ярилцлагад орох гэх мэт зүйлс хүний хийж чаддаг л зүйл учир жаахан л сэтгэл гарган туршлага хуримтлуулаад хичээхэд давж гарч чадна гэж боддог юм.

Яагаад энэ тэтгэлэгт хөтөлбөрт  материалаа өгөхөөр шийдсэн бэ? 

Аав ээж хоёр маань төрийн албан хаагч. Миний төлбөрийг даагаад явуулах боломж байгаагүй. Гэхдээ намайг бага байхад миний суурийг маш сайн тавьж өгсөн. Түүний хүчинд өөрөө өөрийгөө сорьж өөрийгөө ялан дийлж өөрөө өөртөө өөрчлөлт хийж сурсан. Тэгээд өөртөө том сорилт тавин UGRAD хөтөлбөрт орж байсан. Фулбрайтын хувьд өмнө нь маш сайн мэдээлэл цуглуулан би чадах юм байна гээд зориг шулуудан тэмүүлэлтэйгээр бэлдсэн. Үүнээс гадна мэдээллүүд нь маш нээлттэй болохоор төлөвлөгөөтэй бэлдэн оролцож байсан. Энэ хоёр хөтөлбөрөөр төгсөөд ирэхэд маш том хамт олон хүлээж авдаг. Мөн материал өгөх үйл явц нь үүний дараа чамд ямар сорилт байх вэ гээд хэлээд өгчихдөг учраас  төлөвлөгөөтэйгөөр өөрийгөө бэлдэж чадах юм бол авч чадах юм байна гэсэн ойлголт өгч байсан.   

Манай уншигчдад Global UGRAD болон Фулбрайт гэж яг ямар хөтөлбөрүүд байдаг талаар товчхон бидэнд мэдээлэл өгөөч.

UGRAD гэдэг нь бакалавртаа сурч байгаа оюутнуудыг АНУ-д оюутан солилцоогоор явуулдаг хөтөлбөр байгаа. Харин Фулбрайтын хувьд магистрын зэргээ хамгаалахыг хүсэж байгаа залуусыг АНУ-д 100% -ийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог тодорхой хэмжээний шалгууруудтай хөтөлбөр юм. Энэ хоёр тэтгэлгийн аль алинд нь ярилцлагын шатаа давчих юм бол TOEFL юм уу GMAT-ын шалгалт өгөхөд зардлыг нь хөтөлбөрөөс даадаг. Өөрөө өөрийгөө хэр хэмжээнд дайчилж чадна түүнийхээ хэмжээнд энэ тэтгэлгүүдийг авж чадна гэсэн үг.   

Global UGRAD хөтөлбөрт суралцаж байх хугацаанд тань тохиолдож байсан хамгийн сайхан дурсамжаа болон хэцүү сорилттой үеэ бидэнтэй хуваалцаач. 

Флоридад байхад хамгийн тод дурсамж гэвэл яахын аргагүй тэр матартай дурсамж байсан. Оны төгсөлд аварга том матар замыг хөндлөн хаачихсан байсныг харж байсан нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж байсан. Бас нэг мартагдахааргүй дурсамж гэвэл бусад улсаас ирсэн оюутнуудтай workshop-д оролцдог байх үед Латин Америкийн оюутнуудтай хамт оролцохоор явж байсан юм байна. Тэнд тодорхой хэмжээгээр Монгол орноо сурталчлах танилцуулах даалгавар ирж байсан. Тийм даалгавар ирэхийг мэдэж байсан учраас энд байхдаа монгол бүжиг бэлдээд явж байсан ч яг очоод мартчихсан. Латин Америкчуудын хувьд олуулаа байсан болохоор ч тэр үү их гоё бүрэн хэмжээний концерт үзүүлсэн. Тэр өдөр бас маш гоё дурсамжтай санагддаг. 

Харин Фулбрайт хөтөлбөрийн хувьд сайхан болон хүнд хэцүү дурсамжууд юу байсан бэ?

Фулбрайтын хувьд би өөрийгөө маш мундаг гэж бодоод очсон боловч үгүй л байсан юм билээ. Хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь биднийг баг болгож хувааж байсан. Тэр хуваах процесс нь өөрөө маш сонирхолтой. Яаж хуваасан гэхээр биднийг АНУ-д ирэхээс ч өмнө нэгэн сэтгэлзүйн нэлээн урт судалгаа авч байсан. Тэгээд очиход ахиад л нэг урт судалгаа авсан. Энэ судалгаануудын учир нь хэн нь хэнтэйгээ баг болоход илүү ойлголцолд хүрж чадах вэ гэдгийг тодорхойлохын тулд авсан судалгаа байсан. Баг болгон хуваасны дараа бүх зүйл дээр багаар нь өрсөлдүүлж байсан. Судалгаан дээр үндэслэн багт хувааж байгаа багуудаа хооронд нь яаж өрсөлдүүлж байгаа гээд тэр бүгд нь маш сонирхолтой байсан. Үнэхээр зохион байгуулалттай өндөр төвшний хөтөлбөр бөгөөд хэн хэнээсээ суралцаж мэдэж авах зүйлс маш их байсан.

АНУ-д суралцаад ирсэн нь таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Global UGRAD хөтөлбөрийн хувьд надад маш томоор нөлөөлсөн. Зүгээр л нэг банкны ажилтан төв оффис руу орно гэдэг бас нэг том өрсөлдөөн байдаг. Захирал маань тухайн үед миний материалыг хараад надаас англиар ярилцлага авч байсан. Хэрвээ би UGRAD хөтөлбөрт тэнцээгүй байсан бол магадгүй хичээн сайн англи хэлтэй байсан өөрийгөө илэрхийлж чадахгүй тэнцэхгүй байсан байх. Фулбрайтын хувьд ч гэсэн энэ хөтөлбөрийн ачаар Азийн хөгжлийн банкны төслүүд дээр ажиллаж байна. Эргээд Монголдоо гэлтгүй олон улсад ч гэсэн нэр хүндтэй байдаг. Монголд жишээ нь нэг даргын хүүхэд эсвэл нэг мөнгөтэй айлын хүүхэд нь боломжийн явдаг бол энэ хөтөлбөрт огт тийм зүйл байдаггүй маш шударга үнэн зөв ханддаг байгаа.

Өөрийн тань зүгээс манай уншигчдад мэргэжил сонголттой холбоотой ямар зөвлөгөө өгөх вэ?

Хэн нэгний нөлөөлөлд битгий автаарай. Зарим хүүхдүүдийг харж байхад өөрийгөө сонсолгүйгээр хүмүүсийг дагаад эсвэл хэн нэгний нөлөөнд автаж мэргэжлээ сонгодог. Өөрийнхөө юу хүсэж мөрөөдөж байгааг тодорхойлон тэр зүйлээрээ ирээдүйдээ хэр боломжийн амьдарч чадах вэ гэдгээ судалж үзэх хэрэгтэй. Ирээдүйд чи ээж аавынхаа эсвэл хэн нэгэн таньдаг хүний амьдралаар амьдрахгүй. Тэгэхээр хүн өөрөө хүсэх, хүсэхгүй хоёрын хооронд маш том ялгаа байгаа. Банк гэхэд л дотроо маш олон салбартай. Тэр бүхнийг судалсны үндсэн дээр мэргэжлээ сонгох хэрэгтэй. 

Монголын боловсролын систем болон АНУ-ын боловсролын систем юугаараа ялгаатай байсан вэ? 

Гол ялгаа нь практиктай нь уядаг тэр системийг Монголд хэрэгжүүлээсэй гэж бодсон. Яагаад гэвэл бид онолыг номоос зөндөө л сурна бодит амьдрал дээр уншиж судалсан зүйлээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь маш чухал байдаг. Бас нэг зүйл гэвэл гадаадад хуулна гэсэн ойлголт огт байдаггүй. Хуулаад баригдсан тохиолдолд маш хатуу шийтгэлтэй. Анхандаа би ч гэсэн хичээлээ ойлгохгүй шалгалтаа муу өгөх үе гарч байсан. Хичээсний эцэст би багшаасаа хамгийн өндөр ахицтай сурсан сурагч бол чи шүү гэх урмын үгийг авч чадсан. Хэрвээ би ямар нэгэн хялбар арга зам хайсан бол хэзээ ч өөрөө өөрийгөө өөрчилж чадахгүй байх байсан. 

