Alumni stories

Б.Энхмаа "CALIFORNIA STATE UNIVERSITY, LONG BEACH" -ийн төгсөгч

Сайн байцгаана уу, эрхэм сонсогчид оо. Манай өнөөдрийн зочноор Энхмаа оролцож байна. Өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад яригаа эхэлье.

За бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Намайг урьж оруулсанд их баярлалаа. Намайг Баатар овогтой Энхмаа гэдэг. Би ЕБ-ын 23 дугаар сургуулийг сурч төгсөөд 1 жил олон улсын харилцааны сургуульд сураад дараа нь Америк явсан. АНУ-ын “Cal State University of Long Beach”-г олон улсын харилцаагаар суралцаж төгссөн. Түүнээс өмнө эхлээд коммунити колледж сурч байсан. Яг одоогоор бол Монголдоо ирээд Олон улсын боловсролын байгууллагад боловсролын зөвлөх, Монгол дахь төлөөлөгчөөр нь ажиллаж байна. Манай байгууллага одоогоор яг ганц хөтөлбөртэй,  FLEX Mongolia гээд 10 жилийн сурагчдад зориулсан АНУ-ын ЗГ-аас тэтгэлэгтэй сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ийм байгууллага байгаа.

FLEX Mongolia хөтөлбөр гэж яадаг хөтөлбөр вэ, ямар шалгууртай, ямар хөтөлбөр байдаг талаар дэлгэрэнгүй, манай сонсогчидтой хуваалцаач.  

Тэгэлгүй яах вэ, FLEX Mongolia хөтөлбөр маань АНУ-ын ЗГ-аас бүрэн санхүүжилттэй Монгол улсад сурч байгаа 9, 10, 11-дүгээр ангийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Ер нь жил бүр 9,10 сард шалгаруулалтаа хийдэг. Хөтөлбөр дэлхийн нийт 21 улсад 30 дахь жилдээ хэрэгжиж байна. Монгол Улсад 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэтгэлэгт шалгаруулалтад хамрагдахын тулд ерөнхий тавигдах 5 шалгуур байдаг, 1 дүгээрт нь Монгол улсынхаа 9, 10, 11-дүгээр ангид сурч байх ёстой, 2 дахь шалгуур нь жил бүр төрсөн он сарыг нь зааж өгдөг байгаа. Энэ жилийнх нь 2006 оны 1 сараас 2008 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн сурагчид оролцох боломжтой гэсэн үг. 

Тэгээд дараагийн шалгуур нь англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх гэж байгаа. Хэдийгээр бид энэ шалгуурыг тавьж байгаа ч гэсэн яг шалгалтад орохдоо яг үнэхээр интермедиат түвшинтэй гэдгээ батлах ямар нэгэн бичиг баримт үзүүлэх шаардлагагүй байдаг. 4 дэх шалгуур нь өнгөрсөн жилийнх нь дүнгийн дундаж үнэлгээ нь 80-аас дээш хувь байх ёстой. Сүүлийнх нь Монгол улсын иргэн, Монголоос гадаад паспорт авах эрхтэй байх, АНУ-д сүүлийн 5 жилийн хугацаанд 3-аас дээш сар байгаагүй мөн АНУ-ын визний шалгууруудыг хангасан байх ёстой гэсэн ийм ерөнхий шалгуурууд байдаг. Эдгээр шалгууруудыг хангаж байгаа хүүхдүүд маань Монгол улсын аль ч өнцөг булан бүрээс цахимаар холбогдоод шалгалтад хамрагдах боломжтой. 

Шалгалт нь ямар байдаг, ярилцлага ямархуу байдаг гэдэг энэ талаар дэлгэрүүлээд мэдээлэл өгөөч? 

Нийт шалгаруулалт 3 үе шаттай явагддаг. Нэгдүгээр шат нь богино хэмжээний англи хэл дээр эсээ бичдэг, дараа нь богино хэмжээний анкет бөглөнө. Тухайн сурагчийг хэн бэ гэдгийг нь таних зорилготой асуусан асуултууд байдаг. Тэр асуултуудад яг өөрийгөө таниулах зорилготойгоор маш дэлгэрэнгүйгээр 300 үгэнд багтаагаад бичдэг. Нэгдүгээр шатаа бүрэн гүйцэд бөглөөд цагтаа явуулсан хүүхдүүд 2-дугаар шатанд оролцоно. 2-дугаар шат нь 16 асуулттай 15 минутад бөглөх ёстой англи хэлний тест байдаг. Тэгээд 2-дугаар шатанд тэнцсэн хүүхдүүдийн хариу нь манай DC оффист бас ирдэг юм. Тэгээд хэн хэн оролцох вэ гэдэг нэрс ирнэ, тэгж байж 3-дугаар шатанд оролцох хүүхдүүд маань илүү дэлгэрэнгүй хэмжээний анкет бөглөнө, ярилцлагад орно. 

Энэ жилийн өргөдөл авах эцсийн хугацаа нь хэзээ байгаа вэ? 

2022 оны 10 сарын 13 нд байгаа. Тэгэхээр манай цахим шалгаруулалт 9 сарын 2-нд нээгдэж, өөрсдөө анкет үүсгээд, цахимаар шалгалтаа өгч болно гэсэн үг юм. Анкет үүсгэснээс хойш 10 хоногийн дотор нэгдүгээр шатныхаа бүх зүйлийг хийгээд дуусгах ёстой байдаг.

Энэ жилийн сурагчид шалгарлаа гэж бодоход ирэх жилийн намар Америк руу явна гэсэн үг үү?

Тэгнэ, 9 10 сард 1,2-дугаар шатныхаа шалгалтыг өгөөд 3-дугаар шатандаа харин 11,12 сард ордог. Нийт 21 улсын шалгаруулалтыг хийдэг хүмүүс манай төв оффист,  төв оффис маань Вашингтон DC-д байрладаг юм. Тэнд 21 улсаас ирсэн бүх материалтай танилцдаг учраас шалгаруулалтын хариу удаж байж гардаг. Дараа жилийнхээ 5 сард хариугаа сонсоно гэсэн үг. Тэгээд тэнцсэн хүүхдүүд нь 8 сард явна гэсэн үг юм.

FLEX Mongolia АНУ-ын ЗГ-ын тэтгэлэгтэй хөтөлбөр. Тэтгэлэгт юу юу багтдаг бэ? Ер нь сурагчдаас өөрсдөөс нь ямар хэмжээний зардал гардаг бэ?

Тэгэхээр 100% санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөр учраас ер нь бол ирж очих зардал нь хүртэл тэтгэлэгт багтдаг байгаа. Хөдөө орон нутгаас оролцож байгаа хүүхдүүд Хөвсгөлийн хүүхэд бол Хөвсгөлөөс Улаанбаатар, Улаанбаатараас Америк хүрэх зардал, бүх зардал нь тэтгэлэгт багтана. Тэгээд очоод хүүхэд болгон өөр өөр америк айлд амьдардаг, сар бүр сурагчдад стипенд гэж 200 доллар өгдөг болсон. Хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхэд бүр ЭМД-д хамрагддаг. ЭМД нь тухайн сурагч хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар ханиад хүрэх ч юм уу, сагс тоглож байгаад шагайгаа булгалах ч байдаг юм уу,  тийм тохиолдолд эмнэлэг дээр очоод үзүүлэх зардал нь багтдаг юм. Тэгээд хөтөлбөрт явахаас өмнө хүүхэд болгоныг чиг баримжааны сургалтад хамрагдуулдаг. Америкт очоод хичээлээ хэрхэн сонгодог бэ, хэрхэн Америк найзтай болох вэ, гэрээ санаад байвал яах вэ, соёлын шоконд орвол яах вэ, гэх мэт нэг жилийн хугацаанд нь бэлдэх зорилготой сургалтууд ордог байгаа. Тэгэхээр сурагчаас гарах зардал тун бага. Монголоос явахаас өмнөх гадаад паспорт авах зардал, 18 хүрээгүй хүүхдүүд хилээр гарах гэж байгаа учраас заавал нэг итгэмжлэгдсэн том хүн авч явах ёстой байдаг, тэр хүнийг нотариатаар баталгаажуулах итгэмжлэлийн зардал байна. Мөн зааснаас илүү ачаа авч явах бол тэр зардлыг сурагчид хариуцна. 

Хөдөө орон нутгийн алслагдмал сум, дүүргийн сурагчид Улаанбаатарын сурагчидтай өрсөлддөг үү? Шалгаруулалт нь ямар зарчмаар явагддаг вэ? 

Улаанбаатар хотын сурагчид бол Улаанбаатар хотынхоо сурагчидтай л өрсөлдөнө, хөдөө орон нутаг бол 21 аймаг нь хоорондоо өрсөлдөнө гэсэн үг юм. 

Ер нь өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгийн хүүхдүүд хэр хамрагдсан бэ? 

Тэтгэлэг авсан сурагчдын 50%-аас дээш нь сурагчид нь хөдөө орон нутгаас шалгараад явсан байдаг. Тэгэхээр алслагдсан сумын сурагчид маань ч гэсэн энэ хөтөлбөрт материалаа илгээгээд бас тэнцээд Америк руу явах бүрэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. 

FLEX Mongolia хөтөлбөрийг 70 хүүхэд төгсөж Монголд ирсэн байгаа юм байна. Тэгэхээр олон улсын FLEX хөтөлбөрийг төгссөн хүүхдүүдтэй холбоо бариад, үйл ажиллагаанд оролцдог уу? Эргэх холбоо хэр байдаг бэ?

Тэгэлгүй яахав. Мэдээж тийм боломжууд зөндөө байдаг, төгсөж ирчхээд жил бүр янз бүрийн сэдвээр хувь хүний хөгжилд нь анхаарах зорилготой сургалтууд явагддаг. Тэр сургалтууд жил болгон өөр өөр улсад болдог, манай байгууллагаас зохиогддог сургалт, хөтөлбөр мөн хэрэгжүүлдэг. Түүнийгээ дагаад их олон боломжууд бол нээлттэй байдаг.  

Энхмаагийн өөрийнх нь Америкт сурсан түүхээс нь хуваалцъя. Америкт суралцсан тэр замналаасаа бидэнтэй хуваалцаач? Яагаад Америкт сурахаар шийдэж байсан бэ?

Би 8-дугаар ангид байхдаа Сорсны сан гэж тухайн үед байдаг байсан солилцооны тэтгэлэг аваад, зуны сургалтад нь хамрагдаад солилцооны сурагч болж 2002 онд анх тэтгэлгээр сурч нэг зуныг өнгөрөөгөөд Америкт анх удаа хөл тавьж байсан юм. Тэгж нүд нээгдээд, би заавал Америк явж сурна, энд л би буцаж ирж боловсрол эзэмшмээр байна гэсэн бодолтой ирсэн. Тухайн үед би бараг энэ хөтөлбөрөөр явах болтлоо эмч болно гэж боддог хүүхэд байсан. Дараа нь хөтөлбөрт хамрагдаад ирсэн, тийм олон орны хүүхдүүдтэй танилцсан, тухайн үед Косовагийн найз болсон охин маань гэрт дайны тухай яриад л тэр бүхэн амьдралд минь их томоор нөлөөлсөн. Үнэхээр тэр хөтөлбөрт хамрагдахгүй байсан бол эмч болно гэж явдаг байсан хүн чинь тэр хөтөлбөрт явчхаад олон улсын харилцаагаар заавал сурмаар байна гээд буцаад Америкт сурна гэсэн хүсэл зорилготой ирсэн. Дараа нь 10 жилээ төгсөөд Монголдоо 1 жил олон улсын харилцаандаа сурчхаад, Америк руу сурахаар явсан даа.  

Ахлах сургуулийн хүүхдүүдэд Комьюнити Коллежийн тухай мэдээлэл өгөөч?

Коммунити коллежид эхэлж сурч дараа нь өөрийн хүссэн их сургуульд шилжиж болно. Комьюнити коллеж нь илүү хямд. Америкийн ерөнхий боловсролын систем нь эхний 2 жилдээ энгийн хичээл үздэг. Заавал мэргэжлээ сонгосон байх шаардлагатай биш ерөнхий хичээлүүд аваад явж байж болдог. Дараагийн 2 жилдээ илүү гүнзгийрүүлээд мэргэжлээ сонгож болдог. Миний хувьд олон улсын харилцаагаар сурна гэдгээ шийдчихсэн байсан ч эхлээд Коммунити коллежоор явахад олон улсын харилцаа гэдэг мэргэжил байгаагүй, ялангуяа яг миний сурч байсан газар. Тэгэхээр би яг гол үндэс нь юу байж болох вэ гээд коммунити коллежоос сайн судалж байгаад хичээлүүдээ авч сураад төгсөхдөө улс төрөөр төгссөн. Тэгээд Коммьюнити коллежид улс төрөөр үзсэн хичээлийн кредитүүдээ их сургууль руу шилжүүлж байсан юм. Тэгж олон улсын харилцаагаар “Cal State University of Long Beach”-д сүүлийн хоёр жил сураад төгссөн юм. За тэгээд америкчууд өөрсдөө бас комьюнити коллежоор их дамжиж топ сургуулиуд руугаа ордог шүү дээ, яагаад гэвэл Америкт сурахад коммунити коллежи ер нь хамгийн хямдхан арга зам юм. 

Америкт очоод их сургуульд орсны дараа ямар хэцүү сорилтууд гарч байсан бэ?  

Ер нь эхэлж очоод өөрийгөө их голдог. Тэнд 10 жилийн суурь боловсролын систем нь үнэхээр өөр гэдгийг мэдэрсэн. Яагаад гэхээр хичээлд орохоор, Монголд бол болохгүй асуулт асуучих вий дээ, буруу юм ярьчих вий дээ гээд л багшид загнуулдаг байсан шүү дээ, буруу үг хэлчих вий хүүхдүүдэд тэгээд шоолуулаад гэдэг тийм юмнаас аягүй их айдаг. Монголд илүү багш төвтэй. Тэнд илүү сурагч төвтэй. Ингээд уншаад ир ээ гээд даалгавар өгөөд явуулчихдаг, ирээд яг тэр уншсан юмаа ярилцах илүү тийм харилцсан хэлбэртэй байдаг. За багшаасаа асуух асуулт байна уу гээд л. Тэгэхээр заримдаа саяын хүүхэд үнэхээр тэгээд асуучихлаа гэж үү дээ гэж бодохоор тийм асуулт асуухад багш нь “Аа бас тэгж болох юм тэ” гээд л ерөөсөө загнах гэсэн юм бол байхгүй.

Тэгээд хүүхдүүдийг яг өөрийгөө зөв илэрхийлэх, санаа зоволгүйгээр сэтгэн бодох чадварт тэр арга нь үнэхээр өөрөөр нөлөөлдөг байсан. Тухайн үед би өөрийгөө их тийм хайрцагтай сэтгэж байгаагаа ойлгож мэдэрсэн. Өөрийгөө илэрхийлэх тал дээр үнэхээр дутмаг байсан, ангидаа ичээд ярьж чадахгүй. Дараа нь юм сураад, хичээл дээрээ илүү сайн байх хэрэгтэй, үүний төлөө оролцоод, сурахын тулд өмнө нь асуух асуултуудаа бэлдээд, санаа зоволтгүй асууж сурах хэрэгтэй юм байна гэж сүүлдээ ойлгосон. Өөрийгөө ч дайчилсан. Эхэндээ бол үнэхээр хэцүү байсан, өөр хэл дээр өдөр бүр их ном уншина, сүүлдээ уншаад байхаар сурчихдаг. Багш дээр очоод би ярьж чадахгүй багшаа гэсэн чинь чи ярьж байж л энэ хичээлээ хийх ёстой, чамд байх ёстой чадваруудын нэг нь энэ гээд, тэгээд яг бүр чичрээд гараад л ярьж байсан. Эхний өдрөө бол их хэцүү яриад л, дараагийнхаа өдрүүдээс хамаагүй дээр болоод эхэлж байгаа юм. Тэгэхээр өөрийгөө зөв илэрхийлэх, ямар нэг юмнаас санаа зовохгүй яриад эхлэх юм бол цаашдаа энэ нь илүү амархан болоод сураад эхэлдэг юм байна лээ. 

Хэл сурах хугацаандаа бэрхшээлүүдээ яг яаж даван туулах вэ? 

Би их кинонд, дуунд дуртай хүүхэд байсан. Тэгээд миний үед одоогийнх шиг шууд интернэт рүү ороод л, шууд дууны үгийг нь харах тийм боломж байдаггүй байлаа. Тэгээд би яг санадаг юм, CD тоглуулагч дээрээ дуртай дуугаа, дуртай дуучныхаа CD тавиад, тэгж сонсоод, үгийг нь бичдэг. Одоо эргээд бодоход тэр их сайн нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Үг нь бол яах вэ буруу л байдаг байсан байх л даа, тэгэхдээ яг өөрийнхөө үнэхээр дуртай зүйлээрээ дамжуулаад хэл сурна гэдэг бол хамгийн зөв арга юм байна аа гэж бодсон. Тэгээд би маш олон дууг тэгж сурч дуулдаг байсан. Нэг их сайн дуулж чадахгүй л дээ, тэгэхдээ их сонирхолтой, тэгээд бас кино их нөлөөтэй юм болов уу гэж боддог юм. 

Баярлалаа, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Энд хүрээд манай шинэ дугаар маань өндөрлөж байна. 

За баярлалаа.



Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.

▶️Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.