Alumni stories

Б.Тэнгэр: "Gannon University"-ийн төгсөгч

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигчид аа. Энэ удаагийн маань зочноор Америкийн нэгдсэн улсын Gannon university-ийг бакалавр болон магистраар суралцаж төгссөн Тэнгэр оролцож байна.

Энэ удаагийн подкастдаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Батжаргал овогтой Тэнгэр гэдэг. 2015 оноос хойш нийт 6 жилийн хугацаанд Gannon дээд сургуульд бакалавр болон магистраар амжилттай суралцаж төгссөн. Бакалавраа “Цахилгааны инженер” мэргэжлээр, магистртаа “Программ хангамжийн инженер” мэргэжлээр суралцаад төгссөн байгаа.

Магистраар суралцахаасаа өмнө хаана суралцаж байсан бэ? Одоо юу хийж байгаа вэ?

Америкт суралцахын өмнө 2013 онд 39 дүгээр сургууль гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байдаг сургуулийг төгссөн. 2013-2015 оны хугацаанд ерөнхийдөө Англи хэл сураад, хуучнаар боловсролын зөвлөгөөн мэдээллийн санд байхдаа Access хөтөлбөрийг төгссөн. Дараа нь USAP хөтөлбөрт яваад, 2014 оны намар АНУ-ын сургуулиуд руу өргөдлөө гаргаад 2015 онд энд сурж эхэлсэн байгаа. 2021 оны 5 сард төгссөн. Төгсөөд шууд Pennsylvania мужийн Petersburg хотод робот зохион бүтээдэг компанид төхөөрөмжийн системийн инженерээр урилга авч бүтэн цагийн ажилд орсон. Одоо хүртэл тухайн компанид ажиллаж байгаа.

Сурч байсан муж нь ямар муж байсан бэ? Сурч байсан газрынхаа талаар мэдээлэл өгөөч.

Pennsylvania муж бол Америкийн зүүн хойд эрэгтэй дөхүү. Хиллэдэг мужуудын хувьд Ohio, New York, урд талаараа West Virginia, зүүн талаараа New Jersey. Манай хот уур амьсгалын хувьд Монголтой нэлээн төстэй байсан. 4 улиралтай тэгээд цас маш их ордог, зузаан цастай. Ерөнхийдөө тийм үзэсгэлэнтэй газар, мод ихтэй.

Америкт суралцах болсон замналаасаа хуваалцаач. Мөн яагаад Америкт сурах болсон бэ?

2010 онд Education USA-ээс зарлагддаг Access хөтөлбөрийн 4-р үеийн суралцагч байсан. Тухайн үед Access хөтөлбөрт Англи хэлийг мэргэжлийн багш нар заадаг байсан. Ерөнхий Англи хэлний мэдлэгийг олж байсан боловч давхар их дээд боловсролыг эзэмших боломж энгийн оюутнуудад бол байдаг. Тэр үед технологитой холбоотой шинэлэг зүйлс барууны орнуудад их зохиогддог байсан. Зүүний улсуудад буюу Япон, Солонгос гээд байсан ч гэсэн ерөнхийдөө Америкийн талаас ихэнх мэдээлэл орж ирж байсан болохоор Америкт л суралцвал тэр технологи дээр ажиллах боломжтой, очиж суралцаад өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой гэж харж байсан. Тэгээд л Америк явна гээд шийдэж байсан.

Америкт бакалавр ба магистраар сурах ялгаа юунд байдаг вэ?

Бакалавр ба магистрын ялгаа мэргэжлээсээ их шалтгаална. Тухайн оюутны төлөвлөгөө ямар байгаагаас мөн шалтгаална. Цаашдаа ажил дээр гараад, мэргэжлийн үүднээс яаж хөгжмөөр байгаагаас шалтгаалаад зарим нь төгсөөд ажилд ордог, зарим нь магистраар сурдаг. Магистрын хувьд зэрэг арай дээгүүр бол Team Leader-ээс ч юм уу эхэлдэг. Яагаад гэхээр магистр маань бакалаврыг бодвол оюутнаас хувийн чармайлт шаарддаг. Жишээ нь, манай сургуулийн инженерчлэлийн сургууль, цахилгаан инженерийн сургууль гэхэд маш их бие даалтууд, төслүүд явагддаг. Багш нар бол лекцээ өгөөд явна. Хичээлийн үйл явц байнга төсөл дээр явагдана, ийм төхөөрөмж, ийм төсөл дээр ажиллах хэрэгтэй гэсэн байдлаар явагдаж байсан. Бакалаврыг бодвол хамаагүй биеэ даасан нь магистр байсан. 

Бакалаврт нэг хичээл дээр 1 цаг юм уу 2 цаг зарцуулаад дуусдаг байсан бол магистрт нэг хичээлийн даалгаврыг 6 цаг хийгээд дуусдаг. Хичээлүүдийг нэлээн гүнзгийрүүлж үздэг. Яагаад, хэрхэн гэдэг дээр илүү их суурилсан байдаг. Инженерчлэлийн зүйлсийн хувьд, яагаад 1950 онд ийм зүйлийг хийсэн байхад яагаад тухайн үеийн инженерүүд ингэж зохион бүтээсэн юм. Тэр нь яагаад 2021 он гэхэд ийм хэлбэртэй байгаа, өнөөдрийн хийгдэж байгаа бүх зүйлс суурь нь ийм байгаа, шалтгаан нь ийм гэж гүнзгий түвшинд судалж үзэж байсан учраас үүндээ урамшаад их таалагддаг. Түүнийгээ дагаад хичээл хүнд байсан. Бакалаврт бол бусад өөр зүйлсийг маш их үздэг. Ерөнхий инженерийн хичээл маш их ордог ч гэсэн магистрт дандаа инженерийн хичээл ордог учир арай сонирхолтой байсан.

Америкт очоод сургалтын төлбөрөө хэрхэн санхүүжүүлсэн бэ?

Манай гэр бүл Америкийн их дээд сургуулийн төлбөрийг төлөх боломжгүйг сайн мэдэж байсан учраас маш их цаг зарцуулж судалж байсан. Гол нь сургуулиа олж apply хийх нь чухал. Би тухайн үед нэлээн том том сургуулиудад өргөдөл гаргаж байсан л даа. Gannon бол алдартай том сургууль биш мөртлөө үндэсний хэмжээний, бүс нутгийн хэмжээндээ өндөр үнэлэгддэг. Gannon нь намайг ирэх үед 60-70 хувийн сургалтын төлбөрөөс чинь тэтгэлэг өгье ирэх боломжтой юу гэсэн. Тухайн үеийн ар гэрээс маш олон хүмүүс тусалж дэмжээд, намайг явсан нь дээр, учир нь олдох байлгүй дээ, юу ч гэсэн харъя гээд 4, 5 талаас санхүүгийн тусламж аваад ирсэн. Ирсний дараа миний тэтгэлгийн хэмжээ 100 хувь болж өссөн байсан. Яагаад гэхээр, олон улсын оюутнуудын зүгээс сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дээрээс нь морин хуур тоглодог байсан учраас чадамжтай оюутан байна, нэгэнт ингээд 60-70 хувийн тэтгэлэгтэй юм чинь 100 хувь болгоё гээд өсгөсөн байсан. Тэгээд бакалаврын 100 хувийн тэтгэлгийг авсан. Харин байр болон хоолны мөнгийг гаргаж байгаагүй. Би давхар сургуульдаа спортын төв, номын санд нь ажилтнаар ороод 7 хоногийн 20 цаг ажиллаж байсан.

Тэгээд 1-р курс төгсөөд тэр намраа явж компаниудын төлөөлөгч нарт анкетаа өгөөд, хавар нь 2 дахь удаагаа өгөөд ярилцлагад  ороод TechnipFMC гээд газрын тосны дэлхийн 42 улсад үйл ажиллагаагаа явуулж буй компанид Software engineer-ээр дадлагажигчаар орж байсан. Бүтэн намар, хавар, зуны семестрт инженерийнхээ дадлагаа хийгээд явчихсан. Тэгж өөрийнхөө санхүүжилтээ хийгээд сургуулиас төлбөр бүтэн даасан учир амар байсан. Давхар сургууль дээрээ би 20 цаг судалгааны ажил хийж байсан. Бакалавр бол аягүй боломжийн дуусчихсан. Магистрт  сургалтын төлбөр, стипенд, байр, даатгал бүх зүйлсийг сургуулиас гаргаж дэмжиж өгсөн. 1-4 дүгээр курс сургуультай хамтарч ажилласан, судалгааны ажилд ажилласан гээд сургуулийн нэрийг маш их өндөрт олон улсад болон бүс нутагтаа гаргаж байсан учир сургууль дэмжиж ажилласан. Магистртаа сурах уу гэхээр нь тэгэлгүй яахав гээд сурсан байгаа.

Америкийн нэгдсэн улсад 6,7 жил сурсан хугацаанд болж байсан хүнд хэцүү, сайхан дурсамжаасаа хуваалцаач.

2017, 2018 онд манай судалгааны багийнхан явж NASA-ийн хөөргөлтийн төвөөс явж өөрсдийн төхөөрөмжийг доод орбит буюу сансар луу 50-иад километрийн өндөрт хөөргөж байсан. NASA бол тооцоолол сайтай ерөөсөө алдаа гаргах юмгүй. Манай багийн хийсэн төхөөрөмж NASA-ийн хийгдсэн 5-аад сая ам долларын үнэтэй төхөөрөмж дээр суурилж орж байсан. Хэрвээ манай төхөөрөмж тэр төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулбал их хэцүү байсан. Тэр бүх стандарт, NASA-ийн чанарын шаардлагыг хангаж хийнэ гэдэг бол маш их challenge. Би багийнхаа ахлах байсан болохоор NASA-ийн технологийн талыг хариуцаж ажиллаж байсан. Заримдаа 80 цаг ажиллаж байсан буюу 7 хоногийн 7 өдөр ажилладаг байсан. Өглөөний 8-аас гараад орой бараг 11 хүртэл заримдаа 12 хүртэл лаборатори дээр ажилладаг байх жишээтэй. Гэр сургуулийн хажууханд, бараг 2 минут алхаад орчихдог байсан болохоор гэр лүүгээ очиж унтаад өглөө 6 гээд хүрээд ирдэг байлаа.

Хувь хүний талаасаа гэвэл ганцаараа Монгол байсан. Соёл уламжлалыг маань мэддэг, хуваалцах хүн ерөөсөө байхгүй. Ярих хүн ч байхгүй байсан болохоор цагаан сар болохоор ганцаараа сүүтэй цай чанаад уудаг тэгээд гэрийнхэнтэйгээ яриад л хүмүүсийн нөгөө гоё буузны зургийг хараад л. Наадам болохоор энд ажлын өдөр болоод л ажлаа хийгээд сууж байдаг байсан. Тиймэрхүү хувийн асуудал, ганцаардах гэх мэт зүйлс гардаг байсан ч тухайн үед бол завгүй байсан учраас гайгүй ганцаараа морин хуураа дараад л тоглочихдог байсан. Хамгийн дурсамжтай зүйл гэвэл хамгийн анхны маань роботоо 2-р курсдээ зохион бүтээж байсан. Maze буюу төөрдөг байшингийн учрыг олдог жижиг робот. Бүс нутагтаа 30-аад сургуулиудын 300-аад оюутнуудын оролцож буй том conference дээр очсон. Оролцож байсан төрөл 8 багтай. Манай робот жижигхэн, хөөрхөн. Энэ ч бараг худлаа, ажиллахгүй байх гэж бодсон. Ганц давуу тал нь манай робот ерөөсөө хана мөргөөгүй. Би өөрөө software тал дээр ажилласан. Хэрвээ робот хана мөргөвөл хасах оноо авдаг. Maze-ийн учрыг олж чадаагүй мөртлөө хана мөргөөгүй, харин бусад багийнхны робот учрыг нь олсон мөртлөө хана мөргөөд яваад байсан. Манай робот тэр олон роботын дундаас 3-р байранд шалгараад их гоё мэдрэмж төрж байсан. Тэр бол top дурсамж болсон.

Мэргэжил нь юугаараа давуу вэ? Цаашлаад мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдад юу зөвлөх вэ?

Ерөнхийдөө инженер болох сонирхолтой, юм зохион бүтээх сонирхолтой байсан. Инженер гэдэг бол ерөөсөө л асуудлыг шийдвэрлэх байдаг. 2013-2015 оны хугацаанд би Gap буюу завсар авсан байсан. Тэр хугацаанд маш их судалгаа хийж, цахилгааны инженер болох сонирхолтой болсон. 