АНУ-д суралцаж байх хугацаандаа оюутны хотхондоо амьдарч байсан уу? 

Бакалавртаа би оюутны байранд амьдарч байсан. Харин магистртаа оюутны байрандаа амьдрахгүй гэж бодсон. Яагаад гэхээр Флоридад анх оюутны байрандаа амьдарч байхад хооллох эрхтэй карт өгдөг. Тэгээд оюутны байранд байх юм бол хүссэнээрээ идэх юм байна гэж бодсон. Кампусаас гадуур амьдрахын тулд өөрөө байраа олж судлах шаардлагатай. Миний анхны амьдарч байсан байр маш хүйтэн байсан болохоор хэцүү байсан. Оюутны хотхонд мэдээж давуу тал ихтэй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чадаж байсан. Магистрын хувьд ихэнх цагуудаа номын сан эсвэл гэрийн даалгавар хийхэд зориулагдсан жижигхэн бүхээгт өнгөрөөж байсан. Жирийн магистрын хөтөлбөрт 38-48 кредитээр төгсгөдөг бол манайх 61 кредит. Тэгэхээр маш олон хичээлтэй, хичээл болгонд тодорхой хэмжээгээр багаар ажиллах шаардлагатай учраас маш завгүй өнгөрдөг байсан. 

Англи хэл хэрхэн сурсан бэ? Хэл сурч буй хүмүүст ямар зөвлөгөөг өгөх вэ? 

Анх хэл сурч байхдаа би маш их шоолуулдаг байсан. Хэлийг яг хэрэглэж байж л сурдаг болохоор алдаатай ч гэсэн хамаагүй заавал англиар ярихыг хичээдэг байсан учраас шоолуулдаг байсан байх. Үг дүрмээ маш сайн цээжлээд хүний хэлснийг ойлгодог болсон ч эргээд чи өөрийгөө илэрхийлэхийн тулд маш сайн ярьж бичиж чаддаг байх хэрэгтэй. Алдахгүйгээр сурна гэж байдаггүй болохоор битгий ичээрэй. Төрөлх хэл чинь биш учраас өөрийгөө улам илүү дайчлан алдаанаасаа суралцдаг байгаарай. Их биш хэт бага биш тогтмол өдөр болгон тархиндаа оруулж байх хэрэгтэй. Хүний тархи ямар нэгэн мэдээллийг хүлээж авлаа гэхэд тодорхой хувийг нь өөртөө шингээн авдаг. Байнга тогтмол гэхдээ тунг нь таалуулж байгаарай гэж зөвлөмөөр байна. 

Таны сурч байсан сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй байсан бэ? 

Үнэхээр гадна орчноос нь авхуулаад л ээлтэй байсан. Анх зам гарах гээд зогсож байхад нэг товчлуур байсан. Тэгээд юу юм болоо гээд дартал тэр нь дохио өгдөг тэр нь хараагүй иргэдэд зам гарахад нь зориулагдсан дохио байсан. Тэргэнцэртэй иргэдийн хувьд ч гэсэн зорчиход ямар ч асуудалгүй. Сургууль руугаа ороход хүртэл товчлуур дараад л хаалга нь нээгддэг. Аль аль нь л эрх тэгш хүртээмжтэй байдал дээрээ маш анхаарч ажиллаж байсан. Хараагүй оюутнуудаасаа тусгайлан аман шалгалт хүртэл авч байсан нь надад үнэхээр таалагдсан. 

АНУ-д суралцах хүсэлтэй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

Тууштай байгаарай гэж зөвлөмөөр байна. Дандаа дардан амархан байхгүй болохоор битгий шантраарай. Тодорхой хэмжээнд байнгын сорилтуудтай тулгардаг тэр асуудлыг давж гарахын тулд сэтгэл зүйгээ ч гэсэн тогтвортой байлгаарай. Миний бодлоор чи эцсийн цэгээ АНУ-д очих гэж битгий хараарай.

Урилгыг хүлээж авч бидэнд үнэ цэнтэй зөвлөгөө өгч өөрийн туршлагаас хуваалцсан танд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. 

Та бүхэнд ч гэсэн баярлалаа.



Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.