Урилгыг маань хүлээн аваад ирсэнд баярлалаа. Манай уншигчдад маань та өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Баатарцогтийн Амар гэдэг би АНУ-ын Duke University-г бакалаврын зэргээр суралцаж төгсөөд 2010 онд Монголдоо эргэн ирээд ажиллаж байна. Миний хувьд арван жилээ төгсөөд л шууд АНУ-руу явах боломж олдож байсан. Тухайн үед USSAP буюу United States Study Achievement Program-д хамрагдан хөтөлбөрөөсөө бэлтгэгдээд АНУ- ын сургуулиудруу өргөдлөө явуулж уг сургуульдаа тэнцсэн түүхтэй.
Та энэхүү United States Study Achievement Program-д хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй бидэнд танилцуулаач. Энэ хөтөлбөр маань Монгол улсад хэрэгждэг хөтөлбөр үү?
Яг тийм, Монголд хэрэгждэг хөтөлбөр байгаа. USSAP гээд хөтөлбөр маань 1999 онд Зимбабве улсад анх эхлээд дэлхийн 13 улсад хэрэгждэг. Сурах хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, чадвартай хүүхэд залуучуудад, тэр дундаа санхүүгийн боломжгүй буюу сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжгүй хүүхдүүдэд сургуульд хэрхэн хүсэлт гаргах, эсээгээ яаж бичих гээд өргөдлөө өгөхөд хэрэгтэй зөвлөмж дэмжлэг үзүүлдэг бүтэн жилийн бэлтгэл хөтөлбөр байгаа. Түүнчлэн сургуульдаа явуулах тодорхойлох захидлыг нь ч мөн бичиж өгдөг. Educational Counseling And Information Center гээд байгууллага зохион байгуулдаг байсан. Одоо ч бас энэхүү хөтөлбөр явагдсаар байгаа байхаа гэж бодож байна. USSAP хөтөлбөрт тэнцсэнээрээ АНУ-д суралцах боломж нээгдсэн гэж би боддог. Би 10-р ангид суралцаж байхдаа энэ хөтөлбөрт хамрагдсан юм. Тухайн үед манай ээж ШУТИС-ийн профессор байсан. Аав маань хувийн бизнес эрхэлдэг харьцангуй боломжтой, дундаж давхаргын гэр бүл байсан хэдий ч намайг АНУ-д сургана гэдэг бол тэдний хувьд амаргүй даваа байсан. Тэгэхдээ азаар тэтгэлэгтэй сурах боломжууд байдаг. Би энэ хөтөлбөрөөр дамжуулаад Duke University-д тэнцэж ороод, тэтгэлэг авч суралцсан түүхтэй.
Та Америкт сурахад ямар чиглэлээр ямар мэргэжлээр суралцсан вэ?
АНУ-ын Duke University-г инженерийн чиглэлээр сурч төгссөн. Duke University-гийн нэг том давуу тал нь Инженерийн сургалт нь дэлхийд өндөр үнэлэгддэг их сайн сургуулиудын нэг юм. Би ECE буюу Electronic Computer Engineer гэдэг чиглэлээр бакалавраа хамгаалсан. Түүнчлэн хажуугаар нь эдийн засгийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн. ECE буюу Electronic Computer Engineer гэдэг мэргэжил дотроо би Signal Process гэдэг чиглэлээр нарийвчлан сурч төгссөн.
Арван жилийн төгсөх ангид байхдаа USSAP хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэгт бэлдэж эхэлсэн юм байна. Яг тэр сургуульд өргөдлөө бэлдэж байх үед чиний хувьд хүнд хэцүү зүйл байсан уу?
Тухайн үед интернет одоогийнх шиг хөгжөөгүй байсан. 2006 онд шүү дээ мэдээлэл харьцангуй хаалттай, эсвэл бид яаж хайхаа мэддэггүй байсан тэр үед надад энэ хөтөлбөр их том боломжийг нээж өгч байсан. Өмнөх зун нь TOEFL-доо бэлдэж байгаад шалгалтаа өгчихсөн байсан учраас энэ тал дээр санаа зовох зүйл байгаагүй. Харин SAT-ийн шалгалт давах ёстой том даваануудын нэг болсон. Тухайн үедээ би зориг гарган арван жилийн хичээлээсээ нэг сарын чөлөө авч байгаад, SAT–дээ уйгагүй бэлдэж байсан. Хэрвээ АНУ–д сургууль орж чадахгүй бол Монголдоо ч гэсэн сургуульд орж чадахгүй байж магадгүй учраас тухайн үедээ энэ бол их эрсдэлтэй алхам байсан. Ерөнхий шалгалтын эхний жил шүү дээ. Тэгээд азаар АНУ-д сургуульд тэнцээд явсан. Манай ээж бас Электрон компьютерын инженер байсан учраас би ч мөн энэ мэргэжлээр сурна гэж шийдсэн. Ээжийн хувьд, хэрэггүй дандаа котпьютерийн ард сууна, өөр мэргэжил сонго, гэж зөвлөж байсан. Гэхдээ алдсан зүйл байгаагүй ээ.
Яагаад заавал Америкт сурахаар шийдсэн юм вэ? Юу чамд тэгж их нөлөөлөв?
Энэ түүхийг ярихад 1998 онд манай ээж их сургуулийн багш хүн байсан тул гурван жилийн турш АНУ руу яваад англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх сургалтад явах боломж гарч ирсэн. Ээж маань тухайн үедээ хүүхдээ юм үзүүлж нүд тайлуулъя гэж бодсон байх, намайг дагуулаад явсан юм. Тэгээд би California мужийн бага сургуульд нь гурав дугаар ангиасаа орж сурсан. Тэнд чинь бас анги үсэрч орж байгаа ш дээ. Тэгсэн би тэнд тоондоо гавал, гурван оронтой тоог үржүүлж, хуваагаад л, англи хэлээр асуудалгүй үсэглэхгүй уншаад л, тэгтэл манай ангийнхан болохоор дөнгөж нэмж хасах үйлдлээ сурч байдаг, үсэглэж уншиж байсан. Тухайн үед сургалтын хөтөлбөр нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг, дандаа өөрийн гараар нь юм хийлгэдэг, юмыг, яагаад вэ гэж учир шалтгааныг нь тайлбарлаж, нүдэн дээр нь туршилт хийлгэдэг онцлог сургалтын хөтөлбөртэй байсан. Энэ үеэс эхлээд л би ер нь том болоод АНУ-д ирж сурна гэж өөртөө зорилт тавьсан байсан. Тийм болохоор ЭЕШ ч хамаагүй Америк явна гээд зүтгэчихсэн хэрэг л дээ.
Duke-ыг сонгочихлоо, сургуульдаа тэнцсэн гэдэг мэдээг хэрхэн хүлээж авсан вэ?
Би тэр үеийг их сайн санадаг юм. Хамгийн гол нь би тэтгэлэг авах гэж байгаа хүн, тэтгэлэггүй бол сургуульд явах боломжгүй. Эхлээд нэг сургууль татгалзчихсан. Уучлаарай тэтгэлэг өгөх боломжгүй гээд. Хоёр дохь нь, гурав дахь нь бас татгалзсан хариу өгсөн. Жижиг сургууль нь татгалзчихсан юм чинь том сургууль нь бас татгалзах байх гэж бодоод би сэтгэлээр унасан байсан юм. Тэгээд яагаад ч юм үүрээр нойр хүрдэггүй 5-н цагт босоод тэр үед интернет их удаан арай гэж yahoo И-майл руугээ ороод харсан чинь тэнцсэн танд баяр хүргэе, тэнцэх тэнцэхдээ тэтгэлэгтэйгээр тэнцсэн байна гэсэн И-майл ирчихсэн би тухайн үедээ баярласандаа аймаар л чанга орилсон гэсэн. Аав ээж хоёр бараг л юу болж байна, хүүхдийг маань хулгайлаад аваад яаж байна уу, зүрх нь зогсож байна уу? гээд гүйгээд ороод ирсэн чинь, би баярлачихсан сууж байсан гээд ярьдаг юм. Би тэр мөчийг өөрөө сайн санадаггүй юм. Шоконд орчихсон. Үүнээс би юу ойлгосон вэ? Юуг залуучуудад зөвлөмөөр байна вэ? гэхээр том сургуулиуд тэтгэлгийн хамаагүй их сан хөмрөгтэй байдаг учраас их хэмжээний тэтгэлэг өгөх магадлал нь ч өндөр байдаг юм байна. Жижиг сургууль бол бага тэтгэлгийн сантай тул тэр тусмаа улсын сургууль гадаадын оюутнуудад тэтгэлэг өгөх магадлал нь бага байдаг юм байна гэдгийг ойлгож авсан юм.
За тэнцчихлээ, сургалтын төлбөр тэтгэлэг нь сургуулиасаа өгсөн гэсэн үг үү?
Тийм сургуулиасаа өгсөн. Duke University-гийн хувьд эхлээд аппликэйшинээ явуулчих, хэрэв чи үнэхээр тэнцчих юм бол чиний санхүүг чинь хариуцаж болно гэдэг зарчимтай байдаг. Duke, Harvard, MIT гэх мэт том сургуулиуд цэвэр чиний нөхцөл байдлыг чинь хараад, шалгууруудыг нь хангаж байна уу? Үгүй юу гэж шалгаж, шилж сонгож авчхаад дараа нь санхүүгийн чинь нөхцөл байдлыг задалж үзнэ гэсэн үг. Чи үнэхээр боломжгүй байвал чиний 100% санхүүгийн чинь хэрэгцээг хангана гэсэн үг. Миний хувьд би 80% тэтгэлэг авсан. Үлдсэн 20%-ын багахан хэмжээг нь гэр бүлээсээ аваад, мөн зээл авч, тэгээд мөн өөрөө ажил хийх гэсэн тэтгэлгийн багц байсан. Миний авсан тэтгэлэг нь Pepsi кампанийн Өмнөд Америк Карибын бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг байсан юм. Хувь хүн санхүүжүүлдэг тэтгэлэг гэсэн үг. Уг тэтгэлгийн гол шалгуур мэдээж сайн сурах ёстой, улирал бүр тэтгэлэг өгсөн хүндээ зориулж “Би ийм сайн байна. Ингэж сурч байна.” гээд хувийн захидал бичиж өгөх ёстой.
Өмнө нь 1998 онд хүүхэд байхдаа очиж сурч байсан гэсэн шүү дээ. Дараа нь оюутан болоод 2006 онд дахин очиж сурахад хэр их ялгаатай байв?
Би 2006 онд АНУ-д очихдоо Инчоноор дамжиж нисэж очсон юм. Тэгээд л очсон чинь их сонин нь тосож авах хүн байхгүй, кампус хоосон. Тэгсэн шинэ оюутнуудад зориулаад сургуультайгаа танилцуулах хичээл гэж ордог, түүнээс нь өмнө нь яваад оччихсон байсан. Тухайн үед чинь өдөр бүр Сөүл рүү нислэг байхгүй, нислэг нь тэгж таараад түрүүлээд очсон байсан хэрэг. Тэгээд дотуур байрандаа орсон чинь юу ч байхгүй, хов хоосон, сэнс ч байхгүй, 36, 37 хэмийн халуун 80,90 %-ийн чийгшилтэй, орны даавуу, бүтээлэг юу ч байхгүй, кампус дээр хэн ч байхгүй ганцаархнаа. Тухайн үедээ карт ч байхгүй, аав ээжийн өгсөн хэдэн төгрөгийг халаасандаа хийчихсэн, хаячихгүй юмсан гээд л явж байсан санагддаг юм. Би хаашаа ирчих вэ? Яах гэж ирчих вэ? гэсэн бодол хүртэл төрөөд. “Инээв” Тэгээд ганц хоёр хоногийн дараа сургуультайгаа танилцах хичээл нь эхэлсэн. Хүмүүс ч ирээд, өрөөний хүүхэд ирсэн, азаар сэнстэй хүүхэд байж таараад иймэрхүү хөгжилтэй түүхтэй эхэлж байсан даа.
Суралцаж байх үед хамгийн сайхан дурсамжтай зүйл юу байв? Түүнчлэн бакалаврын зэрэгт сурахад тулгардаг хүнд сорил юу байсан вэ?
Эхний жил жаахан хэцүү байсан. Гэрээсээ хол явсан хүүхэд эхэндээ жаахан том толгойлж яваад тооны хичээл дээрээ унах дөхөж байсан юм. Түүнээс хойш учраа олоод нэлээн сайн хичээсэн дээ. Хамгийн дурсамжтай үе бол эхний жил. Мэдээж гэрээ санан, нутгаа санан, ээжийнхээ хоолыг их санадаг юм байна лээ. Миний хувьд гадаад оюутан учраас эхний жилдээ, тэр тусмаа эхний хичээлийн улиралд “academic reading” гэдэг хичээл авах шаардлагатай болсон. Монголд сурч байхдаа арван жилийн англи хэлний сайн багштай байсан учраас дүрэм дээрээ гайгүй, уншихдаа гайгүй очсон ч гэсэн ярих чадвар яах ч аргагүй дутмаг очсон юм. Тэгээд эхний үедээ хэлний бэрхшээлтэй их тулгарсан. Очоод сандраад л өөрийгөө ч сайн тайлбарлаад танилцуулж чадахгүй байсан минь эхний том сорилт байсан даа.
Миний сурсан жил 1400 орчим хүүхэд нэгдүгээр курст орсон юм. Бүх хүүхдүүд эхлээд онлайнаар хичээлээ сонгоод авдаг байсан болохоор олон хүүхдүүд хичээлээ зэрэг сонгохоор хичээл сонголт хийх их хэцүү, дээр нь би чинь ямар удаан интернетээр холбогдож байгаа билээ. Иймээс шодох журмаар хичээл сонголтын хувиар гаргачихсан байсан. Би хамгийн сүүлд нь таараад сонгох хичээлүүдээ харсан чинь хамгийн гоё ангиуд нь дүүрчихсэн. Тэгээд л харж харж байгаад арай гайгүй нь India American researching гэдэг хичээл сонгоод Инданчуудийн тухай гэж бодсон чинь юун Индианчуудын тухай байх вэ дээ. Хоёр гурав дахь үеийн Энэтхэгээс Америкт цагаачилж ирсэн хүмүүсийн тухай хичээл байсан. Анги маань арван хоёр хүүхэдтэй бүгд Indian-American хүүхдүүд байсан, багш нь хүртэл би ганцаархнаа Азиас ирсэн хүүхэд байсан. Тэгээд юу ч ойлгохгүй, ёстой нэг чармайсан гэдэг нь болсон доо. “Инээв” Их ч нухлуулсан, ямар ч байсан төгссөн. Энэ хичээл миний цаашдын оюутны дөрвөн жилийн сурах явцад хамгийн том чадвар болох өөрөө бие даан суралцах чадварыг олгосон хичээл болж чадсан. Нөгөө сайн чаддаг Физик, тоо, Хими дээрээ муу авчих шахуу яваад байдаг энэ хичээл дээрээ харин B гарчхаж байгаа юм. Дараа жил нь миний яг үндсэн инженерийн хичээлүүд ороод эхэлсэн. Долоо хоног бүр Лабрадорын хичээл орно. Лабрадорын хичээл бүр дээр 20 хуудас тайлан ангиллаар бичдэг. Энэ хичээлийн дараа бол тэр тайлан бичих их амархан санагдаж байгаа юм. Тэгэхээр энэ хичээл хамгийн том сорилт, хамгийн том боломж байсан.
За, Америкт инженерийн чиглэлээр сураад ирсэн байна. Одоо энэ чиглэлээрээ ажиллаж байгаа юу? Одоо яг ямар ажил хийж байгаа вэ?
Одоо энэ мэргэжлээрээ ажиллаагүй. Би төгсөөд АНУ-д ажиллаад үлдэх боломж байсан ч гэсэн би Монголдоо ирэхийг зорьсон. Дөнгөж төгсөж ирээд би NEW COM гэдэг хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилд орж байсан юм. Тухайн үед миний анхны захирлаар Баатарийн Болд гэдэг хүн байсан. Энэ хүнээс би маш их зүйлийг сурсан, үүндээ ч их баяртай байдаг. Одоогийн байдлаар би Хасбанкинд картын бизнес, цахим банкны хэлтэс хариуцсан захирлын ажил хийдэг.
Америкт сурсан үйл явц чиний хувьд ямар Амарийг бий болгож нөлөөлсөн вэ?
Ер нь бол нээлттэй болсон, олон үндэстний өв соёл, уламжлалыг хүндэтгэж сурсан. Үүнээс гадна нэг том сурсан зүйл нь нийгмийн идэвхи буюу сайн дурын ажилд идэвхитэй хамрагдаж сурсан явдал байсан. Монголд амбицтай хүн л нийгмийн идэвхтэй байдаг гэдэг ойлголт байдаг. Энэ нь харин барууны орнуудад, тэр тусмаа Америкт бол шал өөр заавал нийгмийн идэвхтэй байх ёстой гэж нийгэм ч шаарддаг, сургууль ч шаарддаг системтэй байдаг. Ер нь ямар нэгэн зүйл сурсан бол бусадтайгаа хуваалцах ёстой гэсэн санааг тэнд их дэмждэг. Дараагийн нэг сурсан зүйл гэвэл гадаад явж үзсэн, эх орноо санаж үзсэн, бэтгэрч үзсэн хүн илүү эх орноо хайрладаг, үнэлдэг, харамладаг болдог гэдгийг ойлгосон. Илүү эх оронч болдог юм шиг санагддаг.
Өнөөдрийн ярилцлага дуусах дөхөж байна, сүүлийн асуулт болгоод одоо АНУ сурах сонирхолтой залуучуудад мэргэжлээ сонгох тараар ямар зөвлөгөө өгөх вэ?
Youtube ороод мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? “Зөв сонголт гэрэлт ирээдүй” гэж хайгаад арван цуврал теле хичээл байгаа түүнийг үзээрэй. MASA-д ажиллаж байхдаа бид судлагаа явуулаад Монголд оюутнуудын 60% нь сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун бус байдаг гэсэн дүн шинжилгээ гаргасан юм. Хүн өөрийгөө сорьж үзээд, олон талаас нь нээгээд үүн дээрээ үндэслээд мэргэжлээ сонгох юм бол, урт хугацаандаа аз жаргалтай байна. Ирээдүйд юу хэрэгтэй болох вэ? гэж бодоод ирээдүйгээ харсан сонголт хийх хэрэгтэйгээс гадна илүү хөрвөх чадвар талаас нь мэргэжлээ сонгоорой гэж хэлье. Америкт сурна гэдэг нь дааж давашгүй зүйл биш юм шүү. Эртнээс зорилго тавиад бэлд, Монголд EducationUSA гэдэг гээд зөвлөгөө мэдээлэл өгдөг боловсролын төвүүд нээгдэж байна. Гадаад явахын тулд өөрийнхөө хүсээгүй сургуульдаа орно гэдэг утгагүй зүйл байхгүй гэж боддог. Хэрэв хүссэн сургуульдаа орж чадахгүй, шалгалтын оноо хүрэхгүй, бэлтгэл чинь арай дутуу бол, нэг жил өнжөөд үз. Тэгээд сайн бэлд, зорилго тавиад тууштай явах юм бол бүх юм боломжтой. Том сургууль байх тусмаа мөнгөтэй байдаг. Мөнгөтэй байх тусмаа тэтгэлэг өгнө. Ямар ч төвшинд сурсан аппликэйшин, эсээгээ эртнээс бэлдэж байгаад сайн бичээрэй. Тэр чинь чиний сургуульд тэнцэхэд чинь их нөлөө үзүүлдэг шүү. Амбицтай бай.
За их баярлалаа Амараа. Өнөөдөр бидний урилгыг хүлээн аваад өөрийнхөө түүх, туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцсанд маш их баярлалаа.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү
Та бүхэн Баатарцогтийн Амарийн ярилцлагыг дараах холбоосуудаар орж бүрэн эхээр нь хүлээн авч сонсоорой!
SoundCloud: https://bit.ly/2FtvbCd
Anchor: https://bit.ly/3kSb68T
Itunes: https://apple.co/2Lsk1NP
Castbox: https://bit.ly/3auiliu
Stitcher: https://bit.ly/2RT0Bp4
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: М.Ивээл | Постер дизайн: М.Ивээл