Alumni stories

Д.Жаргалсайхан "UNIVERSITY OF DENVER" -ийн төгсөгч

Бидний урилгыг хүлээн авч манай подкастанд оролцож байгаад баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлье.

Сайн байцгаана уу. MASA-ны түүхийг өгүүлэхэд эхлээд Америкийн төрийн тэтгэлгээр сурсан хүмүүсийн холбоо нэртэйгээр анх байгуулагдсан. Дараа нь Америкт төгссөн хүн болгоныг хамруулж өргөтгөсөн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан юм. Гадаад оронд сурч, ажиллаж амьдарна гэдэг нь тухайн улсынхаа соёлыг тээгч нь болдог. Тэдгээр хүмүүс үзэл санааны хувьд нэгдэн нийлж том хамт олон бий болсон. Би Денвер их сургуулийн харьяа Даниел бизнесийн сургуульд 2 жил суралцаж мастер хамгаалсан. Энэ сургуульд засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж бүрдсэн юм. Үүнийг ярьж байгаа шалтгаан нь тэтгэлэггүйгээр Америкт суралцана гэдэг хэцүү л дээ. Давхар ажил хийсэн ч төлбөрийн хувьд хэцүү. Мөн хичээл ихтэй учраас ажиллах боломж ховорхон.

Таны суралцаж байсан Денверийн их сургууль юугаараа онцлог байсан бэ?

Манай сургууль бол тодорхой мэргэжил хичээлүүдээр эхний 10-т ордог шилдэг сургуулиудын нэг нь. Би санхүүгийн модель бүтээдэг хэсэгт нь байсан. Мөн “Oracle” дээр программ зохиох ажил хийж байсан. Энэ сургуулийн төгсөгчид Колорадо муждаа томоохон компаниудад ажилладаг юм билээ.

Яагаад Америк орныг сонгож суралцах болсон бэ?

Миний амьдралын тал нь капиталист системд хагас нь социалист системд өнгөрсөн байгаа юм. Социалист систем яагаад нуран унасан Бэ гэвэл хувийн өмч гэж байхгүйгээр бүхнийг төрийн мэдэлд авсан явдал юм. Төрийн гэдэг нэрийн дор хуурамч төлөөллийн засаглалыг бий болгоод түүнийг нь хэдхэн хүн захиран зарцуулдаг байх жишээтэй. Хүн өөрөө өөрийнхөө өмчийг л сайн авч явдаг. Харин социализм улс төрөөр хамгаалагдаж байгаад удалгүй задран унасан. Зах зээлийн зарчмыг ойлгох хэрэгтэйгээ мэдсэн. Тийм ч учраас сурахаар шийдээд явсан.  

Америкт очсоны дараа таны хувьд ямар сайхан дурсамжууд үлдсэн бэ?

Би 1986-1990 онд олон улсын оюутны холбоонд Монголын оюутнуудыг төлөөлж Чех улсын Праг хотод суух ажил хийж байсан юм. Олон орноор явж ажилласан л даа. Би 1991 онд АНУ-д анх очсон. Удалгүй Оклахома мужийн газрын тосны компанид бараг 4 сарын хугацаатай сурангаа ажиллах боломж гарч анх удаа АНУ-ыг зорьж байлаа.

Социалист нийгмийн үед хэл сурна гэдэг нь хэр зэрэг хүндрэлтэй байсан вэ? Мөн одоо хэл сурч байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?

Эртхэн л сурсан нь дээр. Би англи хэлийг Орос улсад оюутан байхдаа 19 настайдаа сурсан. Пянз тавиад сурдаг байлаа. Тасралтгүй ажилладаг байсан юм. Жил хагасын дараа жуулчны компанид орчуулга хийх болсон юм. Америкчууд болон бусад гадаад хүмүүст орчуулга хийж байсан учраас хэл сурах боломж өндөр байсан. Зуны амралтаараа Монголд ирж орчуулга хийдэг байсан юм. Тухайн үед Англи хэлийг сурах ёстой гэдэг гүн бат ойлголттой болчихсон байсан үе л дээ. Хүн бүрийг ямар нэгэн гадаад хэл сураарай гэж хэлмээр байна. Норвеги, Дани, Голланд зэрэг улс оронд Англи хэлийг албан ёсных гэж үзээд багаас нь заадаг юм шүү дээ. Англи хэл тийм онцгойдоо биш Англи хэл дээр дэлхийн бүх мэдээллийн сан байгаа учраас хэл нь шаардлага болчхоод байгаа юм. Үнэхээр чи хүсэж байвал англи хэлийг сурах тийм ч хэцүү биш. Гол нь чи үнэхээр сурахыг хүсэж байна уу гэдэгт л байна. Хэцүү үе байлгүй яах вэ мэдээжийн хэрэг. Нэг өдрийн дотор хэдэн зуун хуудас унших хэрэг гарна. Англи хэлэндээ сайн байсан ч амаргүй даваа олон байсан, тухайн үед. Энэ хичээл ийм зүйлийн тухай байж мэднэ гэсэн нэг бодол, нөгөөтээгүүр биш бол ийм зүйлийн тухай байна гэдэг гол санааг олж авах их чухал. Цагийн зохион байгуулалт маш сайн байхыг шаарддаг. Хүн бүхнийг амжуулж сурдаг юм билээ. Бүх зүйл төлөвлөгөөтэй цэгцтэй, тодорхой дараалалтай байж чадвал их зүйлийг амжуулж болдог.

Цагийн зохион байгуулалтын тал дээр та залуучууддаа юу гэж зөвлөх вэ?

Зорилгоо зөв тодорхойлох, алсын хараатай байх гэдэг их чухал санагддаг юм. Зорилгодоо нийцсэн сайн төлөвлөгөө, түүндээ зориулах чанартай цаг байгаад түүнийхээ төлөө тууштай байж чадвал чи чадна. Өөрийгөө удирдаж сурах, шаардлага тавих зэрэг нь бас нөлөөлнө. Би эх орондоо хайртай гээд зүгээр нэг хэлэх биш аливаа зүйлд агуулгатай, дотортой хандах нь зөв болов уу гэж хэлмээр байна. Чи эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэдэг нь л чухал шүү дээ.

Манай подкастын ахлах ангийн сонсогч нарт өөрийнхөө амжилтын замыг төлөвлөх тал дээр нь юу гэж зөвлөх вэ?

Гал халуун эрмэлзэл хэмээх нэртэйгээр Монгол хэлнээ гарсан номыг уншаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.  Дараагийнх нь юу вэ гэвэл би амьдралыг кино гэж боддог юм. Киног олон давтан үзэж болдог бол амьдралыг ганц ангитай кино гэж бодоод бүх зүйл чиний гарт байгаа гэвэл ямар кино хийх үү, гол дүр нь байх уу туслах дүр нь байх уу гэдгээ та шийднэ.

Америкт сурсан нь танд хэрхэн нөлөөлсөн гэж та боддог вэ?

Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ноогдох ДНБ яагаад тийм өндөр байдаг юм бол гэсэн асуулт надад байсан юм. Шалтгаан нь тухайн улсын хүн амын хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байгаа юм. Хөдөлмөрийн бүтээмж өндөр байхыг компаниуд чөлөөт өрсөлдөөнөөр уралдаж бий болгодог. Үүнийг ойлгох хэрэгтэй. Бүх салбарт өрсөлдөөн байгаа, байх ч ёстой. Ингэж байж хүмүүс шинийг санаачилдаг. Хүн төрөлхтний хөгжлийн түүх ерөөсөө л энэ юм байна лээ.

Таныг Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны тэргүүн байх үед үйл ажиллагааны чиглэл нь ямар байсан вэ?

Өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн нэг том хүчин зүйл нь хүнд туслах буюу өгөх хандлага юм. Эхлээд хүнд өгч байж дараа нь авах тухай яригдах нь зүйтэй юм гэж үздэг. Бидний зорилго бол энэ соёлыг Монголдоо нэвтрүүлэх, алдаа оноо, ололт амжилтаа залуустайгаа хуваалцах, өрсөлдөх чадвартай залуу үеийг бий болгоход оршиж байгаа юм. “Бид чадна” гэдэг веб сайт байгуулаад хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн дунд судалгаа явуулаад, тухайн хүмүүсийн хүрээлэн буй орчинд нь ойр, тэднийг ажилд авах боломжтой газар байгаа эсэхийг судалж байсан юм. Мөн боломжтой бол тусгай зориулалтын автобус гаргаад хотыг хоёр тийшээ тойрог байдлаар явуулах буюу эдгээр хүмүүст хөдлөх эрх чөлөөг нь өгөх гэсэн чиглэлтэй ажлууд эхэлж байсан. Тухайн үед баг болоод ажиллаж байсан залуучууд, ялангуяа хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс нийгэмд өөрсдийн оролцоог бий болгоод явж байгааг харах сайхан байдаг юм.

MASA-г удирдаж байсан хүний хувьд цаашдаа ямар чиглэлээр юу, юу хийгээсэй гэж боддог вэ?

Америкт төгссөн бүх хүмүүс мэддэг, түүгээр зогсохгүй гишүүн нь болоосой гэж хүсдэг юм. Дараагийн хоёр жил юм уу эсвэл жил бүр бид томоохон арга хэмжээ зохиомоор байгаа юм. Тэр арга хэмжээгээр дамжуулаад сан босгоод, тэр сангаараа нийгмийг өөрчлөхөөр хичээж буй залуусын төслийг сонгон шалгаруулаад дэмждэг сан болоосой гэж боддог юм.

Манай улсын хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа гэж боддог вэ? Үүнийг дагаад залуучуудыг ямар чадвараа илүү хөгжүүлээсэй гэж боддог вэ?

Одоо Монгол улс хамгийн зөв бас амаргүй замаар явж байна гэж би харж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм гэдэг маш том боломж, давуу тал болох юм.

Америкт суралцахаар төлөвлөж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?

Тодорхой зорилготой түүнийхээ төлөө явах зоригтой байгаарай гэж хэлэх байна. Хорвоогийн хаана байлаа ч чамаас ямар нэг зүйлээрээ давуу хүн үргэлж байдаг гэдгийг санаж даруу бөгөөд тууштай байж чадвал залуу насны хүчээр чи юунд ч хүрч, хэн ч болж болно гэж нэмж хэлье.

Үнэ цэнтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Манай өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзталаа баяртай.



Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA