Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн зочноор Columbia их сургуульд магистраа хийсэн нэгэн бүсгүйг танилцуулж байна. Өөрийгөө уншигчдад танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Дуламзаяа гэдэг. Би 2-р дунд сургуулийг, дараа нь Санхүү Эдийн Засгийн их сургуулийг Бизнесийн Эдийн Засагч мэргэжлээр сурч төгссөн юм. Тэгээд оюутан байхаасаа л судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой учраас макро түвшний шинжилгээ, судалгаа хийх гол байгууллага болох Монголбанкны Мөнгөний бодлогын газарт ажилд орохыг сонирхох болов. Азаар намайг төгсөхөд ажлын байр зарлагдаж, шалгалт өгч, Төв банкны эдийн засагч болсон юм. Төв банканд 5 жил ажиллаад, дараа нь АНУ-д магистраа хамгаалж, эргэж ирээд ажиллаж байна.
Анх магистрт сурахаар явахдаа яагаад АНУ-ыг сонгож сурахаар шийдсэн вэ?
Анх ажлын хамт олноосоо АНУ-д сурах боломж байгааг олж мэдээд АНУ-д сурах мөрөөдөлтэй болсон. Нэгэнт сурахдаа дэлхийн шилдэг сургуульд сурахыг хүссэн. Гэвч надад хангалттай санхүүгийн боломж байгаагүй. Тэгэхээр хөтөлбөр болоод тэтгэлэгүүдийг хослуулах байдлаар судалсан. Залууст мөн тэтгэлэгээ харгалзаж сургуулиа сонгохыг зөвлөнө. Би эдийн засагч мэргэжилтэй, энэ чиглэлээрээ гүнзгийрүүлж суралцахад манай Колумбын Их Сургуулийн PEPM хөтөлбөр их таалагдсан учраас сонгосон юм.
Сургуульдаа хэрхэн бэлдсэн вэ? Ажлын хажуугаар бэлтгэлээ яаж амжуулж байв?
Сургуульдаа сурахаар явахад тийм ч амар байгаагүй. Эхний жилдээ сургуульдаа тэнцсэн ч, тэтгэлэгтээ тэнцээгүй. Дараа жил нь дахин өргөдөл гаргахдаа нэлээн ахиц дэвшил гаргаж байж тэтгэлэг олдох юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс ч эсээ, CV–гээ сайжруулж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарсан, edX платформ дээрх Олон улсын валютын сангийн үнэгүй, сертификаттай курсуудыг авч судалсан. Мөн хэлний шалгалтын оноогоо дээшлүүлсэн.
Суралцсан хөтөлбөрийнхөө талаар, ямар ямар хичээлүүд үздэг байсан вэ?
Би Колумбын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургууль (SIPA)-д Эдийн Засгийн Бодлогын Удирдлагын Хөтөлбөр (PEPM)-т суралцсан. Манай PEPM хөтөлбөрийн онцлог нь эдийн засгийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагад ажилласан туршлагатай боловсон хүчний боловсролыг дээшлүүлэх зорилготой. Намайг сурч байхад манай хөтөлбөрт 52 хүүхэд сурсан, түүний 47 нь 26 өөр улсын оюутнууд буюу олон үндэстнүүд цугласан хөтөлбөр байлаа. Хичээлийн хувьд энгийн магистртай харьцуулбал илүү ачаалалтай, 3 семестерийн хугацаатай сурдаг, шахуу хөтөлбөр. Тэр бүрдээ 6, 6 хичээл үзээд төгсдөг. Сургалтын явц нь долоо хоног бүр бага багаар ахиулдаг учраас нэг удаа хэт их хэмжээний ачаалал өгөхгүй. Тэгэхээр цагаа зохицуулахад тохиромжтой байсан. Ер нь хичээл бүр дээр багаар ажилладаг, энэ нь багийн ажиллагааг сайжруулдаг. Багаараа хамтран шинжилгээ хийж, судалгааны ажлууд бичдэг байлаа.
Сургалтын төлбөрөө яаж санхүүжүүлж байсан вэ? Ямар тэтгэлэгт хамрагдсан вэ?
Сургалтын төлбөрөө Дэлхийн банкны тэтгэлэгт хөтөлбөрөөр санхүүжүүлсэн. Энэ тэтгэлэг нь ихэвчлэн магистрын хөтөлбөрт санхүүжилт олгодог. Гол донор нь Японы засгийн газар. Онцлог нь 20-оод сургуулиудын хөгжлийн эдийн засаг, эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр хөтөлбөрүүдийг онцолж, уг хөтөлбөрт тэнцсэн, хөгжиж буй орны хүмүүст тэтгэлэг шалгаруулж өгдөг. Өрсөлдөөн ихтэй, олон хүн хүсэлт гаргадаг. Намайг сурах жил 12 хүн тэтгэлэг авсан. Давуу тал нь тэтгэлэгт сургалтын төлбөр, амьдрах зардал, очих буцах тээврийн зардал, эрүүл мэндийн даатгал гээд бүгд багтдаг. 100%-ын тэтгэлэгтэй учраас ажил хийхийг зөвшөөрдөггүй. Мөн сурч төгсөөд, эх орондоо очиж ажиллах шаардлага тавьдаг.
Колумбын их сургуулийн онцлог, давуу талууд нь юу байсан вэ?
Колумбын их сургууль бол том сургууль, тиймээс ч шилдэг профессоруудтай. Хичээлүүд нь бодит жишээн дээр дүн шинжилгээ хийж, кейс сургалтын материалууд өгөөд түүнийгээ уншиж судлаад, өөрийнхөө үндэслэлийг гаргаж ирээд, дүн шинжилгээ хийдэг. Энэ нь хүний ажил дээр гараад тулгардаг асуудлуудыг тал бүрээс нь хараад дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадварыг илүү хөгжүүлж өгө ач холбогдолтой санагдсан. Бас нэг онцлог нь сургалтын хөтөлбөр нь их хурдан шинэчлэгддэг юм билээ. Дөнгөж шинээр нийтлэгдсэн судалгааны үр дүнг хичээлийн хөтөлбөртөө оруулсан байдаг, мэдээллийн хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлж явдаг.
Эсээгээ хэрхэн сайжруулсан тухайгаа бас хуваалцахгүй юу?
Миний хувьд эсээгээ бичихдээ хэдэн удаа сэргээж бичиж, олон ч засвар оруулсан. Засах бүрт эсээ улам сайжирдаг. Эсээ бичихдээ, хүн эхлээд өөртөө асуулт тавих хэрэгтэй санагддаг. Яагаад намайг энэ хөтөлбөрт авах ёстой вэ? Эсвэл яагаад би ийшээ явах гээд байгаа вэ? гэх мэт. Асуултынхаа хариултыг сайн бодоод, энэ зорилгодоо хүрэхэд надад боломж байгаа ч, мэдлэг дутаж байгаа учраас сурах хэрэгтэй байна. Зорилгодоо хүрэхэд энэ сургуулийн энэ хөтөлбөр тусална гэдгээ тодорхой бичвэл хэрэгтэй санагдсан.
Суралцаж байхад хүнд хэцүү зүйлтэй тулгарч байсан уу? Хэрхэн давж байв?
Хэлний тал дээр хэцүү үе байсан. Нэг хичээл дээр 2 ч удаагийн мэтгэлцээн зохиогдоод, эхний мэтгэлцээнд хэлний бэрхшээлээс, бас сайн бэлдээгүйгээс их муу оролцсон. Хоёр дахь мэтгэлцээн нь Европын өрийн хямралын талаар, хямралын үед яаж оновчтой шийдэлд хүрэх вэ? гэдгээр мэтгэлцэх байв. Би Европын хямралын талаар сайн мэдэхгүй байсан учраас энэ сэдвээр судалгаа, материалууд олныг уншиж, судлан, ингэж асуувал ингэж хариулна гээд нэгд нэгэнгүй бэлдсэн. Тэгээд мэтгэлцээний өдөр бүх бэлдсэн санаануудаа хэлээд, амжилттай оролцож, манай профессор тухайн өдрийн бонус оноог надад өгч байсан юм. Тэр бол их гоё дурсамж. Хүн өөрөө сайн бэлтгэлтэй байх юм бол ямарч бэрхшээлийг давж болдог юм байна гэдгийг ойлгож авсан.
Хичээлээс гадуур арга хэмжээнүүдэд хир оролцож байв?
Манай сургууль олон улсын харилцааны сургууль учраас 7 хоног бүр хичээлээс гадуур алдартай зочин урьж, илтгэл, семинар зохион байгуулдаг. Хичээлээс гадуур улс орнуудын үндэсний өдөрлөгүүд их болдог. Түүн дээр тухайн улсынхаа талаар оюутнуудад танилцуулна, үндэсний хоолоор нь дайлна. Оюутнуудынхаа стрессийг тайлах зорилгоор 7 хоногийн 4 дэх өдөр бүр орой 6 цагаас happy hour болдог байлаа ????.
Хичээлээс гадуур долоо хоногт 2-3 удаа гүйдэг. Бас хааяа нэг сургуулийнхаа gym-д орж, теннис тоглоно. Ер нь бол аль болох ажлын өдрүүдэд бүх хичээлээ хийгээд, амралтын өдрүүдэд өөртөө цаг гаргахыг хичээдэг байсан. Би өмнө нь АНУ-д очиж үзээгүй учраас үзэж харах юм их. Тэгээд амралтын өдрүүдэд найзуудтайгаа гадуур гарна. Нью Йорк хотын музейнүүд хүссэнээрээ хандив өгч ордог, тогтмол шинэ үзэсгэлэнгүүд гардаг нь гоё. Ер нь Нью Йорк хотод хийх зүйл хэзээ ч дуусахгүй, цаг зав нь л байвал.
АНУ-д сурч байхад дурсамжтай сайхан үеийнхээ тухай бидэнд хуваалцаач.
Манай ангийн хүүхдүүд олон улсаас ирсэн учраас хамтдаа юм үзэх дээр их санал нийлдэг. Миний сурсан хөтөлбөр 1 жилийн хугацаатай учраас аль болох завтай үедээ олон газар очиж үзэхийг зорьсон. Сарын хэрэглээний зардлаа хэмнэж байгаад АНУ-ын 15 муж, хэд хэдэн хотуудыг үзсэн. Хамгийн гоё дурсамж нь ангийнхаа 7 хүүхэдтэй хамт АНУ-ын баруун эргээр 10 хоног аялж байсан юм. Аан тийм цас орохоор хичээл амарчихдаг юм байна лээ. Нэг удаа маш их цас ороод, тэр өдөр ангийнхан кампус дээр цуглаад, гол нь байдаг номын сангийн том шатан дээр чаргаар гулгаж, цасаар байлдаж тоглосон байдаг юм. Тэр өдөр маш гоё дурсамж үлдээжээ.
Монгол, АНУ хоёр орны сургалтын системийн ялгаа юу байсан гэж харсан вэ?
АНУ-ын томоохон сургуулиуд хөрөнгө санхүүжилт хангалттай их. Тэр хэмжээгээрээ тоног төхөөрөмж сайн, цар хүрээ томтой. Жишээ нь манай сургууль гэхэд 21 номын сантай. Монголд номын сангаас 1 ном аваад маргааш нь буцааж өгдөг бол тэнд 1 номыг 1 семестрээр нь өгчихдөг юм байна лээ. Мөн АНУ-ын сургуулиуд мэргэжилтэн, төгсөгчдийн карьер хөгжилд их анхаарал хандуулдаг санагдсан. Сургууль бүрд карьер хөгжлийн төв байдаг. Уг төв нь оюутнуудыг цаашид ямар чиглэлээр ажиллах вэ гээд карьер зөвлөгөө өгч тусалдаг. Бас АНУ-ын сургуулиуд нь ажлын байраар хангах нэгдсэн мэдээллийн системтэй. Тэнд нь төрөл бүрийн ажлын болон дадлага хийх заруудыг байршуулдаг. Сургуулиа төгссөний дараа ч ажлын зар, мэдээлэл авч болдог нь гоё. Монголын их сургуулиуд энэ чиглэлд цаашид хөгжих байх.
Сүүлийн асуулт байна. Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ?
Миний хувьд мэргэжлээ өөрийн давуу тал дээр тулгуурлан сонгосон. Тухайн үедээ судалгаа сайн хийгээгүй ч, азаар сонгосон мэргэжил маань миний дуртай зүйл мөн байсан. Залуус мэргэжлээ сонгохдоо аль болох өөрийнхөө дур сонирхлыг харгалзах, мөн ирээдүйд илүү эрэлттэй болох мэргэжлийг сонгоорой гэж зөвлөе. Миний хувьд АНУ-д сурсан маань миний өөртөө оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт, амьдралын маань хамгийн дурсамжтай, гоё цаг хугацаа байсан. Тийм болохоор аль болох олон Монгол залуус гадаад оронд сурч ирээд, хамтдаа улс орондоо хэрэгтэй зүйлсийг хийж бүтээгээсэй гэж хүсдэг.
За, их баярлалаа. Цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Та бүхэн Б.Дуламзаяагийн сонирхолтой түүхтэй подкастыг дараах холбоосуудаас орж бүрэн эхээр нь дуустал нь сонсоорой!
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл