Alumni stories

Б.Энхжин: USAF хөтөлбөрийн төгсөгч, GerHub ТББ-ын гүйцэтгэх захирал

Манай өнөөдрийн дугаарт Гэр Өргөө ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч Энхжин хүрэлцэн ирсэн юм. Та өөрийгөө бидэнд танилцуулаач?

За баярлалаа. Намайг Энхжин гэдэг. Би одоогоор Гэр Өргөө буюу GerHub ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэгээд АНУ-ын Whitman College-д бакалаврын зэргээ эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн. Whitman College-д Вашингтон мужид байдаг. Далайн эрэгт ойрхон байрладаг учраас цаг уурын хувьд Монголтой их төстэй байдаг байсан. Өвөлдөө их цас ордог, жилийн ихэнх өдрүүд их нартай, миний хувьд их таатай байсан.

Анх мэдээллээ хаанаас авч сургуулиа хэрхэн сонгосон тухайгаа яриач?

EducationUSA-ын нэлээн дээр үед хэрэгжүүлж байсан. USAF гэдэг хөтөлбөр байсан юм. Би 2006 онд элсэж ороод, тэндээс маш тодорхой чиглүүлэг авч байсан. АНУ-ын коллежид яаж бэлдэх үү? Ямар материалууд цуглуулах уу? ямар шалгалт өгөх хэрэгтэй вэ? гээд л тэр хөтөлбөр намайг их чиглүүлж өгсөн юм. Бид тэр хөтөлбөрт хамрагдаж байхдаа 4 сургууль сонгох ёстой, бүгд санхүүгийн тэтгэлэг өгдөг байх хэрэгтэй. Тэгээд өөрөө судалгаагаа хийж байгаад Liberal Arts College-ууд сонирхолтой юм байна, яг энэ сургуулиуд руу материалаа өгөөд үзье гээд материалаа явуулсан, тэгж тэнцсэн юм.

Тэгэхээр ахлах сургуульд сурч байхдаа энэ хөтөлбөрт хамрагдсан гэсэн үг үү?

Тийм, би 2007 онд "Сант" сургуулийг төгссөн юм. Тэгээд төгсөх ангид байхдаа USAF-д орж байсан. Манай дээд ангийн нэг сурагч энэ хөтөлбөрт яваад, тэгээд манай захирал тухайн үед надад санал болгосон юм. Чи англи хэлтэй юм чинь энэ хөтөлбөрийн сонирхож үзээрэй гээд захирлынхаа санал болгосны дагуу USAF-д орж хамрагдаад АНУ-д сурсан юм.

Хэлний шалгалтууддаа хэрхэн, яаж бэлдэж байсан вэ?

Тэр үед бэлддэг газрууд нь ховор, тэгээд яг яаж бэлдэхээ сайн ойлгохгүй байж байгаад л шалгалтаа өгч байсан. Мэдээж өөрийнхөө хэмжээнд бол бэлдсэн. Манай анги дааж авсан багш тооны багш байсан тул багш дээрээ давтлага авч байсан. Тэгээд иймэрхүү бодлого орж ирдэг юм байна, үүнийг яаж бодох уу? гээд хамт бэлдсэн. Ангил хэл бол цэвэр өөрөө бэлдсэн, үгээ цээжлээд л хамгийн гол нь үг цээжлэх дээрээ л илүү анхаарсан. Инээдтэй зүйл нь би тоон дээрээ тааруу дүн аваад, англи хэл дээрээ сайн дүн авч байсан юм.

Liberal Arts Colleges-ын онцлог, давуу тал нь юу байдаг гэж хардаг вэ?

Миний бодлоор Liberal Arts Colleges суурь мэдлэг их сайн олгодог гэж харсан. Олон янзын хичээлүүдээс кредит цуглуулах хэрэгтэй байдаг. Жишээ нь, би Whitman-д сурч байхад хүмүүнлэгийн ухааны хичээлээс 6 кредит, нийгмийн ухааны хичээлээс 6 кредит, Байгалын  ухаанаас 6 кредит, урлагийн хичээлээс 6 кредит гэдэг ч юм уу. Яг өөрийнхөө мэргэжлээр сурч байгаа хичээлүүдээ давхар авах хэрэгтэй. АНУ-д хоёр жил сурсны дараагаар мэргэжлээ сонгох эрхтэй байдаг. Тэр нь өөрөө өөрийгөө нээхэд бас чухал нөлөө үзүүлдэг. Янз бүрийн хичээл авч судласнаар суурь мэдлэг сайтай болдог юм шиг санагддаг юм. Түүгээрээ давуу талтай.

Бакалаврт АНУ-д сурч байхад үндсэн мэргэжил, туслах мэргэжил гэж байдаг чиний хувьд туслах мэргэжлээр давхар сурсан уу?

Би бол яг үндсэн мэргэжлээрээ эдийн засгаараа л сурсан. Гэхдээ Байгаль орчны эдийн засгийн гэдэг чиглэлээр илүү төвлөрч сурсан. Би өөрөө сонирхолтой учраас Япон хэлийг давхар үздэг байсан. Хоёр дахь жилээсээ авч үзсэн болохоор миний кредит арай гүйцээгүй. Япон хэлээ олон  кредиттэй, бараг туслах мэргэжил болохоор төгсөж байсан юм. Сургуулиа төгсөөд OPT хийгээгүй, төгсөөд Япон руу шууд явсан. АНУ-д сурсны давуу тал нь англи хэл сайжирч байгаа юм.

Тэгээд манай Япон хэлний багш санал тавиад нэг жил Англи хэл заах боломж байна, чи сонирхох уу? гээд би ч дуртайяа, давхар Япон хэлээ ч сайжруулъя гээд л яг төгссөнийхөө дараа Япон яваад Англи хэл зааж нэг жил ажиллаж байсан юм. Японы нэг хувийн сургуульд багшилж байсан. Манай сурагчид дөрвөн настай хүүхдээс эхлээд 70, 80 нас хүрч байгаа эмээ, өвөө нар ч байдаг байсан. Японд миний анзаарсан зүйл гэвэл тэд өөрийгөө хөгшин гэж боддоггүй, 70, 80 настай хүмүүс сурч байгааг хараад ямар мундаг юм вэ? өөрийгөө ингээд байнга хөгжүүлээд л шинэ, юм сонирхоод л заавал бүрэн эзэмших албагүй ч гэсэн өөрийгөө сориод явж байна гэдэг нь их онцгой санагдаж байсан. Түүнээс хүн өөрийгөө насаараа хязгаарлах албагүй юм байна гэдгийг сурсан. Монголд бол маш өөр, судалгаа хийгээд явж байхад “өө, би гуч гарчихсан юм чинь юу сурах вэ дээ” гэж хэлдэг хүмүүс ч бий. Их залуудаа өөрөө өөрийгөө тэтгэвэртэй гаргачихдаг юм.

Америкт сурч байхдаа кампуст ажиллаж байсан уу?

Тийм, ажиллаж байсан. Би дөрвөн жил ажилласан. Whitman College-ээс надад 100 хувийн тэтгэлэг өгсөн. Гэхдээ миний тэтгэлгийн нэг нөхцөл нь кампусдаа заавал ажиллах ёстой байсан. Тэр ажилласан цалингаа тэтгэлэг рүүгээ оруулдаг байсан. Тэгэхээр би дөрвөн жил ажилласан байгаа. Эхний семестрээсээ би сургуулийнхаа хоолны заланд зөөгчөөр ажилласан юм. Хоёр дахь семестрт office administration-д ажилд ороод, тэндээ ер нь ажилласаар байгаад л дуусгасан даа. АНУ-д ажиллаж байхад бүгд нээлттэй, бие биетэйгээ их чөлөөтэй харилцдаг, оюутан ч байна уу, дарга захирал ч байна уу, их чөлөөтэй харилцдаг, тэр нь их сайхан санагдаж байсан.

100 хувийн тэтгэлэг авсан гэлээ энэ тухайгаа тодруулж хуваалцаач?

Намайг өргөдөл гаргасан жил Вебсайт дээр нь бичсэн байсан юм. Жилд 20 билүү 25 нь хүүхдүүдэд бүрэн тэтгэлэг өгдөг гээд. Тэр миний Whitman College-ыг сонгох гол шалтгаан байсан. Тэгээд юу ч гэсэн материалаа явуулаад үзье гээд явуулсан. Азаар тэр 20, 25 оюутны нэг нь болоод явсан юм. Манай сургуулийн хувьд эхний хоёр жил нь дотуур байранд амьдардаг. Гурав дахь курсээсээ кампусаасаа гадуур амьдрах зөвшөөрөл олгогддог. Энэ нь надад илүү хэмнэлттэй, илүү дээр санагдаж байсан учир 3-р курсээсээ кампусаас гадуур амьдарсан.  

Америкт сурч байхад хэзээ ч мартагддаггүй баяртай ч юм уу, гунигтай үе байсан уу?

Байлгүй яахав, манай сургуулийн хувьд ер нь их чөлөөтэй сэтгэлгээтэй оюутнууд олон байдаг байсан. Жил бүр эцсийн шалгалтын өмнө ''Beer mile" гэж хийдэг. Сургуулийн захиргаа яг албан ёсоор дэмждэггүй, гэхдээ бүгдээрээ зөвшөөрдөг. Тэр нь пиво уучхаад сургуулийн голд байдаг талбайг тойроод гүйдэг. Анх би нэг дүгээр курсэд байхдаа номын санд сууж байсан чинь, шалдан хүмүүс ар араасаа гүйгээд. Би их гайхаад, тэр үед тэр уламжлалынх нь талаар олж мэдэж байсан. Дараа нь би өөрөө ч гэсэн гурав, дөрөвдүгээр курсдээ тэнд нь оролцсон. Одоо бодохоор хамгийн инээдтэй, сонирхолтой түүхүүдийн нэг байсан. Энэ бол манай сургуулийн өвөрмөц уламжлалын нэг. Шалгалтын өмнө хөгжилтэй юм хийж, өөрсдийгөө шалгалтын стрессээс гаргадаг, түр амс хийх тийм л уламжлалтай байсан.  

Хэцүү зүйл гэвэл, анх очоод бүх хичээл дээр оролцоо төвтэй ярилцаж байж дүнгийнхээ 25 хувийг авдаг, тэр нь их бэрхшээлтэй санагдаж байсан. Яагаад гэвэл Монгол сурагчид өөрсдийгөө илэрхийлэх боломжууд ер нь гардаггүй ш дээ. Арван жилд байхад, ер нь багш төвтэй тийм орчинд өсдөг учраас өөрсдийнхөө бодлыг нэг их хэлдэггүй, хэлж сураагүй байсан. Тийм учраас АНУ-д оюутан болоод очиход энэ тал нь хэцүү санагдаж байсан. Өөрийнхөө бодлыг заавал хуваалцах хэрэгтэй, буруу ярьчихвал яана, юу хэлнэ гээд л тэр л миний хувьд сорилт байсан юм уу даа. Жижигхэн сургууль учраас багш нар хүүхдүүдтэйгээ их тулж харилцдаг байсан. Юу болоод байна, яагаад чи ингээд ярихгүй байна? ямар нэг юм болохгүй байна уу? гээд л цаанаасаа оролцоотой байхыг их шаарддаг. Бусдаар бол сургуулийн оюутнууд бүгд л хичээлээ хийгээд манай номын сан 24/7 гэсэн хуваариар ажилладаг. Хүүхдүүд нь тэндээ их очдог, тэгээд шөнөжин суугаад хичээлээ хийдэг, тийм орчинд байхаар өөрийн эрхгүй түүнийгээ дагаад л хичээлээ цаг тухайд нь хийгээд байхаар нээх их асуудал гараагүй байсан.

Мэргэжлээ яаж сонгож байсан талаараа хуваалцаач?

Мэргэжлээ Монголчуудад байдаг түгээмэл хандлага байдаг, тоондоо сайн бол санхүүгээр сурна гэсэн хандлагаар л сонгож байсан. Гэхдээ эдийн засгаар сурсандаа би харамсдаггүй, яагаад гэхээр надад суурь мэдлэг олгож өгсөн юм. Тэнд очоод надад Англи хэл судлал их сонирхолтой санагдаад, нэмэлтээр сурах уу, яахав гэж бодож яваад, гурав дугаар курсдээ зориглоод хичээлүүдээс нь авч үзэж байсан. Тэгсэн чинь их сонирхолтой эртхэн аваад сурчихдаг байж гэж бодож байсан. Өөрийнхөө хүслийг дагаад явахад цаг хугацаа алдахгүй байх хэрэгтэй юм байна билээ. Хийж үзмээр байгаа зүйлүүдээ хийгээд үзэх хэрэгтэй. Liberal Arts Colleges гол давуу тал нь суурийг нь сайн тавьж өгдөг, хөрвөх чадвар, бичиж, дүн шинжилгээ хийх чадваруудыг сайн олгодог гэж би харсан.

Одоо өөрийнхөө хийж байгаа ажлын тухай яривал?

Америкт дөрвөн жил сураад, Японд нэг жил ажилласан. Буцаж ирээд Зориг Санд ажилд орж байсан юм. Тэгээд 2015 онд University College London-д Англид магистраа хот төлөвлөлтөөр дахин сураад 2016 онд ирсэн. Тэгсэн манай найз Бадруун "Гэр Өргөө" буюу "GerHub" ТББ-ыг эхлүүлчихсэн, хамтдаа энэ тал дээр ажиллая, чиний л хийх ёстой ажил байна гээд л санал тавьж байсан юм. Манай GerHub ерөнхийдөө гэр суурьшилийн бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Манай гол зорилго гурван чиглэлээр ажил хэрэгжүүлдэг юм. Тэдгээр нь боловсрол, ахлах сургуулийн сурагчид зориулсан "Гэрүүдтэй" гэдэг боловсролын хөтөлбөртэй. Нөгөөх нь нийгмийн иноваци юм. Нийгмийн иноваци гэдэг нь монгол гэрийн суурь нөхцлийг яаж сайжруулж болох вэ, илүү яаж дулаан алдагдлыг нь багасгах вэ, агаарын бохирдолд бид яаж хувь нэмрээ оруулж болох уу, 21-р зуунд суурин нөхцөлд Монгол гэрээ ямар байдлаар сайжруулж амьдарвал дээр вэ гэдэг сэдэв дээрээ төвлөрөөд явдаг юм. Гурав дахь "Combinative thinking" бүхий хамт олон үүсгээд, хамтийн сэтгэлгээгээр орчноо сайжруулах гэж бид зорьж ажиллаж байна.

Сүүлийн асуулт болгоод одоо Америкт сурахаар хүсэж, зорьж байгаа хүүхдүүдэд хаанаас нь юунаас нь эхлээд бэлдээрэй гэж зөвлөх вэ?

Бакалаврт сурах оюутнууд миний анзаарснаар юу хийх вэ гэдэг дээр хэтэрхий их төвлөрч бодоод, эргэлзээд цаг алдаад байдаг юм шиг санагдсан. Очоод мэргэжлээ сольж болдог учраас юу сурах вэ, юу хийх вэ гэдэг тал дээр цаг алдахгүй, харин чамд яг юу хэрэгтэй вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Миний хувьд санхүүгийн тэтгэлэг чухал байсан. Тэгээд би санхүүгийн тэтгэлгээ эхэлж судлаад, ямар тэтгэлэг боломжтой байна. Ямар их сургуулиуд тэтгэлэг өгөх вэ гээд, жагсаалтыг гаргаж байгаад тэр сургуулиуд руугаа явуулж байсан юм. Аль болох хурдан төлөвлөгөөгөө гаргаад, болохгүй бол хурдан өөрчлөөд дараагийн сургуульдаа явуулбал зүгээр байхаа. Магистрын хувьд яг юу хиймээр байгаа тэр чиглэлээрээ л сураасай гэж боддог. Хүмүүс ажлын туршлагагүй байж шууд бакалавраа хийгээд магистраа хийх гээд байдаг юм. Миний хувьд үүнийг эсрэг бодолтой явдаг юм. Ажлын туршлагатай болж байж хүн ертөнцийг харах өөр өнцөгтэй болдог. Тэр туршлагаа нь магистрт сурахад илүү үр дүнтэй нөлөөтэй хэрэгтэй гэж боддог.

За маш их баярлалаа. Өөрийн туршлагаа зөвлөгөөг харамгүй хуваалцсан чамд ажил үйлс бүх зүйлд нь өндөр амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү


Уншигч та бүхэн Энхжингийн ярилцлагыг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж сонсоорой.  

⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud энд  дарна уу.
⏯Website энд  дарна уу.
⏏️Castbox энд  дарна уу.

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: М.Ивээл  |  Постер дизайн: М.Ивээл