Alumni stories

Б. Батзаяа: АНУ-ын Fulbright хөтөлбөрийн төгсөгч, Unread Media-гийн гүйцэтгэх захирал

Та өөрийгөө манай уншигчдад маань дэлгэрэнгүй танилцуулаач.

Юуны өмнө намайг урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Батсайханы Батзаяа гэдэг. Хүмүүс голдуу Зак гэж дууддаг. Миний хувьд 2014 оноос хойш Start Up Entrepreneurship чиглэлээр ажиллаж байна. 2015 онд хоёр найзтайгаа 3-уулаа байгуулсан. Unread Media-гийн гүйцэтгэх захирлаас гадна 2019 он хүртэл Бату дижитал гээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн компанитай байсан. Arvis publishing гэх мэт олон жижиг Start Up компаниудтай хамтраад ажиллаад явж байна.

Start Up буюу гарааны бизнесийн ажлын онцлог юу вэ?

Бүх зүйл технологи суурьтай болж байгаатай холбоотой улс орон бүрт маш олон гарааны бизнес эхэлж байгаа. Миний хувьд бүтээгдэхүүний дизайн чиглэлээр сурч магистраа хамгаалсан. Монголд ирсний дараа мэргэжлээрээ ажиллахыг хүссэн, ажиллах боломжтой газрууд ч байсан. Гэвч нэлээн бодож байгаад 2014 оноос Start Up жижиг кампаниуд эхлүүлээд ажиллаж байна. Start Up өөрөө нэг талаараа хэцүү боловч бас сонирхолтой ажил. Ямар ч улс оронд жижиг дунд байгууллагууд чухал үүрэгтэй байдаг тиймээс зайлшгүй байх ёстой зүйлийн нэг гэж боддог.

LEAD хөтөлбөрийн хүрээнд ямар төслүүдэд оролцож байсан бэ?

Unemployment and Poverty Allevietion төслийн ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах багийн гишүүнээр өмнө ажиллаж байсан. Бидний хийж гүйцэтгэсэн төслийн зорилго гэвэл ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг шалгаруулж аваад ажил олгогч чинь яг юу хайж байгаа вэ гэдэг талаар сургалт явуулсны дараа хамтрагч байгууллагуудад тухайн шалгарсан залуус дадлага хийх боломж олгосон юм. Үүнээс ажлаа олж чадсан хүмүүс олон байгаа. Сургагч багш нар, өөрсдөө болон гадны менторуудаас гадна хөдөө орон нутгаас хүртэл оролцох хүмүүсийнхээ хотод байрлах зардлыг нь даагаад оролцуулж байсан.

Fulbright тэтгэлэгт хэр удаан бэлдсэн бэ? Хэрхэн яаж тэнцэж байсан бэ?

2011 онд манай авга ах өөрийгөө хөгжүүлж энэ хөтөлбөрт хүсэлт гаргаа гэж хэлээд зөвлөснийг нь хүлээн аваад шалгарах хүртлээ жил хагас бэлдсэн. Шаардлагатай GRA болон TOEFL-ийн шалгалт өгснөөс гадна ерөнхий байдаг л мэргэжлээр сурахыг хүсээгүй учраас нарийн мэргэжил хайж олсон. Тэгээд 2012 оны 7 сард тэнцээд явсан.

Нарийвчилсан мэргэжлээ яаж сонгосон бэ? Бакалавраа ямар мэргэжлээр төгссөн бэ?

Бакалавраа IT менежментээр төгссөн ч IT суурьтай бүтээгдэхүүний менежмент рүү арай илүү төвлөрсөн. 2011 онд анх New Media байгуулагдаж байхад би анхны 3 хүний нэгээр орж ажиллаж байсан юм. Тэндээс зөвхөн code developer байх нь хангалтгүй санагдаж бүтээгдэхүүний менежментийг дараагийн төвшинд гаргах хэрэгтэй юм байна гэж анзаарсан. Миний мэргэжил бол Human Computer Interaction буюу хүний компьютертой, дижитал төхөөрөмжтэй interact хийдэг бүтээгдэхүүний дизайнийг хөгжүүлэх чиглэлийн мэргэжил юм. Гадны хэрэглэхэд амар, үнэ цэнэтэй, минимал бүтээгдэхүүнүүдийг хийхэд Cognitive Psychology ашиглах буюу мэдээллийг хүлээж авч боловсруулаад түүнийгээ ашиглах амар хялбар гэх мэт маш олон сонирхолтой зүйлс байсан учир энэ мэргэжлийг сонгох шийдвэр гаргасан. Тэгээд энэ чиглэлээр 2 жилийн дотор магистраа хамгаалсан юм. Шаардлага өндөр тавьдаг багштай байсан учраас зуны семестрт дипломоо 3 дахин давтан бичиж 173 хуудас дипломын ажил бичиж байж шаардлагад нь нийцэж төгссөн байдаг юм.


Америкт сурч байх үед хамгийн хэцүү байсан зүйл юу байв? Юунд илүү бэлтгэлтэй байсан бэ? Эсвэл хамгийн азтай, завшаантай, баяртай мөч гэвэл ямар үе байсан бэ?

Унших, бичих арга барил суугаагүй хүн очоод Америкийн магистрийн сургуулийн төвшинд юм бичнэ гэдэг өөр төвшний юм байсан тул их сорилттой, хэцүү санагдаж байсан. Ялангуяа эхний семестрт унших юмыг нь уншиж барахгүй, яаж унших арга барилаа олохгүй их хэцүү байсан. Бүх зүйлийг нь нэг бүрчлэн уншвал амжмааргүй, 7 хоног бүр бичих маш их эссэтэй дээр citation бичих, аль citation-аар бичих гэх мэт зүйлүүд нь хэцүү санагдсан. Магистрын төвшний бичих болон унших арга барилыг маш сайн анхаарах ёстой юм байна лээ. Аз жаргалтай үеүд маш олон байсан. Хамгийн эхнийх нь гэвэл гайгүй үнээр байр түрээсэлж эхэлсэн. Дараа нь өрөөний хамтрагчийнхаа хуримд очсон явдал ч мөн их завшаантай. Америкт магистрын зэрэг дүүргэсэн туршлага бол миний хувьд өөрчлөлт их авчирсан явдал гэж хувьдаа дүгнэдэг.

Өнөөдрийн Закыг бүтээхэд Америкт сурсан мэдлэг туршлага чинь хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?

Маш их нөлөөлсөн. Америкт сурсан тэр 2 жилээ яг өөртөө зориулах гэж хичээсэн. Тухайн үед өөрийнхөө сайжруулмаар байгаа зүйлсийн жагсаалтаа гаргаж, өөртэйгөө нэлээн ажиллахыг хичээсэн. Хамгийн энгийн workout буюу дасгал хөдөлгөөн хийхээс эхлээд. Одоо л жоохон алдчихсан байгаа болохоос 2014 онд ирэхдээ нэлээн fit байсан. 6 pack биш ч гэсэн 4 pack-тай байсан. Өөрийгөө өөрчлөх гэж олон талаасаа нэлээн хичээсэн. Ялангуяа орчин маш их нөлөөлсөн юм байна лээ.

Энэ тэтгэлгийг авахад юу их нөлөөлсөн гэж бодож байна? Одоо Fulbright-ын тэтгэлэг авахаа бэлдэж байгаа сурагчдад юуг анхаараарай гэж зөвлөх вэ?

Маш олон зүйл нөлөөлөн байх. Миний бодлоор зүгээр л магистрын диплом авах гэсэндээ биш өөрөө яг яагаад сурах гэж буйгаа, ямар чиглэлээр сурах гэж байгаагаа, үүнийг сурснаар ямар өөрчлөлт авч ирж чадахаа маш сайн мэдэх ёстой юм шиг санагддаг. Ярилцлага дээр маш олон төрлийн зүйл асуудаг. Би технологийн эрэн зуунд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэхэд үнэ цэнэтэй болгодог Human Computer Interaction мэргэжлээр сурсан хүн Монголд нэг ч байдаггүй талаар ярьж байсан. Сурсныхаа дараа эх орондоо эргэн ирж энэ чиглэлээр хэрэгтэй зүйлүүд хиймээр байна гэж хэлж байсан. Одоо ч хийж байгаа. Тиймээс яг яагаад сурахыг хүсч байгаагаа тодорхой шалтгаантайгаар илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь: Ярилцлага авч байхад надаас их хэцүү зүйлүүд асууж байсан. Нэг ах нь миний хийсэн зүйлийг утсан дээрээ гаргаж ирээд ажиллахгүй байна гэсэн юм. Тэгэхээр нь хартал утаснаасаа болсон байсан тул таны утас болохгүй байна гэлээ. Тэгсэн яагаад миний утсан дээр ажиллахгүй зүйл хийсэн юм гэхээр нь хүн болгон тань шиг iphone барьж чадахгүй. Та яагаад зөвхөн өөрөөрөө хараад байгаа юм бэ гээд хэлчихсэн. Дараа нь шал дэмий юм хэлчихлээ дээ одоо ч би тэнцэхгүй байх гэж бодож байтал хэдэн хоногийн дараа principal candidate буюу эхний сонголтоор тэнцсэн байсан. Эндээс юу гэж дүгнэсэн бэ гэхээр хэрвээ би тэр хүний ярианд тал зассан бол тэнцэхгүй байх магадгүй байсан байхаа. Харин би өөрийнхөө байр суурыг хүчтэй хамгаалсан нь, өөрийнхөөрөө байсан нь нөлөөлсөн байх гэж боддог. Хэрвээ тэр ах сонсож байвал баярлалаа.  

Яагаад заавал Америкт сурахаар зорьсон бэ? Бусад өндөр хөгжилтэй оронд сурахаас юугаараа давуу байдаг вэ?

Сүүлд Rumsfield-ээр явахад төрийн департаментийн төлөөлөгчийн хэлж байсанчлан Америкчууд итгэл үнэмшлийг сайн бий болгодог юм шиг санагддаг. Мөн дэлхийн шилдэг сургуулиуд, багш, профессорууд Америкт байдаг. Америкт сурах нь соёл боловсролын хувьд их давуу талтай. Миний хувьд Америкт сурч байхдаа санхүүгийн сахилга баттай, мэдлэгтэй болсон. Маш олон орны хүмүүс байдаг тул миний эхний өрөөний найзууд 2 Америк, 1 Малайз байх жишээтэй. Манай дотны найз тэнгисийн цэрэгт алба хааж байсан сайн залуу байсан. Би хуримд нь очсон, эхнэр нь хагас Филиппин. Ер нь маш өөр өөр төрлийн хүмүүс байдаг. Хүмүүсээс нь хүртэл сурч авах зүйлүүд олон байдаг байсан.

Үндсэн ажлынхаа хажуугаар оролцож байсан сайн дурын ажлууд, MASA-гаас зохион байгуулж байгаа төслүүд дээр оролцсон тухайгаа хуваалцвал?

Би Америкийн засгийн газрын тэтгэлгээр сураад ирсэн хүн. Монголд буцаж ирээд ямар нэгэн байдлаар буцааж өгөх хэрэгтэй гэсэн зорилгод минь MASA-ын чиглэл нийцэж байсан болохоор 2015 оноос 2018 оны сүүл хүртэл Америк төгсөгчдийн холбоонд байсан. Хэд хэдэн төслүүд хэрэгжүүлхэд оролцож байсан. Манай Бату дижитал MASA-гийн одоо хэрэглэгдэж байгаа логог хийсэн юм. 2017 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Формын дэргэдэх Global Shapers нийгэмлэгт байгаа. Мөн 2018 онд LEAD хөтөлбөрт оролцсон. Төгсөгчдийн холбоонд нь харьяалагддаг. Сүүлд Rumsfeld Fellowship хөтөлбөрт оролцоод Camca Media Board-д Монголоо төлөөлж орсон. Миний ажиллаж байх үед хүүхэд залуучуудад зориулсан “Зөв сонголт гэрэлт ирээдүй” гээд мэргэжлээ зөв сонгоход тусалдаг хөтөлбөр хэрэгжиж байсан. Одоо ч гэсэн явагдаж байгаа. 

Одоо мэргэжлээ сонгож байгаа хүүхэд залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

Чиний хийхийг хүсдэг зүйл болон чиний хийж чаддаг зүйл гэж байдаг. Энэ хоёроо сайн харж байгаад, тодорхой хэмжээгээр огтлолцуулж байгаа юм юу байна гэдгийг маш сайн бодох ёстой байх. Тэгэхгүй бол зүгээр л энэ миний хийхийг хүсдэг зүйл гээд явах нь өрөөсгөл зүйл. Эсвэл миний чаддаг зүйл гээд түүндээ дуртай биш байгаад байх бол бас онцгүй. Миний бодлоор маш чадвартай инженер би дуулах хүсэлтэй гээд дуулаад яваад байж болохгүй байхаа. Тэгэхээр энэ хоёрынхоо balance-ийг барих нь чухал.

Жишээлбэл би хэдий олон зүйл сонирхдог ч тэр болгоныг нийлүүлсэн зүйл юу байна гэхээр Human Computer Interaction нь Interdisciplinary болохоор сурч байх явцдаа сэтгүүл зүйн, менежментийн, дизайны хүртэл хичээлүүд үзэж байсан. Тэндээс өөрийгөө яг цэвэр IT-гийн хүн биш юм байна. Visual талын зүйлд бас гайгүй гэдгээ ойлгосон. Гэхдээ 100 хувь яг дизайнер эсвэл менежер баймааргүй, юм юм руу орж чаддаг байх хүсэлтэй байсан тул хамгийн interdisciplinary юу байж болохоор байна гэдгийн харсан. Америкийн бас нэг давуу тал. Ялангуяа бакалаврын төвшинд хоёр мэргэжлээр давхар сонгож сурдаг давуу талтай ч магистрын төвшинд ч мөн адил өөрөө сонгодог.

Америкт сурах мөрөөдөлтэй залуучуудад юу гэж зөвлөх вэ?

Америкт сурахад мэдээж асуудлууд бий гэхдээ маш гоё орон. Очих ёстой газруудын нэг. Боломж нь байвал Америкт суралцаарай. Үнэхээр тэнд суралцмаар байгаа бол их хичээж, өөрийгөө олох хэрэгтэй. Бусдад найдахгүй, өөртэй найдаж хичээгээд үзээрэй.  

Манай өнөөдрийн дугаарын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд танд маш их баярлалаа. Танд цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү

Та бүхэн Батзаяaгийн ярилцлагыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.

⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud 
энд  дарна уу.
⏯Anchor 
энд  дарна уу.
⏸Itunes 
энд  дарна уу.
⏏️Castbox 
энд  дарна уу.

 

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: М.Ивээл  |  Постер дизайн: М.Ивээл