Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын “Эрдэм ном, эх хэлээ дээдлэхүй” өдөрлөг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж өнгөрлөө.
Тус өдөрлөгийг Монгол дах Америкт Төгсөгчдийн Холбоо, Японд Сургууль Төгсөгчдийн Жугамо Нийгэмлэг, ATA Туркэд Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Их Британид Төгсөгчдийн Холбоо, Монгол Австралийн нийгэмлэг (Моззис) болон “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ, “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Санжийн Пүрэвийн гэр музей” зэрэг байгууллагуудын хамтын хандиваар зохион байгуулсан юм.
Монгол дах Америкт төгсөгчдийн холбооноос санаачлан Их Британи, Австрали, Япон болон Турк Улсад төгсөгчдийн холбоотой хамтран 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан Нэтворк, танилцах уулзалтаас олсон орлогыг энэхүү “Эрдэм ном, эх хэлээ дээдлэхүй” арга хэмжээнд хандивласан юм.
Өдөрлөгт ахлах ангийн сурагчдын төлөөлөл хамрагдаж, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын зүгээс тэдэнд Монголын түүх, соёл, уран зохиолын ач холбогдлын талаар мэдээлэл хүргэсэн бол гадаадад төгсөгчдийн 5 холбоодын төлөөлөл маань өөрсдийн хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сонсголгүй хүүхдүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Монгол дах Америкт төгсөгчдийн холбооноос хөтлөн гаргадаг Америкт хэрхэн суралцсан талаарх подкастуудыг дохионы хэлний орчуулгатайгаар youtube.com цахим хуудаснаас үзэх боломжтой талаар танилцуулав. Мөн тус 29 дүгээр сургуулийн Захирал С.Батмягмар шилдэг сурагчдадаа шагнал гардуулав.
Түүнчлэн хүүхдүүд багаар ажиллаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, “Болор цом” наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсаны "Тусгаар тогтнол" шүлгийг дохионы хэл рүү хөрвүүлэх дадлага ажил хийлээ. Энэ шүлэг урд өмнө дохионы хэл рүү хөврүүлэгдэж байгаагүй тул дохиход тун амаргүй байсан ч хүүхдүүд маш идэвхтэй сайн ажиллаж дохионы хэлэнд байхгүй өвөрмөц хэллэгүүдийг шинээр дохиожуулж чадаж байв.
Өдөрлөгийн эцэст өдөрлөгт оролцсон хүүхдүүдэд яруу найрагч Д.Пүрэвдорж, зохиолч С.Пүрэв зэрэг алдартай зохиолчдын уран бүтээлийн дээжис, амттан, сүү зэргээр гарын бэлэг барихын зэрэгцээ өдөрлөгт оролцож амжаагүй ахлах ангийн бүх хүүхдэд хүрэлцэхүйц ном, гарын бэлгийг 29 дүгээр сургуульд гардуулж өглөө.
Дашрамд дурдахад дээрх гадаадад төгсөгчдийн холбоод хамтын ажиллагаагаа тогтмолжуулах, нийгмийн хөгжилд тустай үйл ажиллагаа хамтран явуулах талаар ярилцсан нь ийнхүү ажил хэрэг болж буйд таатай байна. Ирэх жилүүдэд бид үргэлжлүүлэн нийгэмд тустай үйлийг хамтран хийх болно.
Хамтран ажилласан бүх байгууллага болон Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн хамт олон, сурагчдад гүнээ талархал илэрхийлье!
Бүх сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье!