Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдрийн манай зочноор Энхцацарал уригдаж хүрэлцэн ирээд байна. Та өөрийгөө бидэнд танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Энхцацрал гэдэг, Би 2007 онд МУ-ын эдийн засгийн санхүүгийн менежмент гэсэн мэргэжлээр сурч төгссөн. Төгссөнийхөө дараа үүрэн телефоны Мобиком корпорацид ороод тэндээ 11 н жил ажилласан байгаа. Эхлээд шинэ бизнесийн албанд ажилд ороод, цаг хугацааны явцад тушаал ахиад ахлах менежер болоод хамгийн сүүлд би 2018 онд төлөвлөлтийн албаны захирал гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаад магистрын зэргээ хийхээр АНУ-ын Бостоны хотыг зорьсон юм. Тэндээсээ төгсөж Монголдоо буцаж ирээд одоогоор Мьянмар улсад үндэстэн дамнасан крапрацид санхүүгийнхээ чиглэлээр ажиллаж байна.
Суралцсан тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар бидэнд дэлгэрэнгүй хуваалцаач
Hubert Humphrey гэдэг их гоё тэтгэлэгт хөтөлбөрөөр сураад ирсэн. Би анхнаасаа Монголдоо их сургуулиа төгссөн учраас дараа нь гадаад руу явж сурна гэсэн тийм хүсэлтэй яваад байсан. Гадаад руу явж сурах юм бол карьерын хувьд ч тэр, хөгжил дэвшлийн хувьд ч тэр дараагийн төвшинд очих юм байна гэж бодсон. Тэгэхээр заавал гадаад явж сурна, сурах сурахдаа хаана сурах вэ гэдгээ их төлөвлөж байсан. Ямартай ч ангиллаар ярьдаг улсад очиж сурна. Хамгийн түрүүнд АНУ, Австрали Англи, тэгээд дөрөвт нь Канад гээд тодорхой хэмжээний зорилт тавьчихсан юм. Би зүгээр нэг мөрөөдөөд яваагүй, гол нь үйлдэл болгохыг зорьсон. 2015 оноос эхлээд бэлдэж эхэлсэн.
Мэдээж том сургууль руу явна, гэтэл тухайн үед надад санхүүгийн нөөц бололцоо байгаагүй учраас би ямар ч байсан тэтгэлэг авна л гэсэн зорилготой байсан юм. Эхний шалгуур нь мэдээж англи хэл, оноогоо гайгүй авах ёстой байсан. Тэгээд л 15 оноос эхлээд ажлын байрандаа л гадаад ажилтантай ярилцаад, өөрийнхөө хэмжээний англи хэлийг бий болгочихсон болохоос биш, яг хангалттай хэмжээний хэлний төвшин байгаагүй. Би шалгалт өгөхдөө эхний хэдэн удаа маш хангалтгүй оноо авсан болохоор ерөнхий төвшнөө ахиулах хэрэгтэй гэсний үүднээс англи хэлний курсэд явсан юм. Тэгж зорилго тавиад ирэхээр өдөр бүр өөртөө шаардлагатайгаар, өөрийн нэг хэсэг болгоод илүү үр дүнгээ сурч эхэлсэн юм.
Стандарт шалгалтуудаас гадна өөр ямар ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
Анх би хэлний оноотой байхад л бүх юм болчих юм шиг бодсон. Тэгсэн чинь тэр зөвхөн эхлэл нь байсан байна лээ. Би өөрийнхөө байр сууринаас биш, нөгөө газрууд ямар хүнд тэтгэлэг өгөх гээд байгаа вэ гэдэг байр сууринаас харж бэлдсэн юм. Тэгэхээр их тодорхой болоод ирдэг юм байна лээ. Миний ойлгосноор тэд мэргэжлийн хувьд ахиж дэвших, өөрийгөө сориод, ямар ч нөхцөл байдалд дасан зохицож манлайлдаг тийм чадварыг хүнээс харахыг хүсдэг. Нөгөө талдаа нийгмийн идэвхтэй, тэр нь нийгмийн асуудалд хэр их санаа тавьдаг юм байна. Хэр их ойлгодог юм байна. Тэгээд өөрийнхөө хэмжээнд түүнд тусалж, хандах чин хүсэл хэр байгаа юм бэ? гэдгийг нь хараад байгаа байхгүй юу. Тухайн хүнийхээ хандлагыг нь илүү харж байгаа гэсэн үг юм.
Миний хувьд бүх шатандаа их сайн бэлдэж чадсан. Ганцхан эсээ гэхгүй. Ярилцлагын шатанд миний ойлгосноор аппликэйшин дээр байгаа хүн, амьдрал дээрээ ямар хүн бэ гэдгийг хардаг. Энэ хоёр дээр байгаа хүн нь яг таарвал итгэл үнэмшил төрөөд дараагийн шатанд оруулдаг юм шиг санагдсан. Би ярилцлагын өмнө өөрийнхөө хэмжээнд судалчихсан байсан юм. Хэд орчим хүмүүс байх бол, хэдэн асуулт асуух бол, ямар чиглэлийн асуулт асуух бол, би бүүр нэг бүрчлэн асуугдаж магадгүй асуултуудыг бэлдээд, өмнө нь явсан хүмүүсийн туршлагаас харж интернетээс боломжит асуултуудыг нь бүгдийг нь жагсаагаад түүндээ хариулж бичсэн юм. Тэгээд бас өөрийн чинь бичсэн эсээ дотроос чинь асууна, тэгэхээр би юу бичлээ гэж бодохгүйгээр шууд л хариулах хэрэгтэй. Дээрээ нь би ярилцлага авч байгаа хүмүүсийн зүгээс харж бэлдэхийг хичээсэн. Хэн нэгэнд нь миний талаар онцгой сэтгэгдэл үлдсэн байж намайг дараа нь санан ш дээ. Тэгэхгүй зүгээр л нэг хүн орж ирээд ярьсан, юу ярилаа гээд санахгүй. Энхцацрал гээд охин байсан. Тэр нээрээ тийм юм ярьж байсан, гээд нэг сэтгэгдэл төрүүлэх час хийсэн юм аль ч шатанд нь байх ёстой юм шиг надад санагдсан.
Америкийн яг хаана очоод, ямар сургуульд, ямар мэргэжлээр төгсөөд ирэв?
Би АНУ-ын Бостоны хотод байрладаг Бостоны Их Сургуулийн “Бизнес аналитик” гэдэг чиглэлээр магистраа хийгээд ирсэн. Бостоны Их Сургууль маань их гоё л доо. Би өөрийгөө их азтай гэж боддог. Hubert H.Humphrey тэтгэлгээр яг хаана очихоо өөрөө шийддэггүй юм. Жишээ нь хоёр жилийн магистр Fulbright тэтгэлэг нь сургуулиа, аль мужид байхаа тодорхой хэмжээгээр өөрөө шийддэг бол Hubert Humphrey арай өөр, сурах чиглэлээс шалтгаалаад сургуулиуд нь цаанаасаа хувиарлачихдаг юм. Жишээлбэл миний өмнөх сурсан чиглэл санхүү эдийн засаг байсан учраас Бостоны их сургууль тэр чиглэлийн хүмүүсийг хүлээж авч, кампус дээрээ байрлуулж тэр хөтөлбөрийг явуулж байсан. Жил бүр өөрчлөгддөг юм байна лээ. Хамгийн сүүлд харснаар 14 нь тийм Host Институц байсан. Тэр 14 нь өөр чиглэлээр candidate хүлээж авч Host хийдэг гэсэн үг.
Миний хувьд МУ-ын эдийн засгийг санхүүгээр төгсөөд яг тэр чиглэлээр 11 н жил ажиллачихсан байсан. Хажуугаар нь CFA гээд санхүүгийн шинжээчийн олон улсын зэрэглэл байдаг. Ер нь энэ чиглэлдээ нэлээн чанга шалгалтад ордог юм. Тэр шалгалтыг онлайнаар 2016 оноос өгөөд эхэлсэн байгаа. Энэ нь өөрөө дотроо гурван шаттай, нэг шатыг нь нэг жил өгдөг. Тэгээд би тэр шалгалтыг өгч эхлээд, эхийн хоёр шатыг нь Бостонд очихдоо өгчихсөн байсан юм. Тэгээд угаасаа дуусах нь тодорхой, тэгэхээр би очоод магистраа ямар чиглэлээр хийх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Санхүү гээд л яваад байдаг, бакалавраа сурлаа. Ажил дээр бас ямар шаардлага хэрэгцээ гардаг юм гэдгийг ойлгочихлоо. За CFA дээрээс бол илүү хөрөнгийн зах зээл, анализ талдаа зүйлүүдээ сураад ойлгочихлоо. Тэгээд магистрт дахиад түүнийгээ сурахаар нэг чиглэлээр хэтэрхий их сураад байгаа юм шиг санагдаад. Тухайн үед байсан туршлагаа дээрээ үндэслээд юу нэмж болохоор байна. Одоо байгаа зүйл дээр илүү уялдаад, баяжуулаад миний үнэ цэнийг нэмж, ирээдүйн карьерт минь хэрэгтэй чиглэл юу байж болох уу гэж бодсон юм. Тэгээд бизнес аналитик гэдэг дээр тогтсон. Энэ нь ерөнхийдөө юу юм гэхээр дата анализ хийдэг гэсэн үг юм.
Төгсөөд ирлээ. Одоо хаана ажиллаж байгаа вэ?
Мьянмар гэдэг 60 аад сая хүн амтай улс бий. Зүүн өмнөд Азид байдаг, 5,6 н улстай хиллэдэг. Газар нугын хувьд ч гэсэн том. Намайг өмнө нь Мобикомд ажилладаг байхад Хөрөнгө оруулагчид маань Япон компани байсан юм. Тэд бас Мьянмарт очоод шинэ үүрэн холбооны компани байгуулаад, надад тэнд ажиллах санал тавиад, одоо яг нэг жил ажиллаж байна.
Монголд болон АНУ-д байхдаа нийгэмд чиглэсэн ямар ямар ажлуудад оролцож байв?
Тэтгэлэгт бэлдэж байхад шалгуурууд дээр байдаг юм. Тэгээд би өөртөө асуулт тавьсан. Нийгмийн идэвх тал дээрээ ямар байх юм. Ямар нэгэн хандивын ажилд оролцоод явах уу, эсвэл өөрөө компанит ажил өрнүүлээд явах юм уу. Тэгэхээр нийгмийн ямар ч асуудал дээр оролцоод явахдаа өөрийнхөө үнэт зүйлтэй холбох хэрэгтэй гэж харсан учраас өөрийнхөө хувьд сонирхдог чиглэл болох хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа хийдэг хэдэн газрууд дундаас “Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд” ТББ байгууллагад элсэж орж, програм хөтөлбөрт нь хамрагдаад явсан. Түүний ачаар би одоо ч гэсэн их гоё амьдралын найзуудтай болсон.
АНУ-д очсоны дараа сайн дурын ажил хийнэ гэдэг нь соёлынх нь нэг хэсэг юм байна лээ. Орон гэргүй хүмүүст туслах, хоол түгээдэг том төвүүд байдаг. Тэг ажилд хүмүүс дандаа сайн дураараа ажилладаг. Хүүхдийн хувцас ялгадаг том төв дээр очиж байсан. Тэр их гоё, Монголд хэрэгжүүлж болохоор санагдаж байсан. Бүх айлд хүүхэд нь хэрэглэхээ больсон хувцас ном, дэвтэр байдаг. Үүнийг нэг системтэйгээр цуглуулаад, ялгаж ангилаад тэнд нь сайн дурын ажилтан нь очиж , тэдэн насны эрэгтэй хүүхдийн хувцас байна гээд ялгачихдаг юм байна лээ. Бүгд шат дамжлагатай, нэг хэсэг нь ялгаж, дараа нь савлаад, дараа нь аль дүүрэгт хаана хүргэх үү гээд системтэй ажилладаг байсан. Бас Community College дээр очиж бид нар өөрсдийн туршлагаа хуваалцаж яриа хийж байсан. Нэг жилийн хугацаанд л миний үзсэн туршлагын хүрээнд АНУ-д тэр их хэмжээний сайн дурын ажлын цэгүүд олон байсан. Энэ нь АНУ-ын соёлынхон нэг хэсэг болчихсон зүйл байна гэж ойлгосон.
Hubert Humphrey тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүйг хүүхэд залууст мэдээлэл өгөөч.
За, Hubert Humphrey бол магистрын хөтөлбөрөөс арай өөр, зэргийн бус 10 сар үргэлжилдэг. Зорилтод бүлэг нь таваас дээш жил ажилласан туршлагатай, дунд шатны мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр юм. Тодорхой хэмжээний карьер хийгээд дараагийн шатанд гарахаар хувь хүний ур чадвар, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь тусалж өгөх зорилготой хөтөлбөр юм.
Надад бол маш их таалагдсан. Нэг сургууль дээр 10,15 оролцогч очдог. Тэгэхээр хүн нэг бүр ганцаарчилсан төлөвлөгөө гаргаад энэ хугацаанд яг юунд хүрмээр байгаа юм гээд хүн бүрд яг тэр хүссэн чиглэлээр нь зохицуулагч нар маань хүмүүстэй холбож өгдөг. Жишээ нь би тэр чиглэлээрээ Бостоны их сургуулиас хичээл авсан. Тэр чиглэлээрээ дадлага хийх боломжтой, их баялаг, богинохон хугацаанд маш их зүйлийг сурсан, их өөр өөр өнцгөөс юмыг харах боломжтой ийм хөтөлбөр байсан. Үүнээс гадна, долоо хоног бүр бид нар leadership програм хийдэг байсан. Оролцож байгаа хүмүүсээс саналыг нь асууж байгаад сэдвээ сонгоод, 10 өөр улсын 10 өөр хүний туршлагаа, түүхээс сураад networking, харилцаа холбоо талдаа их хөгжүүлж өгсөн давуу талтай үйл ажиллагаа болж байсан. Ийм үг ч байдаг юм байна ш дээ. “Хэр их сүлжээтэй байна, тэр хирээрээ үнэ цэнэтэй байна” гэдэг.
Мэргэжлээ сонгох тал дээр залууст хандаж та юу гэж хэлэх вэ?
Энэ нэлээн хэцүү асуулт байна. Ер нь хүүхдүүд ажил мэргэжлээ сонгохдоо их сайн судлах хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайн мэргэжлийнхээ яг хийж яваа хүмүүстэй уулзаад, яг юу хийдэг гэдгийг нь өөрөө ойлгоод авчих юм бол хэрэгтэй байхаа. Мэргэжил сонголт их чухал, ирээдүйн карьер ч чухал. Гэхдээ ирээдүйн хэдэн жилийг харахаар бид нэг мэргэжлээр сураад түүгээрээ насаараа амьдарна гэж байхгүй болж байгаа, цаг үе өөрчлөгдөж байгаа шүү дээ.
Залуустаа илүү тууштай байгаарай гэж уриалъя. Яагаад гэвэл бидэнд хэчнээн гоё санаа, хэчнээн гоё мөрөөдөл байгаад түүнийгээ ямар нэгэн үйлдэл болгохгүй, өдөр тутамдаа ажил хэрэг болгохгүй бол тэр нь мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ. Мөн төлөвлөгөөтэй өөрийгөө бэлдэх их чухал. Хэчнээн гоё төлөвлөгөө харчихсан байсан ч би хэзээ нэгэн цагт тэнд очно гээд байлгүй, түүндээ хүрэхийн тулд та ямар байх ёстой юм, юу хийх хэрэгтэй юм зэргийн хүрээнд бодох хэрэгтэй. Тэгэхээр ямх ямхаар урагшлаад, нэг дор их зүйл хийхгүй, бага зүйл ч хийхгүй, байнга тууштай хийх л хэрэгтэй байгаа юм даа.
Бидний урилгыг маань хүлээн авч өөрийн туршлагаа, бодол санаагаа хүүхэд залууст харамгүй хуваалцсан танд маш их баярлалаа. Таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү
Америкт суралцсан түүхээсээ илэн далангүй ярилцсаныг Энхцацралын подкастыг та бүхэн дараах холбоосоор орж бүрэн эхээр нь сонсоорой!
Itunes: https://cutt.ly/6gmbHKm
Anchor: https://bit.ly/3eNY4qz
Castbox: https://bit.ly/32y7mC0
Stitcher: https://cutt.ly/bgmbNE1