Энэ удаагийн дугаарт Флекс хөтөлбөрийн 2022 оны төгсөгч Бүжинлхам оролцож байна. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байцгаана уу. Намайг урьсанд баярлалаа. Энд байгаадаа маш их баяртай байна. Намайг Бүжинлхам гэдэг. Флекс хөтөлбөрийн 2022 оны төгсөгч байна. Миний хувьд 2020 он буюу 10-р ангид байхдаа өргөдлөө явуулаад, 2021 оны 8 сард АНУ-руу яваад, 2022 оны 6 сард Монголдоо буцаж ирсэн байгаа. Америкт байх хугацаандаа Nevada мужийн Dayton ахлах сургуульд 11-р ангиа сурч төгссөн.
Бүжинлхамын хувьд Америкт анх очсон сэтгэгдэл ямар байсан вэ?
Бид нарын хувьд New York хотоор дамжаад New Jersey мужийн жижиг хотод очих байсан юм. Явж байх замдаа өндөр өндөр барилгуудыг нь хараад үнэхээр сүрдмээр гоё мэдрэмж төрсөн. Үнэхээр би New York-д ирчихлээ гэж үү гэж бодоод итгэмээргүй. Бүх зүйл нь тэр чигээрээ ногоон, яг л үлгэрийн орон шиг санагдаж байлаа.
Америкт очсоны дараа Флекс хөтөлбөр хэрхэн хэрэгждэг вэ?
Монголоос анх Америкт очиход ихэнхдээ Европын улсуудаар дамждаг бол миний хувьд азаар ч гэх үү NEW YORK-д очсон. NEW JERSEY мужид 1 хоноод, маргааш өглөө нь 4 цагт босоод Nevada –руу 2 нислэг дамжаад очиж байсан юм.
Монголоос нэг жилд хэдэн хүүхэд Флекс хөтөлбөрт шалгардаг вэ?
Монголоос 20 хүүхэд шалгардаг. Нөөцөд 10 сурагч шалгардаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл бүртгүүлсэн сурагчдаас явах боломжгүй байна гэсэн хариу өгвөл, тухайн нөөцийн байгаа хүүхдүүдээс сонгогддог.
Шалгаруулалтын үйл явц болон анхаарах зүйлс нь юу вэ?
Шалгаруулалт нь намайг оролцож байхад цахим хэлбэрээр явагдаж байсан. Нийт 3 шатны шалгаруулалт явагдана. Эхний 2 нь тухайн сурагч хувь хүн талаасаа хэн бэ гэдгийг харна гэсэн үг. Эхний шатанд эсээ бичүүлж, өргөдөл авдаг. Хоёрдугаар шатанд уншлагын тест авдаг. Эдгээрээр англи хэлний түвшинг нь шалгачихдаг. Сүүлийн шатанд дэлгэрэнгүй эсээ, өргөдөл, багшийн тодорхойлолт багтдаг. Шалгаруулалт болох өдөр нь жил бүр өөр өөр байдаг ч 9,10-р сарын хооронд 1, 2 дугаар шат явагддаг. 1, 2 сарын хооронд сүүлийн шат явагддаг. Хавар 4 сард эхний 20 хүүхдийн тоонд орсон эсэхийг нь гаргана гэсэн үг. Шалгарсан жилийнхээ 8 сард нь яваад дараа жилийнхээ 5 эсвэл 6 сард буцаж ирдэг. Шалгаруулалтын хувьд цагийг нь битгий тулгаарай л гэж захимаар байна даа. Би өөрөө тэгж байсан болохоор хэлж байгаа юм. Бас чадвараа битгий голоорой. Өөртөө итгээд, материалаа явуулаад үзээрэй. Унасан байсан ч чамаас өөр тэр талаар мэдэх хүн байхгүй юм чинь.
Америк ахлах сургуулийн анхны өдөр ямар байсан вэ?
Америк ээж маань хэлэхдээ танай сургууль чинь жижигхэн гэсэн л дээ. Харин очоод үзэхэд 5 барилгаас бүрдсэн төрөл бүрийн лабораторитой, спорт заалнуудтай байсан. Сурагчийн шүүгээ нь бас их таалагдсан. Яг л тухайн үед нетфликсийн кинон дотор байгаа юм шиг мэдрэмж авч байсан. Түүхийн ангид ороход Чингис хааны зураг байгааг хараад гайхсан. Ангид ороод өөрийгөө танилцуулахад чи эндээс ирсэн юм уу гээд зураг руу зааж байснаа, чи үнэнээсээ ярьж байна уу, эндээс ирсэн гэж үү гэж асууж байсан. Хэрэв тийм бол чи надад Чингис хааны талаар ярьж өгнө шүү гэж байсан.
Өөрийгөө Монголоос ирсэн гэж хэлэхэд ангийнхан чинь хэрхэн хүлээж авсан вэ? Америк, Монгол ахлах сургуулийн сурагчдын хоорондын ялгаа юу байв?
Миний очсон газар California мужийн ойролцоо байдаг л даа. Тухайн үед California-д 20 мянга орчим Монголчууд амьдардаг гэж сонсож байсан. Үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр хүмүүс ойролцоо мужуудруугаа ихээр нүүж байсан юм билээ. Намайг тэдний нэг гэж ойлгосон байсан. Монголд амьдардаг гэдгээ хэлснээ дараа хүүхдүүд надаас олон зүйлийг асууж, харин би тэдний ярианы хэв маягаас ойлгоогүй зүйлээ асууж ярилцаж байхдаа олон найзтай болж байсан. Одоо Монголоос очих гэж байгаа хүүхдүүд байгаа бол эхнээсээ нээлттэй байгаарай гэж хэлмээр байна. Энийг ингээд хэлчихвэл зөв болов уу, буруу юм болов уу гэж бодохгүйгээр чөлөөтэй байгаарай гэж хэлнэ.
Чамайг California-с ирсэн юм биш үү гэж асуусан гэсэн. Тийм хэмжээнд хүртэл хэлийг хэрхэн сурсан вэ?
Би тухайн үед 48-р сургуульд сурдаг байсан. Англи хэлний сонгоны ангид явдаг. Багш маань дүрмийн мэдлэг маш сайн өгч чадсан гэж боддог. Үүний хажуугаар Netflix-ын кинонууд үзнэ. Гадуур явж байхад гадаад хүн тааралдвал ойр зуур ч хамаагүй ярихыг оролддог байсан юм. Ярихдаа олон алдаа гаргаж байсан ч тэндээс л суурь нь тавигдсан гэж хэлж болно. Америкт очоод шууд мундаг байгаагүй ч, бас муу байгаагүй. Эхэндээ юу ярьж байгаа дээр нь төвлөрөх гэж хичээдэг байсан бол удах тусам тэндэхийн иргэн шиг л ярьдаг болсон.
Монголынхоо түүх соёлыг таниулахын хажуугаар, гадны орны соёлыг өөртөө хэрхэн бий болгосон талаараа хуваалцаач?
Ач холбогдолгүй зүйлд анхаарал хандуулахаа больсон байсан. Надад эвтэйхэн, тухтай санагдсан зүйлээ бусдаас хамааралгүй хийдэг. Хүнийг боловсролтой, боловсролгүйгээр нь ялгаж харьцалгүй, байгаагаар нь харж хүлээж авч сурсан. Гоё ганган хувцас сонирхол татахаа больчихдог. Бүх зүйл маш энгийн гэж бодвол амар тайвныг мэдэрнэ шүү дээ.
Танай сургуулийн хичээлийн үйл явц яаж явагддаг, хичээл сонголтоо хэрхэн хийдэг талаар бидэнд ярьж өгөөч? Чиний хувьд ямар хичээл судалж байсан бэ?
Тухайн жил ковидоос үүдэлтэйгээр миний хувьд 8 хичээл судлахаар сонгож байсан. Хичээлийн хуваарийн хувьд эхний өдөр 4, дараагийн өдөр 4 хичээл үзнэ. Нэг нэг өдрөөр ээлжилдэг байсан гэсэн үг. Би маркетинг, Еврейчүүдийг дэлхийн 2-р дайны үед хомроглон устгаж байсан тухай буюу түүхийн хичээл, Англи хэл, хоор дууны хичээл, Испани хэл, Анатоми, Математик, Америкийн түүх гэсэн хичээлүүдийг сонгон судалж байсан юм.
Монголд хичээлд суух, Америкт хичээлд суух нь хоорондоо ямар ялгаатай байсан вэ?
Маш их ялгаатай. Монголд хуулан бичлэг их хийлгэдэг бол Америкт бичлэг үзүүлнэ. Анатомийн хичээл дээр лабораторид маш олон туршилт хийж байсан. Жишээлбэл хонины зүрхийг зүсээд хаана нь артери буюу вений судас байгааг олох ч юмуу, биологийн хичээл дээр сууж байсан хүүхдүүд наймаалж зүсэж үзсэн гэсэн. Эхлээд сонсоход бага зэргийн аймаар шүү. Багш нартаа энийг ойлгохгүй байна гэвэл эхнээс маш гоё тайлбарлаж өгдөг. Бас анги бүрт спикертэй, багш нар микрофонтой. Тэр нь ангийн голд тазанд суурилагдсан байдаг. Тийм учраас араар сууж байгаа хүүхэд сонсохгүй байна гэсэн ойлголт байдаггүй. Энэ нь надад маш их таалагдсан.
Америк болон Монгол ахлах сургуулиудын хувьд орчны ялгаа, онцлог нь ямар байсан вэ?
Цайны газар нь том, амрах өрөөтэй, олон төрлийн кабинетууд, номын сан, гадна хооллох талбай, спорт заал, хүүхдэд зориулсан орчныг маш сайн бүрдүүлж өгсөн гэж харсан. Анги танхим том учраас хүүхдүүд олуулаа сурсан ч болохоор юм билээ. Манай сургууль нийт 600 гаруй сурагчтай. Ангийн сурагчийн тоо хичээл сонголтоосоо хамаараад өөр өөр байдаг. Нэг ангид дээд тал нь 20 хүүхэд сурдаг.
Сургуулиас гадна, хамт амьдарсан Америк гэр бүлээсээ юу сурсан вэ? Мөн тэмдэглэлт өдрүүдийг хамтдаа хэрхэн өнгөрүүлж байсан талаарgа хуваалцаач?
Миний очсон айлын хувьд залуу гэр бүл байсан. Би дээрээ нэг ахтай, 2 охин дүүтэй болсон. Харилцааны хувьд хоорондоо маш нээлттэй, алиа хошин зантай тийм хүмүүс байсан. Бүтэн сайн өдөр болгон хамтдаа кино үздэг. Миний хувьд Америк ээжээсээ маш их зүйлийг сурсан гэж боддог. Үргэлж бусдын төлөө гэдэг, өөрийгөө бараг боддоггүй тийм хүүхэд байсан юм билээ. Чи л өөрөө өөрийнхөө төлөө байх ёстой. Үүнийхээ төлөө тэмцэхийг, зоригтой байхыг надад сургасан хүн юм шүү дээ. Тэмдэглэлт баярын тухайд гэвэл сүнсний баяраар бараг 3кг чихэр цуглуулж байлаа. Баяр болгонд ач холбогдол өгдөг, гэрээ чимэглэдэг, үүнийгээ дагаад маш гоё халуун дулаан уур амьсгал бий болдог.
Америк болон Монгол хүүхдүүдийн сэтгэлгээний ялгаа өөрт тань анзаарагдсан уу?
Монгол хүүхдүүдийн хувьд эцэг эхээсээ хамааралтай байдал их байдаг бол Америкт эсрэгээрээ 18 нас хүрсэн бол, зарим нь бүр 16 настай байхдаа бие даагаад амьдраад эхэлчихсэн байдаг. Олон талын мэдлэгтэй, аливаад нээлттэй, сониуч хандлагатай хүүхдүүд байсан учраас надад суралцах зүйл их байсан.
Монгол улсаа сурталчлан таниулах тал дээр ямар нэг арга хэмжээ зохион байгуулж байв уу?
9-р сард эмээ өвөөгийн өдөр гэж болдог байсан юм. Тэр үед би Америк ээж аавынхаа аав ,ээжүүдийг уриад Монгол хоол хийж өгсөн юм. Ногоотой шөл, салад гэх мэт олон хоол хийж өгсөн юм байна. Үүний дараа 11-р сард олон улсын боловсролын өдөрлөгөөр 10-р ангид ороод монгол дээлээ өмсчихсөн “Хэнтийн өндөр ууланд” аяыг тоглоод жижигхэн Монгол гэр сонирхуулж, шагай тоглуулж байсан юм. Дараа жил нь 3-р сард энэ үйл ажиллагаа дахиад болж байлаа. Хүүхдүүд ‘’The Hu’’ хамтлагийг мэддэг юм билээ. Мөн Монголоос олдож байсан динозаврын ясны олдворын тухай их сонирхон, асууж байсан.
Аялах боломжийг өөрөө би болгодог уу? Эсвэл Флекс хөтөлбөрийн зүгээс зохион байгуулдаг уу?
Амьдарч байгаа Америк гэр бүлээс их зүйл хамаардаг. Миний амьдарч байсан айлын хүмүүс аялах хүсэл сонирхол их байсан нь надад нэг талаараа боломж болсон гэмээр юм уу. California, Los Angeles гэх мэт олон газраар аялсан шүү. Хөтөлбөрийн зүгээс аяллын хөтөлбөр гаргадаг л даа. Гэхдээ төлбөрөө өөрөөсөө гаргах хэрэгтэй болдог гэсэн үг. Мөн тэмцээн уралдааны чиглэлээр явж болдог.
Флекс хөтөлбөрт хамрагдсаны дараа өөрт тань ямар боломжууд нээгдсэн бэ?
Өөрийгөө Америк яваад сураад л ирнэ гэж бодтол, надад олон давуу тал бий болсон байсан. Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны гишүүн болж, АНУ-ын элчин сайдын яамтай хамтарч ажиллаад, Флекс хөтөлбөрийн Улаанбаатар хотын төлөөлөгч болсон гээд олон өөрчлөлт байгаа. Alumni community маш олон зүйлс хийдэг, түүнд оролцох, Флекс гэдэг нэрээр овоглож байгаа гээд хэлээд байвал маш олон байна.
Америкт очсоны дараа хэцүү зүйл нь юу байсан вэ?
Шөлөө их санасан даа. Олон нислэг дамжаад ядарсан болоод ч тэр үү ээжийнхээ хийж өгдөг шөлтэй хоолыг санаад уйлж байсан. Тэгээд Америк ээждээ хэлээд орох материалаа бэлдүүлээд шөлөө хийгээд ууж байсан. Цагаан сарын үеэр гэрээ бас нэлээн санасан шүү. Нэг хэрэгтэй зүйл сурсан нь сэтгэл санаа, мэдрэмж ямар байгаагаа бусдад хэлж чөлөөтэй илэрхийлж сурсан явдал юм. Би хэлэхгүй бол бусад хүн надад ямар байгааг, өөрт нь гомдсон уу үгүй юу мэдэхгүй шүү дээ. Буруу ойлголт үүсгэхгүйн тулд өөрийнхөө бодлыг хэлж байх нь зөв юм билээ.
Флекс хөтөлбөрөөр суралцахад бүх зардлыг нь байгууллагаас даадаг, мөн сар бүр тэтгэлэг өгдөг шүү дээ.Түүнийгээ таны хувьд хэрхэн зарцуулж байв?
Намайг сурч байхад 125$ өгч байсан сүүлийн жил байсан. Жаахан харамсалтай. 2022-2023 оны хичээлийн жилээс эхлээд 200$ өгдөг болсон юм. Очсоныхоо дараа нэлээн үрэлгэн сурагч байлаа. Хэсэг хугацааны дараа ингэж болохгүйгээ ойлгоод мөнгөө цуглуулж байгаад зөөврийн компьютер авсан. Төлөвлөгөө гаргаад мөнгөө зарцуулж эхэлсэн. Хоёр сарын тэтгэлгээ цуглуулж байгаад мөн 12 сард Las Vegas руу 300$тай аялж байсан юм.
Америкт суралцах үедээ сайн дурын ажил хийж байсан уу?
Амьдардаг газар маань жижиг учраас сайн дурын ажил хийх боломж тийм ч их гараагүй. Сургууль дээр спортын тоглолт болох үеэр хоол хийх ч юм уу, номын санд хүүхдүүдийн тараасан номыг цэгцлэх ажил хийж байсан.
Флекс хөтөлбөрт оролцохдоо эссэгээ хэрхэн бичиж байв? Мөн ямар асуулт ирж байсан вэ?
Эхний шатны эсээн дээр өөрийгөө сайн бичлээ гэж бодсон ч олон алдаа гаргасан байснаа дараа нь харсан. Эсээ бол энэ таны рекламын орон зай гэдэг шиг л өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж гэж ойлгоосой гэж хэлмээр байна. Үүнийгээ бүр тултал нь ашиглаарай гэмээр байна. Бас нэг зүйл нь бичсэн эсээгээ өөр хэн нэгнээр уншуулаад үзээрэй. Хэрэв сөрөг агуулгатай асуулт байвал хариултаа эерэгээр дуусгахыг хичээгээрэй. Асуултын гаргалгааг олоод эерэг эсээ бичээрэй. Асуултын тухайд гэвэл зөвхөн Америкт очихыг хүссэн гэхээс илүүтэй холын бодол, дараагийн зорилгоо бичээрэй гэж зөвлөмөөр байна.
Энэ хүрээд Америк суралцсан миний түүх цуврал подкастын маань энэ дугаар өндөрлөж байна.
За Баярлалаа. Баяртай.
Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.
▶️Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
#MASA