Оюутнуудад өгөх зөвлөгөөний хувьд, өөрөөсөө би яг юу хийвэл дуртай байдаг вэ гэж асуух хэрэгтэй байх. Миний хувьд, АНУ-д зарим үед 7 хоногт 80 цаг ажилласан. 7 хоногт 80 цаг гэдэг бол өдөрт дунджаар 11-12 цаг ажиллана гэсэн үг. Тэр хэмжээнд ажиллахад ядрахгүй байх эрч хүчийг дуртай зүйлээсээ л авна.  6 жил ингэж ажилласан байна. Мөн дан ганц сургууль дээрээ бүтэн 21 кредит аваад, дээрээс нь 20 цаг судалгаа, 20 цаг дадлага хийсэн. Би өөрөө ийм сонирхолтой байсан болохоор ажил дээр гараад илүү амар байсан. Өглөө эрч хүчтэй яваад л, орой сэтгэл ханамжтай гэртээ ирээд л, дахиад өөр робот дээр ажиллаад л, өөрийнхөө сонирхлыг хөгжүүлээд л. 

Мэдээж эцэг эх, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчид чинь зөвлөгөө өгч байгаа ч гэсэн  би яг юунд сайн ч юм, юу хийвэл надад таалагдах вэ гэж асууж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Энд хариулт олдохгүй байлаа гэхэд зүгээр л эхэл. Математикт дуртай бол математикаас эхэл, олон улсын стандартад нийцсэн хэвлэл унш, англи хэлээ сайжруул. Мөн өөр төрлийн зүйлс судлаад эднээс аль нь дээр вэ гэж эргэцүүл. Өөрийгөө сорьж үзээд, юм уншиж үз. Одоогийн интернетийн давуу тал гэвэл youtube дээрээс шууд хайлт хийгээд л хэрэгтэй мэдээлэл нь гараад ирж байгаа. Хэзээ ч хожимдоно гэсэн зүйл байхгүй. Үнэхээр өөрийнхөө сонирхлыг олчихсон, өөрийгөө ойлгоод мэдэрчихсэн хүмүүс байвал тэр зүйлийгээ хөгжүүлж аваад улам гоё яваасай гэж хүсэж байна. Нэмээд хэлэхэд энэ подкаст шиг бидний үед подкаст гэж үг ч байгаагүй. Бүх боломжоо ашиглаарай.

Манай уншигчдаас олон асуултууд ирдэг тэр асуудлуудын дунд зонхилох хувийг эзэлдэг асуулт бол хэл сурахад ямар зөвлөгөө өгөх вэ? гэсэн асуулт байдаг. Энэ тал дээр өөрийн туршлагаас хуваалцвал.

Ер нь хэл гэдэг маань тухайн хүний чадвар, хэрэглээ юм л даа. 2010 онд анх сураад явж байхад ойлгодоггүй үгээ бичиж аваад толь бичгээс шүүж хардаг байсан. Тэгээд би дуу их сонсдог байсан учраас их орчуулна, дагаж дуулаад хэллэг сайжирдаг. Дараа нь кино их үзнэ. Эхлээд монгол орчуулгатай кино үзнэ, дараа нь хадмал орчуулгатай кино үздэг болсон. Дараа нь хадмал орчуулгаа унтраагаад зүгээр шууд сонсдог байсан. Хамгийн гол нь ерөөсөө л хэрэглээ байсан. Аль болох гарч ярих, аль болох англи хэлээр бичих хэрэгтэй. Ерөөсөө миний зүгээс өгөх хамгийн том зөвлөгөө бол хэрэглэх хэрэгтэй, ярих хэрэгтэй, бичих хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Оюутан залуустаа тууштай л үзэх хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна.

Америк явах хүсэлтэй оюутан залуучууд маш их байгаа. Тэр залууст хандаж зөвлөгөө өгөөч.

Шантарч болохгүй шүү. Эхний удаа магадгүй IELTS, TOEFL муу өгч болно, гэхдээ битгий шантраарай. Дахиад яваад үз. Тэр олон сорилтуудыг давсны дараа дардан зам үүссэн байдаг. Боломжид битгий үгүй гэж хэлээрэй. Дэлхийн хүн болохын төлөө хичээж томоор харж зориорой.

За баярлалаа, өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад дэлхийн нөгөө талаас оюутан залууст Америкт сурахыг хүсэж байгаа хүмүүст үнэтэй сайхан мэдээллийг өгсөн Тэнгэртээ баярлалаа. Цаашдын ажил үйл бүх зүйлд нь өндөр амжилт хүсье.

За баярлалаа. Ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулаад хэрэгжүүлж байгаа таны хамт олонд үнэхээр их ажлын амжилтыг хүсье.

 Дохионы орчуулгатай бичлэг үзэх:


Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

 Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтэлсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин