News

А. Түмэнхүслэн: АНУ-ын Cornell Их сургуулийн оюутан

Өнөөдрийн манай зочноор Cornell University-д дөрөвдүгээр төвшинд суралцаж буй Түмэнхүслэн уригдаж оролцож байна. Ингээд та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Намайг Авирмэдийн Түмэнхүслэн гэдэг. Одоо Cornell University-д “Олон улсын хөдөө аж ахуй” болон “Байгаль орчин, тогтвортой байдал” гэсэн хоёр мэргэжлээр сурч байгаа. Одоо 4-р курсдээ сурах гээд байж байна. Улаанбаатар хотын 84-р сургуулийг төгссөн. Түүнээс өмнө Говь-Алтай аймагт 8-р анги хүртлээ сурч байсан.

Яагаад Америкийг зорьсон бэ? АНУ-ыг сонгож суралцахад юу чамд ихээр нөлөөлсөн бэ?

Анх бол арван жилээ төгстлөө АНУ явна гэсэн бодол байгаагүй. Яг сургуулиа төгсөөд л юу хийх вэ? Цаашид ямар сургуульд сурах уу? Гэж бодож эхэлсэн. Тэгж байхдаа фэйсбүүк дээрээс Америкт сурдаг, Сүхбат гэдэг ахын бичсэн нэг блогийг уншсан юм. Түүнд яаж АНУ-д сурсан тухайгаа бичсэн байсан. Түүнийг нь уншаад л ийм боломжууд байдаг гэдгийг нь анх мэдэж авч байсан.

Тэгэхээр чиний хувьд АНУ руу явж сурах шийдвэрийг харьцангуй сүүлд, арван жилээ төгссөний дараа гаргаад бэлдэж эхэлсэн байх нь. Cornell University нь сонгон шалгаруулалт, босго өндөр сургуулиудын нэг шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд ямархуу байдлаар яаж бэлдэв, бэлтгэлээ хэрхэн хийж байсан тухайгаа хуваалцаач?

Тиймээ. Сүүлд шийдвэрээ гаргасан учраас шууд АНУ руу явах боломжгүй байсан. Хамгийн том бэрхшээлтэй зүйл нь хэлний мэдлэг байсан. Би Баянзүрх дүүргийн 84-р сургуульд явдаг байсан. Улсын сургуульд сурсан хэлний мэдлэгээрээ АНУ-ын коллежид шууд очоод сурна гэхэд хүндрэлтэй байсан учраас бүгдийг нь эхнээс нь эхлэх хэрэгтэй болсон. Миний хувьд 2014 онд сургуулиа төгссөн. 2017 онд АНУ-д нэг дүгээр курсд сурахаар явсан гэхээр ингэж явахын тулд маш их бэлтгэл хэрэгтэй болсон. Тэгээд гурван жил ангил хэлээ бэлдсэн. Ер нь анхнаасаа англи хэлний мэдлэг муу байсан учраас яах аргагүй маш их цагийг англи хэлээ сайжруулахад зарцуулсан байгаа. Сурахын хажуугаар стандарт тестүүд дээрээ ажиллаж, шалгалтуудаа өгөх хэрэгтэй байсан. Ингэж явсаар байгаад яг гурван жилийг англи хэлээ бэлдэхэд зарцуулсан байгаа.

Гурван жил англи хэлний мэдлэг дээрээ анхаарсан гэлээ. Тэр хугацаандаа юу хийж байсан вэ? Оюутан болчихсон байсан уу?

Арван жилээ төгсөөд хоёр их сургуульд тэнцсэн. Эхнийх нь МУИС байсан. Тэгээд мөн Санхүү Эдийн Засгийн сургуульд тэнцсэн юм. Аав ээж хоёр маань ч намайг Санхүү Эдийн Засгийн сургуульд сургах сонирхолтой байсан учраас СЭЗИС-д орсон. Гэвч би өөрөө санхүүгийн чиглэлээр сонирхолгүй байсан тул хэсэг хугацааны дараа сургуулиасаа гарчихсан юм. Яг тэр үедээ шууд АНУ явна гэдэгтээ итгэлгүй байсан тул жилийн чөлөө аваад англи хэлэндээ бэлдээд буцаад сургуульдаа орно гэсэн бодолтой байсан.

Эхлээд хэсэг завсарлага аваад хэлний бэлтгэлээ хийсэн байх нь. Сургалтын төвд явдаг байсан уу? Хэлний бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?

Хэлээ сайжруулах тал дээр би эхлээд JET сургалтын төвд сурсан. Миний хувьд англи хэл сурах арга барилыг сургалтын төвөөс сурахгүй гэдгээ мэдэрсэн. Өөрийгөө дайчилж чадахгүй, зүгээр нэг урсгалаараа яваад байсан учраас нэг хэсэг яваад дараа нь болихоор шийдсэн байгаа. Хувийн сургалтад явахаа болиод, мөнгөө ч хэмнээд, өөрөө бие дааж сурах нь надад илүү өгөөжтэй байсан. Боловсролын зөвлөлийн мэдээллийн төвийн номын санд Өглөө 9 өөс, орой 6 гээд өдөржин суугаад бэлддэг байсан. Өөрөө өөрийгөө дайчлаад сурахаар тэр нь надад хамаагүй үр дүнтэй санагддаг.

Тэгэхээр энэ гурван жилийн турш жил бүр өргөдөл гаргаж байсан уу? Шууд сүүлийн жил дээ л хүсэлт гаргаад тэнцсэн үү?

Эхний жилдээ сургуулиуд руу хүсэлт гаргаж явуулж чадаагүй юм. Хоёр дахь жилдээ арван нэгэн  сургууль руу өргөдлөө явуулсан. Тэр үед их давчуу хугацаанд  SAT, TOEFL-ын шалгалт гээд олон шалгалтууд зэрэг өгөх хэрэгтэй болсон. Тэгээд арван нэгэн сургууль руу өргөдөл гаргасан боловч ямар ч сургуульд нь тэнцээгүй. Харин сүүлийн жилдээ арван дөрвөн сургууль руу өргөдөл гаргаад бараг 50% -д тэнцсэн байгаа.

Арван нэг, арван дөрөв гэдэг нь цөөнгүй сургуульд өргөдлөө өгсөн байна. Ер нь хэдэн сургуульд хүсэлт гаргаарай гэж зөвлөх вэ? Сургуулиудаа хэрхэн сонгох хэрэгтэй вэ?

Миний бодлоор сургуулиа сонгох хамгийн чухал. Сургуулиудын шалгуур нь ямар байна? Миний “background” түүхтэй хэрхэн нийцэж байна гээд бүх талаас нь судалж байгаад сургуулиа сонгох хэрэгтэй гэж бодож байна. Ер нь найдвартай тэнцэнэ гэсэн гурван сургууль. За бараг тэнцэх байхдаа гэсэн гурван сургууль. Мөрөөдлийнхөө гурван сургууль гэсэн есөн сургуульд хүсэлт гаргах арга байдаг.

Тэгээд өөрийнхөө онцлог, нөхцөл байдлаас хамаараад нэмж хасаад шийдэж болох байхаа. Тэгээд олон улсаас их олон хүүхдүүд АНУ-ын сургуулиуд руу хүсэлтээ гаргадаг учраас, тэр хүүхдүүдтэй бас өрсөлдөхийн тулд ядаж тус сургуульд орж буй хүүхдүүдийн 50%-иас нь дээш оноотой байвал арай тэнцэх магадлалтай өндөр байна. Тэр талаас нь бас бодож бэлдэх хэрэгтэй. иний хувьд Cornell-оос өөр том сургууль руу өргөдлөө явуулаагүй. Яагаад гэвэл би 100%-ын тэтгэлэг хүсэж байсан учраас Cornell-оос өөр бусад бүх сургууль нь Liberal Arts дөрвөн жилийн сургалттай жижиг коллежууд байсан. Жижиг сургуулиудад цөөхөн хүүхэд хүсэлт өгдөг тул надад тэнцэх магадлал өндөр гэж харсан учраас Liberal Arts руу ихэнхдээ өргөдөл явуулж байсан.  

Liberal arts коллеж болон Big University том сургуулиудын гол ялгаа юу байдаг вэ?

Big University, болон Liberal arts-ын ялгаа гэвэл том сургуулиуд ер нь судалгаанд чиглэсэн сургалттай байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр бакалаврын зэрэг, магистрын зэрэг, мөн докторын зэрэг олгодог сургуулиуд University гэдэг тодорхойлолттой явдаг юм. Liberal arts нь  зөвхөн бакалаврын зэрэг олгодог ба илүү өргөн хүрээний мэдлэг олгохыг зорьдог учраас тэр сургуулиудтай хариуцуулбал хүүхдүүдийнхээ тоогоор хамаагүй бага байдаг. Том сургуулийн хүүхдүүдийн тоо олон, хичээлийн нөхцөл байдал нь арай өөр байдаг. 

Харин Liberal arts хамгийн ихдээ л нэг ангид 10-15 хүүхэд сурдаг байх жишээтэй байдаг. Сургалтын чанарын хувьд янз янзын л яриа байдаг. Гэвч миний бодлоор том, жижиг сургуулийн сургалтын ялгаа бараг байхгүй. Харин зүгээр сургууль, сургуулийн онцлогоос шалтгаалаад хүүхдүүдэд олгож байгаа чадвар нь, эзэмшиж байгаа чадварууд нь өөр байдаг.

За, тэгээд гурав дахь жилдээ хүсэлт гаргаж, тэнцсэн сургуулиуд дундаасаа сонголтоо хэрхэн хийсэн бэ? Cornell-д сурахаар шийдэхэд амархан байсан уу?

Шийдвэр гаргахад амархан байсан. Яагаад гэвэл Cornell миний хамгийн топ сонголт, хамгийн их хүлээж байсан мөрөөдлийн сургууль минь байсан. Cornell-ын шийдвэр бусад сургуулиудын шийдвэрүүдээс хамгийн сүүлд нь ирсэн. Өмнө нь Rhodes коллеж бас, Liberal Arts коллеж- оос тэнцсэн гэсэн хариу авчихсан надад ч миний хүсэж байсан тэтгэлгийн өгнө гэсэн учраас тэр сургууль руу явахаар шийдчихсэн бэлдэж байсан.

Тэгээд Cornell-ын шийдвэр ирэхгүй удаад байсан тул шийдвэрүүдээ хурдан гаргаад дараа дараагийн арга хэмжээгээ авах хэрэгтэй байсан. Гэвч азаар хамгийн сүүлд Cornell- оос 90-95%-ын тэтгэлэгтэй тэнцсэн гэсэн хариу ирсэн. Дөрвөн жилийн суралцаж байгаа задралын маань бараг өгч байгаа. Тэгээд л шууд шийдсэн л дээ.

 

Чиний хувьд гурван жил чөлөө аваад бэлдсэн. Нэг ёсондоо маш том эрсдэл үүрээд бэлдсэн гэсэн үг. Хэрэв АНУ-ын сургуулиас хариу ирээгүй бол яах байсан бэ?

Анх мэдээж манай аав, ээж хоёр дуртай байгаагүй. Гэхдээ бас надад үгүй гэж хэлээгүй. За чи өөрөө л мэдэж байгаа бол өөрөө шийддээ “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэсэн, өөрөө л мэд гэж байсан. Ер нь бол эрсдэлтэй л дээ. Нэг жил яваад, хоёр дохь жилдээ сургуулиуд руу өргөдөл гаргаад бүтэлгүйтээд ирэхээр чинь буцаад сургууль даа орвол яасан юм вэ? гээд л, миний хүү ер нь болохгүй байгаа юм биш үү? гээд л. Ангийн хүүхдүүд их сургуулийн хоёр, гурав дугаар курст сураад байдаг. Би тэгсэн чинь гэртээ суугаад, номын санд суугаад бэлдээд явж байсан. Ер нь болих уу? Яг яахав гээл, нэг зун нь хөдөө гэртээ очиж амраад, хэсэг бэлдэхгүй явж байгаад эргэлзсэн. Нэгэнт ингээд хоёр гурван жил явчихсан юм чинь яаж буцах уу, дахиад нэг жил үзье гэж шийдээд дахиж бэлдээд эхэлсэн.

Хөдөө гэртээ очсон тухайгаа ярилаа л даа. Манай MASA-ын нэг зорилго хөдөө сумд алслагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахыг эрмэлздэг байгаа. Чиний хувьд орон нутагт сурсан гэдэг нь АНУ-д суралцахад сул тал болсон уу? Одоо орон нутгаас АНУ-д сурах хүсэлтэй байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх зөвлөгөө байна уу?

 Миний ойлгосноор, анзаарснаар харин ч сул тал болохоосоо илүү давуу тал болсон байхаа гэж боддог. Тэдгээр сургуульд хэчнээн олон хүүхдүүд өргөдөл гаргаж байгаа билээ? Ихэнх хүүхдүүд нь хоорондоо адилхан түүхтэй байдаг. Хотод өссөн, хувийн сургуульд сурсан тэдгээр хүүхдүүдийг бодвол миний түүх их сонирхолтой байсан байх. Америк улс чинь өөрөө илүү олон талын төлөөллийг хамруулах зорилготой байдаг. Тэр утгаараа ч миний туулсан түүх, зам мөр сул тал болохоосоо илүү давуу тал болж чадсан байх гэж бодож байна. Тэгэхээр хэн ч бай хөдөө сурдаг гээд л надад ямар ч боломж байхгүй гэж болохгүйгээр, ямар ч байсан яваад, зориод үзэх хэрэгтэй гэж бодож байна.

Cornell-д сурдаг мэргэжлийнхээ тухай яриач, яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Ер нь миний Cornell-руу өргөдлөө явуулсан шалтгаан нь миний мэргэжил байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл одоо миний сурч байгаа чиглэл нь хөдөө аж ахуйн, хөдөө бус нутгийн хөгжил гэж явдаг. Тийм мэргэжил их сургуулиудад их ховор байдаг. Анх энэ мэргэжлийг вэб сайтаас нь харчхаад надад их таалагдсан. Учир нь би өөрөө хөдөө өссөн шүү дээ. Мөн миний түүх энэ мэргэжилтэй их сайн холбогдож өгч байсан. Миний мэргэжлийн 50% хөгжлийн социологи, 50% эдийн засаг үздэг байгаа.

Энд ирээд хоёр жил сурсны дараа яах ч аргагүй “Байгаль орчны тогтвортой байдал” гэдэг мэргэжил хэрэгтэй юм байна гээд давхар хослуулж сурч байгаа. Хоёр мэргэжлээр сурах нь мэдээж нэг мэргэжлээр сурахаас хамаагүй их ачаалалтай. Шаардлагатай хичээлүүдийг нь авч сурах, хугацаандаа хичээлүүдээ үзэж чадахгүй бол дөрөв биш тав дахь жилдээ сурах болно. Тэр утгаараа ч гэсэн их ачаалалтай. Энэ хоёр мэргэжил бол хичээлүүд нь хоорондоо уялддаг, давхардаж орж болдог учраас нэг хичээл аваад хоёуланд нь тооцуулж болдог тул илүү давуу талтай байдаг. Нэг улиралд 15- аас 20-н кредит авч үздэг. Байнгын даалгавруудтай. Байнгын хийх зүйлтэй явж байдаг. Хэрэв ямар нэг хичээлээсээ хоцрох л юм бол өөр хичээлүүдийн даалгаврууд ороод ирдэг учраас цагийн хуваарилалт чанга, хатуу байж л давахгүй бол ер нь ачаалал ихтэй байдаг. 

Дөрвөн жилийн оюутны амьдрал гэдэг дурсгалтай цаг үе байдаг шүү дээ. Чөлөөт цагаараа юу хийж байна? Дандаа бас хичээл хийхгүй байгаа байх тийм үү?

Би спортод их дуртай. Cornell-д байдаг хөл бөмбөгийн клубд бас явдаг юм. Долоо хоногт хоёр өдөр бэлтгэлтэй, нэг өдөр тоглолттой байдаг. Хэрэв хөл бөмбөгөө тоглоогүй үедээ найзуудтайгаа сагс тоглох дуртай. Тиймэрхүү байдлаар цагийг өнгөрөөдөг байгаа. Цагаа их зөв төлөвлөж чадах юм бол өөрөө өөртөө чөлөөт цаг гаргаж чадна. Байнгын хичээл хийхгүй өөртөө, бас эрүүл мэнддээ зав гаргаж байх хэрэгтэй.

Одоо дөрөв дүгээр курсд сурч байна. Зуныг ямархуу байдлаар өнгөрөөж байна. Дадлага хийж байна уу?

Энэ зун би Энэтхэг явж зуны дадлага хийх ёстой байсан. Гэвч Коронавирусээс болоод улс орнууд хэлээ хаагаад явж чадахааргүй болсон. Одоо Тайландад байдаг компанид зайнаас дадлага хийж байна. Уг компани нь юу хийдэг вэ гэхээр, том том байшингийн дээвэр дээр хүнсний бүтээгдэхүүн ургуулж зардаг байгаа. Энэ нь жирийн хөдөө аж ахуй шиг усалгаа арчилгаа шаарддаггүйгээрээ онцлог.

Би тэр дээвэр дээр байдаг устай том танканд ургадаг энэ хүнсний ногоонуудыг хэр их ургацтай байгааг гаднаас нь зургийг нь аваад судалгаа явуулдаг. Энгийн уламжлат аргаар бол тэндээсээ сорьц аваад лабораторид шинжилгээ хийгээд ургац авах цаг нь болсон үгүйг нь мэддэг. Энэ ажил нь их өндөр зардалтай,цаг их авдаг арга учраас энэ аргыг арай илүү хялбарчлахын тулд техник, технологи ашиглаад шууд зураг аваад түүнээсээ ургац хураах цаг нь болсон байна гээд гаргаж ирээд тогтоодог болчихсон. Энэ судалгаан дээр нь би ажиллаж байгаа.

Маш сонирхолтой ярилцлага байлаа. Бидний урилгыг  хүлээн аваад бидэнтэй оюутны амьдралын туршлага, мөн гурван жилийн хугацаанд англи хэлийг бие даан сурсан тухайгаа хуваалцсан чамд их баярлалаа. Цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.

 Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.


*     Та бүхэн Авирмэдийн Түмэнхүслэнгийн ярилцлагыг бүрэн эхээр нь дараах холбоосуудаар хүлээн авч сонсоорой!


⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud 
энд  дарна уу.
⏯Anchor 
энд  дарна уу.
⏸Itunes 
энд  дарна уу.
⏏️Castbox 
энд  дарна уу.

*  Нийтлэл бичсэн: Ч. Тунгалагтуяа | Хянасан: М.ИвээлЖ.Хонгорзул  |  Постер дизайн: М.Ивээл