Манай энэ удаагийн зочноор Дашнямын Батхүү оролцож байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Та өөрийгөө бидэнд танилцуулаач?
Энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2014 онд Америкийн Нэгдсэн Улсын Баруун Вашингтоны Их Сургуулийг социологич мэргэжлээр сурч төгссөн. Түүнээс өмнө High school-ийн exchange program-аар АНУ-ын South Puget Sound Community College-д нэг жилийн хугацаанд суралцаад ирсэн билээ. Тэгээд 2015 онд Монголдоо ирээд Испанийн “Amadeus” гэдэг агаарын тээвэр, ticket захиалга, IT system хөгжүүлэлтийн компаний Монгол дахь төлөөлөгчийн газарт бизнес хөгжүүлэлт дээр нь ажиллаж байгаа.
Америк явахаасаа өмнө хаана сурч байсан бэ? Яагаад энэ социологич мэргэжлээр сурахаар шийдсэн вэ?
Яагаад энэ мэргэжлийг сонгосон гэвэл багаасаа л нийгэм ямар байдлаар явагддаг вэ, яагаад бид нарын хийдэг зүйлүүд хийгддэг юм бол гээд их бодож сонирхдог, судалдаг хүүхэд байсан. Тэгээд АНУ–д очоод сурч байх хугацаандаа сонирхлынхоо дагуу социологичийн шинжлэх ухаанд гүнзгийрүүлэн сурахаар шийдсэн.
Америкт сурахаар шийдэхэд хэн, юу хамгийн их нөлөөлсөн вэ?
Манай ээж анх CHSI Cultural Home Styles International хөтөлбөрт хамрагдсан байсан. Түүний Монгол дахь төлөөлөгчийн газрын мэдээллийг олж аваад надад санал тавьсан юм. Чи Америкийн соёлыг, англи хэлийг их сонирхдог, энэ чамд өөрийгөө сорих, сорилт байж болох юм. АНУ-д очоод Америк айлд амьдраад, дунд сургуульд яваад, хэлээ сайжруулаад ирэх боломж байна. Гол нь чи өөрөө сонирхож байна уу? гэсэн санал тавьсан. Манай ээж том зургаар нь харсан байх тэгээд л apply хийсэн. Сурагчид нь хүсэлт гаргахаар, нөгөө талаас нь харгалзагч гэр бүл нь өөрсдөө бас apply хийдэг. Тэгээд энэ хоёрын хоорондын огтлолцол дээрээс аль аль тал дээр нь саналууд орж ирдэг. Энэ хүүхдийг танайх hosteler хийх үү? Энэ айлд чи очих уу? Тэгээд Вашингтон мужийн Олимпиа хотод байдаг нэг айлд би сонгогдоод очсон. Тэд бол миний хоёр дахь Америк гэр бүл гэж би бол үздэг. Үнэхээр сайхан гэр бүлд очиж нэг жилийн хугацаанд High school буюу ахлах сургуульд сурсан юм.
FLEX program шиг сурагч солилцооны хөтөлбөр гэж ойлголоо тэгэхээр ахлах сургуульдаа сурсаны дараа Монголдоо ирээд буцаж явсан гэсэн үг үү?
Тийм, ирчихээд буцсан. Зуныхаа амралтаар ирсэн юм. Ер нь хүн нэг алхам хийчихвэл дараа дараагийн алхам нь гэрэлтэж харагддаг юм байна лээ. Тэр ч утгаараа ахлах сургуулиар явахдаа тухайн үедээ Америкийн их сургуульд буцаж ирж сурна гэж шийдсэн юм. Мэдээж хүсэл мөрөөдөл бол байсан. Хэрхэн сургуульдаа apply хийх үү? Аль сургуулийг сонгох уу? Санхүүгийн байдлаа яаж зохицуулалт хийх үү? гээд бүх зүйлүүд нь харагдаад, дараагийн алхам нь тодорхой болоод ирсэн. Тэгэхээр зун нь ирчхээд, коллеж уугаа apply хийгээд буцаад явсан.
Дараа нь коллежид орж сурахад юу бэлдсэн, ямар саад бэрхшээлийг давсан вэ?
Community College гэдэг маань өөрөө их сургуулийн эхний хоёр жилийн кредитүүдыг заадаг институтийг хэлдэг юм. Тухайн кредит цуглуулаад тохирсон их сургууль руу шилжиж орж болдог. Тэгснээрээ их сургуульд ороод шууд гурав дахь жилээсээ суралцаад явж болно гэсэн үг юм. Тодорхой хэмжээний хэлний TOEFL-ын шалгуур тавьдаг. Миний хувьд харьцангуй гайгүй байсан. Тухайн муждаа би өөрөө коллежид өргөдөл гаргасан байсан тул анкет бөглөөд хүсэлт гаргахад шууд авсан юм. High school-ын хүрээндээ манай мужийн High school-ыг төгссөн оюутан байна, тийм учраас шууд орж болно гээд авч байсан хэрэг. Тэгээд коллежоо хоёр жил сурч төгсөөд Вашингтон мужийн баруун Вашингтоны их сургууль руу шилжиж ороод гурав дахь жилээсээ сурсан.
Америк анх явахаасаа өмнө англи хэл хэр сурсан вэ?
Арван жилдээ англи хэлийг сурч байсан. Цэцэрлэгт байхдаа ч сурч байсан. Гэвч үнэнийг хэлэхэд миний англи хэл сайн байсан гэж би хэлэхгүй. Гэхдээ хүн орчинд нь очоод англи хэлийг сурвал чих онгойгоод, их амархан сурдаг юм байна лээ. High school-дээ очоод орчинд нь байхаар маш хурдан сурсан юм. Шалгалтын хувьд миний санаж байгаагаар англи хэл дээрээ онцгой сайн өгөөгүй. Харин математик, байгалийн шинжлэх ухаан дээрээ гайгүй оноотой өгч байсан.
АНУ-ын коллежид элсээд орчихлоо. Санхүүжилтэй хэрхэн шийдэж байсан вэ?
Хамгийн түрүүн манай гэр бүлийн дэмжлэг байсан. Тэгээд бас надад тэтгэлэг хожих, сургуулийнхаа оюутны зөвлөлд ажиллах боломж бас гарч ирсэн. Оюутны зөвлөлд ажиллах, дотуур байранд ажиллах, гал тогоонд юм уу, номын дэлгүүрт ажиллах, мөн кампус дотроо гэх мэт олон сонголт байдаг. Миний хувьд бас оюутны зөвлөлд ажилласан. Оюутны зөвлөлд ажиллахаар давуу тал нь дотуур байранд амьдрах эрх өгдөг. Хоолыг нь бас даадаг байсан. Коллеж доо мөн адилхан “camdus active support” гээд тухайн кампусдаа болж байгаа бүх үйл ажиллагаанд идэвхтэй зохион байгуулалтад нь оролцож хагас цагаар буюу долоо хоногийн 20 цаг ч цалинтай ажиллаж байсан. Тэр нь сургалтын төлбөрт маань ч гэсэн нэмэртэй байдаг байсан.
АНУ-д сурахад тэтгэлэг авах боломж хэр их байдаг вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч?
За их сайхан асуулт байна. Би хоёр төрлийн тэтгэлэг хожиж байсан юм. Дараа нь ер нь яагаад би тэтгэлэг авсан гэдгээ сайн ойлгосон. Оюутны зөвлөлд ажиллаж байхад тэтгэлэг өгдөг комисст орж ажилласан. Бидэнд тэтгэлэг авсан гэхээр онц сурдаг, ийм мундаг хүнд л өгдөг гэдэг ойлголт байдаг. Мэдээж тэр нөлөөлдөг. Гэхдээ хамгийн их нөлөөлдөг зүйл бол та нар тэтгэлгийн эсээнүүдийг уншихдаа, өргөдөл гаргагчдыг дүгнэхдээ эргээд энэ хүн манай сургуулийг төгсөөд, манай сургуулийн нэр хүндийг хэр зэрэг гаргах хүн вэ? Эргээд сургуульдаа хэрхэн хувь нэмрээ оруулах уу? гэдэг талаас нь хараарай гэж бидэнд хэлж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хүн тухайн тэтгэлэгт apply хийхдээ нэн ялангуяа Harvard, Princeton, MIT гэх мэт том сургуулиуд хамгийн их хардаг зүйл нь манай сургуулийг энэ хүн төгсөөд нэр хүндийг маань хэр их гаргах вэ? гэдэг шалгуурыг хардаг юм байна лээ шүү. Тэгэхээр тэр талаас нь та өөрийнхөө эсээн дээрээ бичиж харуулах хэрэгтэй. Ганцхан таны сурах чин хүсэл эрмэлзэл, сургалтын амжилт, нийгмийн идэвхитэй байх шалгуур үзүүлэлт байхаас гадна ирээдүйд хийхийг хүсэж буй ажил, төлөвлөгөөгөө, зорилго нь сургуулийнхаа нэр хүндийг хэрхэн гаргаж чадахтайгаа холбож өгч харуулбал тэр нь өөрөө нөгөө шалгуурын нэг юм. Ингэснээр тэтгэлэг хожиход илүү нөлөө үзүүлэх болно. Үүнийг бас хүмүүс сайн мэддэггүй юм байна лээ. Би өөрөө тэтгэлгийн шалгах комисст ажиллаж байсан учраас ийм чиглэл байдаг гэдгийг нь мэдсэн юм.
Хоёр дахь зүйл нь бараг 48%-ын тэтгэлгүүдэд хүмүүс өргөдлөө явуулахгүйгээр хаагддаг. Үгүй бол хугацаа нь сунгагддаг. Тэгэхээр АНУ маш их тэтгэлэгийн боломжийг санал болгодог. Зөвхөн нэг сургуульд нь хэдэн зуугаар тэтгэлэг зарлагддаг. Жишээ нь би өөрөө Гольф тоглодоггүй хэрнээ Гольфийн клубээс нь тэтгэлэг авч байсан юм. Янз янзын чиглэлийн маш олон төрлийн тэтгэлэгүүд байдаг. Ихэнх нь оюутнууд хүсэлт гаргахгүй орхигдоод хаагддаг. Залууст маш их боломж байгаа шүү. Тэдгээр тэтгэлэгт бүгд руу нь хүсэлт гаргаж apply хийх хэрэгтэй. Сонголтууд бол их байгаа.
Тэгэхээр одоо АНУ-д суралцаж байх үеийн онцгой дурсамжаасаа хуваалцаач?
Хамгийн сайхан зүйл гэвэл би Монгол хүн гээд хэлэхээр манай Чингис хаанаар, тал нутгаар, мориор төсөөлдөг. Түүний дараа нь энэ хүн хэн вэ? гэдэг тараас нь хардаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ер нь хаана ч очсон чи Монгол гэдэг улсын амбан сайд, бие төлөөлөгч гэдэг хэмжээний хариуцлагатай гэсэн үг юм. Тэр хэмжээний ойлголтыг хүмүүст тарааж явдаг гэдэг нь өөрөө бахархууштай сайхан зүйл. Миний хувьд энэ нь надад бол сайхан байсан, хүссэн хүсээгүй уулзсан анхны Монгол хүн нь би байдаг ч юм уу? Эсвэл Монголын талаар авч байгаа мэдээлэл нь зөвхөн надаар дамжуулж авч байдаг. Тэр утгаараа үргэлж би Монгол улсын төлөөлөгч гэж үздэг байсан. Ганц би ч биш, манай найзууд тэгж бодож явдаг байхаа гэж хардаг. Тэр хэмжээгээрээ ч бид нар улсынхаа нэр хүндийг амжилттай авч яваа гэж боддог.
АНУ-д сурсан боловсролын систем нь танд хэрхэн нөлөөлсөн вэ?
АНУ–ын боловсролын системд та ямар ч мэргэжлийг сонгосон бай нэг зүйлийг маш сайн заадаг. Тэр нь шүүмжлэгч сэтгэлгээ юм. Аль ч төвшний сургууль адилхан та мэдээллийг ямар их сурвалжтай, үнэн бодит мэдээлэл үү? Эх сурвалж нь хаанаас юм вэ? Гэдэг талаас нь харж логикоор бодоод, баримтад тулгуурлаж ийм зүйл байж болох уу? Эсвэл хэн нэгэн хүний ашиг сонирхлын төлөө зүйл байна уу? Хэн ер нь хожиж байна гэж харж дүн шинжилгээ хийх арга барил юм. Нэг төрлийн чадвар юм даа. Эсээ бичих загвар нь өөрөө шүүмжлэгч сэтгэлгээ гэдэг ухагдахуун байгаа юм. Баримт дээр тулгуурлаад, логикоор бодоод, дүгнэлт хийж чаддаг хүмүүсээр АНУ-ыг үүсгэн байгуулна гэсэн улсынхаа бодлого байна л даа. Та ямар шашинтай, ямар хүн байсан гэсэн ийм биеэ даасан, бодох чадвартай иргэдийг бид нар бүтээе гэдэг тэдний боловсролын системийн зорилго байгаад байгаа юм. АНУ-д сурсан минь жилүүдэд энэ чадварыг надад эзэмшүүлснээрээ нөлөөлсөн, давуу тал минь байхаа гэж харж байна.
За баярлалаа. Сайхан ярилцлага өрнүүлсэн таны ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Та бүхэн Д. Батхүүгийн ярилцлагыг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж сонсоорой.
Stitcher энд дарна уу.
SoundCloud энд дарна уу.
Anchor энд дарна уу.
Itunes энд дарна уу.
Castbox энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл