Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаарт маань FLTA буюу Foreign Language Teaching Assistant Program-ийн төгсөгч Г. Халиунаа оролцож байна.
Энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Халиунаа гэдэг. Би АНУ-гийн зүүн хойд хэсэгт орших Pennsylvania мужийн Philadelphia хот дахь Pennsylvania-гийн их сургуульд Fulbright Foreign Language Teaching Assistant (FLTA) буюу Монгол хэлний туслах багшаар ажиллангаа магистрын хөтөлбөрт хамрагдаад ирсэн. 2013 онд “Эм Ай Ю” Олон улсын дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд, тухайн жилдээ Language Education Institute (LEI)-ийн хэлний бэлтгэлд 3 жил олон улсын оюутан сурагчдад англи хэл зааж туршлага хуримтлуулсан. Мөн Налайх хотод байрлах Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT)-д англи хэлний туслах багшаар ажиллангаа магистрын хөтөлбөрт хамрагдах боломжоор хангагдаж 2018 онд МУБИС-ыг гадаад хэлний боловсрол зэргээр магистраа хамгаалсан. Ажиллаж байх хугацаандаа 10 жилээ төгсөөд оюутан болж буй хүүхдүүдтэй ажиллаад, ер нь сурагчдыг дунд болон ахлах ангиас нь сайн бэлдэх хэрэгтэй юм байна гэж дүгнэснээр Сант сургуульд ажиллаж эхэлсэн. FLTA хөтөлбөр зарлагдахад найз залуу маань Америкт байсан тул Америк руу явах том түлхэц болж өгсөн. Хүн цагаа тулахаар зориг гаргаж чаддаг юм билээ. Тухайн үед элсэлтийн хөтөлбөрийн насны хязгаар нь надад үзээд алдах сүүлийн боломж байсан учир санаа шулуудан өөртөө итгэлтэй орж байсан. Ярилцлага өгөхдөө аль хэдийн тэнцсэн мэт сэтгэл дүүрэн байснаа одоо ч гэсэн санаж байна. Сургуулиа төгсөж ирээд Шинэ Монгол Харүмафүжид багшилж байна. Зөвхөн сурагчдадаа санаа тавихаас илүү хамтран ажиллаж буй багш нартаа ч гэсэн сурсан мэдсэнээ хуваалцахыг хүсдэг болсон. Эхнээс нь бага ч болтугай нөлөөлөхийг хүсч хэд хэдэн ажлууд хэрэгжүүлээд явж байгаа.
FLTA гэж хөтөлбөр ямар хөтөлбөр байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
FLTA хөтөлбөр бол багш хүн бүрийн хүчээ сорих ёстой хөтөлбөр гэж боддог. Foreign Language Teaching Assistant Program буюу Монгол хэлний багшийн хөтөлбөр юм. Томоохон соёлын хөтөлбөр учир нухацтай хандах хэрэгтэй. Хэл соёлоо танилцуулж, Монголоо сурталчлах гайхалтай хөтөлбөр гэж ойлгож болно. Анх монгол хэлний багшийн туслах хийнэ, Монгол хэл заана гэж сонсоод их гайхсан. Уг хөтөлбөр нь багш нарт зориулсан хөтөлбөр учир бусад багшаас арга барилыг нь сурах сайхан боломж юм. Америкт хэл соёлоо заангаа тэр сайхан сургуулийн магистрын хичээлүүдийг судлах боломж олдсон нь гайхалтай. Хүн өөрөө л хичээл зүтгэл, идэвх санаачилгатай байхад хаана ч сурах боломжтой санагдсан. Анх учраа олохгүй будилдаг л байсан. FLTA бол магистраа гадаадад хамгаалах хүсэлтэй залуу багш нарын хувьд том үүд хаалгыг нээж өгдөг соёлын хөтөлбөр юм.
Тeaching Аssistant гэдэг утгаараа Америкт очоод юу хийж байна. Англи хэлний багш тэнд очоод монгол хэл заах ямар байдаг вэ?
Монгол хэл заах туршлагагүй байсан учир англи ба монгол хээл заах ялгаа гарч байв. Арга барилын хувьд багшаасаа суралцан, зааврын дагуу хийж явсан учир айж сандрах зүйл байгаагүй. Санаачлага эхэндээ дутагдаж байсан ч аажмаар санаачилгатай болсон. Жишээ нь, Монголын нууц товчоог PPT хэлбэрээр зааж байсан бол унших сэдвээ аудио хэлбэрээр сурагчдад хүргээд, сонсоод дагаж хэлээрэй гэх мэтчилэн хүргэж байсан.
100% Америкийн засгийн газрын тэтгэлэгтэй энэхүү хөтөлбөр ямар шалгууртай вэ?
Шалгуур нь Монгол улсын иргэн, Англи хэлний багш, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болох ба Англи хэлний зохих мэдлэг буюу TOEFL iBT-ийн 79-80 ,TOEFL-ITP 550, IELTS 6-6.5 оноотой байх, насны хязгаар 22-32 настай байх шаардлагатай. Материал бүрдүүлэлтийн хувьд онлайн application бөглөхийн сацуу дипломын хуулбар, Англи хэл дээрх дүнгийн хуулбар, Англиар 3-н тодорхойлох захидал, TOEFL эсвэл IELTS-ийн оноо болон CV хэрэгтэй. Тодорхойлох захидал бичүүлэхдээ төгссөн сургууль, ажлын газрынхаа чамайг хамгийн сайн мэддэг хүмүүсээр бичүүлэх нь зүгээр байдаг. Цаашлаад багш, менежер, даргатайгаа ямар харилцаатай байсан бэ гэдэг нь мэдрэгддэг учир анхаарах хэрэгтэй. CV-гээ бичихдээ жил бүр шинэчлээд явах нь зүгээр байдаг. Маш олон төрлийн темплэйтүүдээс судалж хайж байгаад өөрт тохирох шинэчлэгдсэн загварт оруулаад бичих юм бол их сэтгэгдэл үлдээдэг. Шинэ үетэйгээ хөл нийлүүлж, шинэ зүйлийг туршдаг юм байна гэж бусдад харуулдаг гэж ойлгож болно.
FLTA хөтөлбөрийн үе шат, шалгаруулалт ямар байдаг вэ?
FLTA бол олон шалгуурыг дамждаг, шалгуур өндөр, өрсөлдөөнтэй хөтөлбөр. Монголоос жилдээ ганц л багш явдаг. Эхний шалгуур бол материал бүрэн байгаа эсэхийг харна. 2 дугаар шат нь ярилцлагын шат. Ярилцлагын шатанд тэнцсэн тохиолдолд олон хүмүүс эссег нь уншихаас гадна ярилцлагадаа хэр байсан талаар дүгнэсэн үнэлэлтийг харж байгаад Монгол талаас таныг тэнцлээ гэж үзвэл материал нь цаашаа Америк руу явна. Америк талаас дахин шалгаруулалт явагдаж сургуульдаа тэнцвэл хариу нь email хаягаар ирдэг. Нэг л багш авдаг учир нэг л сургуулиас санал ирэх ба тухайн сургууль руу явах эсэх хариугаа өргөдөл гаргагч өгдөг. Ингээд Nation passport нь болсон бол сургуулиас Medical form бөглөхийг шаардана.
FLTA хөтөлбөр хэзээ, хэдийн хугацаанд, хэрхэн зарлагддаг вэ?
Жил болгоны 6 сарын сүүлээр зарлагддаг ба материал бүрдүүлэлт 8 сарын дунд хүртэл үргэлжилдэг. Ерөнхийдөө 6-8 сарын дунд хүртэл гэж ойлгож болно. 8 сарын сүүлээр ярилцлагад ордог. Дараа жилийн 3 сард тэнцсэн эсэх хариу гарах ба тэнцвэл 6 сараас сургалтанд хамрагдаж, 8 сарын дундуур orientation буюу танилцуулга хичээлд суудаг. Тэнцсэнээс хойш нийт 10 сарын хөтөлбөр байдаг.
Америкийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт юуг хамруулж байсан вэ? Хөтөлбөрийн турш хангамж ямар байсан бэ?
Сар бүр тэтгэмж өгөх ба хоол унд, байрших байрны төлбөрт зарцуулагддаг. Анх очиход амьжиргааны зардал, ном, компьютер авахдаа зохицуулаарай гээд 1 сарын тэтгэмж илүү өгдөг. Сургуулиас элсэлтийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд бид нартай холбогдон сар болгоны тэтгэлэгийн хэмжээг танилцуулаад хуваарийг нь явуулдаг. Хөтөлбөрийн дундуур хэвлэл мэдээллийн зөвлөгөөнд оролцоход надаас ямар ч мөнгө гараагүй ба цаанаас бүх зүйлийг төлөөд, тэтгэмж дахин нэмж өгсөн. Энэ хөтөлбөр 100%-ийн тэтгэлэг учир өөрөөс зардал гарах шаардлаггүй, хангалттай хэмжээний тэтгэлэг өгдөг ба аяллын зардлаа өөрсдөө цуглуулаад аялах боломжтой. Асуудал гарвал айх зүйлгүй хамгаалалт ард бий тул тайван ажлаа хийж болно.
Очсон муж, хотынхоо талаар дэлгэрэнгүй хуваалцаач?
Би Philadelphia хотод сурсан. АНУ-ийн 6 дахь том, Пенсилвани мужийн томоохон хот. АНУ-ийн түүхэн дурсгалт газруудтай хотуудын нэг учир хуучин барилга ихтэй, Амеркийн баялаг түүхтэй холбогдолтой жуулчид их ирдэг. Пенсилваний их сургууль хотын төвөөс 1 цаг гаран явдаг зайтай, кампусаар хүрээлэгдсэн газар байсан. Олон найрсаг хүнтэй, өнгөт арьстан болон Азиуд их амьдардаг. Миний байр түрээсэлж байсан хятад хороололд хятад хүмүүс их амьдардаг. Кампусаа түшиглэж баригдсан барилгууд, номын дэлгүүр, ресторан, цэцэрлэгт хүрээлэн маш их. Оюутны том хотхон дунд гэдэг утгаараа аюулгүй. Philadelphia гэдэг нэрийн утгыг грекээс орчуулбал ах дүүсийн хайрын хот гэсэн утгатай юм билээ. Өөрсдийн сонголтоор кампус дотроо эсвэл гадуур амьдрах боломжтой. Би хотоос гадуур амьдарч байв. Надаас гадна 5 FLTA байсан ба 6-уулаа ярьж байгаад хамтдаа нэг газар түрээсэлж амьдарсан. Энэ нь их давуу талтай, бие биетэйгээ илүү ойр тусалж дэмжиж, ажлуудыг хамтдаа хийх боломжтой.
Англи хэлийг яаж сурах вэ? Англи хэлийг сурах гэж байгаа, суралцаж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Аливаа хэлийг сурахаасаа өмнө эх хэлээ сайн сурах ёстой гэдгийг Монгол хэлээ зааж байгаад ирэхдээ их сайн ойлгосон. Тэнд суралцаж буй оюутнууд надаас илүү Монгол бичгээр бичиж уншдаг, Монголын түүх соёлын талаар мэддэг болчихсон байсан. Би маш их ичсэн ч нөгөө талаасаа хамтдаа суралцаад ирсэн. Сурах гэж байгаа хэлдээ дурлаж, сурах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэр хэлтэйгээ холбогдолтой бүхий л зүйлд дурлана гэсэн үг. Энэ 2 суурийг сайн тавьсан байхад ямар ч хэлийг сурах боломжтой. Хүнд зорилго, суралцах хөшүүрэг байгаа тохиолдолд ямар ч хэлийг хурдан сурах боломжтой.
Америкт байх үеийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг байсан бэ? Дурсамжаасаа хуваалцаач?
Долоо хоногийн 20 цаг Монгол хэл, соёлыг зааж сурталчлах ёстой. Түүнээс бусад цагуудаар Америкийн соёлтой танилцаж, хотуудаар аялах, шинэ найз нөхөдтэй болох гэх мэтчилэн эрх чөлөөтэй байсан. Одоо ч гэсэн сургууль руугаа явдаг гудамж, амьдарч байсан гэрээ нүдэндээ хардаг. Болдог бол нисээд оччихмоор, олон дурсамжтай зүйлс байсан. Хийсэн ажлууд, соёлын өдрүүд, шинэ найз нөхөдтэй болж байх үе, багш маань байна. Багшаасаа их зүйлийг сурсан. Монголоо ганцаараа ч гэсэн төлөөлөөд очсон нь сайхан байсан. Өглөө эсвэл өдөр хичээлдээ явдаг ба 1 семестрт магистрын 2 хичээлд, жилд нийт 4 хичээлд суух ёстой. Хичээлүүд өглөө эрт тавигдсан бол маш гоё байдаг. Бороотой гудамжаар шүхрээ барин алхах гоё шүү. Хичээлдээ суугаад өдрийн хоолоо гэртээ хийж иддэг байсан. Орой 5,6-ийн үед ихэвчлэн соёлын үйл ажиллагаануудад оролцдог байсан. Бидний хийж буй соёлын үйл ажиллагаанд Монголд ирж байсан олон хүмүүс оролцож бидэнтэй танилцдаг байсан нь огшмоор гоё санагддаг юм билээ.
Мэргэжлээ сонгох гэж буй ахлах сургуулийн сурагчдад хандаж хэлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ?
Би багш болно доо гэж бодож явсаар багш болсон. Хэлний бэлтгэлд сурах хугацаанд Жанет гээд Америк багшийн эрч хүч, ганц ч гэсэн зүйлийг чин сэтгэлээсээ сурагчиддаа ойлгуулахыг хүсдэг тэрхүү чанар нь надад их нөлөөлсөн. Би эрх зүйч мэргэжилтэй байсан боловч тэр хүнийг хараад багш болохыг хүссэн нь түүнийг надад хэчнээн гайхалтай нөлөөлөгч байсанг харуулж байна. Жанет өөрөө багшлах баяр хөөрийг мэдэрдэг, сурагчид нь ч бас сурах баяр хөөрийг мэдэрдэг, тийм л үйл явц намайг багш болоход нөлөөлсөн. Мэргэжлээ сонгож чадахгүй байгаа оюутнууд мэргэжил сонгох болсон шалтгаанаа сайн мэдэх хэрэгтэй. Бидний амьдрал баялаг. Өнөөдөр сонгосон мэргэжил ирээдүйд өөрчлөгдөх боломжтой. Ямар нэгэн хүсэж мөрөөдсөн зүйлээ нүдэндээ харж чадах юм бол ямар нэгэн байдлаар тэр зам руу нь хөтөлдөг. Өөрт чинь нөлөөлж байгаа зүйлийг сайн бодож хараарай! Хэн, юу чамд нөлөөлж байна, яаж хувиргаж байна, юунд дуртай болон юу чамайг хөдөлгөж байна гэдгээ харах хэрэгтэй. Ингэснээр тухайн мэргэжилдээ дурлан бусдад нөлөөлж, өөрөө ч гэсэн ажиллах суралцахын баяр хөөрийг хураадаг. Багш болох гэж байгаа сурагч оюутнуудад хандаж хэлэхэд багш болох хүсэл гэнэт төрдөггүй гэж боддог. Хэрэв багш болохыг хүсэж байгаа бол хүнтэй хэрхэн харилцдаг, хэр уян хатан, хүнийг хэр ойлгодог, хэр хүнд тусалж дэмжихийг хүсдэг, урамшуулдаг билээ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Багш хүн бүхнийг мэдэх албагүй, сурах сонирхолгүй нэгнийг сонирхолтой болгодог, их бага хэмжээгээр нөлөөлдөг, харилцан ойлголцож чаддаг нэгэн байх хэрэгтэй. Багш байхын хамгийн гол том шагнал бол сурагчдаасаа магтаалыг хүртдэг. Ажил хэцүү байсан ч магтаалыг сонсож сэргээд ирдэг. Танд аз жаргал бэлгэлэх ажил, мэргэжлийг сонгоорой.
FLTA хөтөлбөрт хамрагдаад ирсэн нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Шинэ газар, шинэ соёл, шинэ хүмүүс. Бүгд их бага хэмжээгээр нөлөөлж, би өөрийгөө маш их өөрчлөгдсөн гэж боддог. Миний амьдралд нэг шинэ хуудас нээж өгсөн, амьдралыг минь өөрчилсөн үйл явдал болсон. Тухайн үед ажил гэр гэсэн уйтгартай байсан амьдралыг маань солонгоруулж өгсөн. Би өөрийгөө шинийг эрэлхийлэгч болсон гэж хардаг. Ажиллаа чин сэтгэлээсээ хийдэг, шинэ санаачлалаар дүүрэн болсон ба Америкт очсон маань надад их урмыг өгсөн гэж харж байна. Аливаа зүйлийн сөрөг талыг биш эерэг талыг харах, болохгүй биш болгоно, чадна гэж хийдэг болсон. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж нөлөөлөх урам зориг өгөх чин хүсэлтэй болсон. Манай сурагчид “Багшаа та яагаад ийм гоё урамшуулдаг юм бэ, яг хэрэгтэй байсан үгийг хэллээ, таниас урам авлаа” гэж хэлдэг. Аливаа эерэг зүйлээс нөлөөлөл авсан бол бусдад ч гэсэн эерэгээр нөлөөлдөг гэж харж байна.
АНУ явах гэж байгаа залуус багш нарт ямар зөвлөгөө өгөх вэ?
Би аливаа боломж яг хэрэгтэй, зөв цагтаа ирдэг гэж боддог. Өнөөдөр болохгүй байлаа гээд дандаа болохгүй гэсэн үг биш. Чи өнөөдөр, маргааш хичээнэ, нөгөөдөр боломж нь олдож магадгүй. Эсвэл 7 хоног, сар жил хамаагүй, гол нь тууштай байх хэрэгтэй. Миний багадаа мөрөөдөж явсан мөрөөдөл олон өөр замыг туулж байгаад ирсэнтэй адил шууд хурдан байх албагүй. Хэрэв хурдан байвал сайн байна. Хүн болгонд адил боломж олдохгүй учраас тултал нь хичээж, тултал нь амьдраарай. Ийш тийшээ явах нь гоё ч очоод юу хийх, ирээд юу хийх талаас нь бодолцоод төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөөтэй, зорилготой, тууштай байвал хүссэндээ хүрч чадна. Зөв хүмүүстэй нөхөрлөж, чамайг доош нь татдаг зүйлээс хол байх хэрэгтэй. Өөрийгөө болон хандлагаа өөрчилж, дэлхий соёлоо хайрлан Монголоороо зөв бичдэг байгаарай. Мөн Монгол түүх соёлоо мэддэг, хэнд ч ярьчихдаг байгаарай. Монгол бичгээ сураарай. Нэг зүйлийг барьж аваад төгс болтол нь хийгээд бусдад түгээ. Чин сэтгэлээсээ ажиллаж чин сэтгэлээсээ суралц, амьдрал заавал чамайг шагнана.
FLTA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Баярлалаа, Амжилт хүсье!
Та бүхэн подкастын энэ дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл https://masa.org.mn/podcasts хаягаар зочлоорой.