Alumni stories

Ш.Анармаа: "University of Pennsylvania" их сургуулийн төгсөгч, доктор

Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Уншигчдад маань зориулаад өөрийгөө танилцуулаач.

Урьсан танай хамт олонд баярлалаа. Намайг Анармаа гэдэг. Би “Экологи, хүрээлэн буй орчны судлаач” мэргэжилтэй. Яг нарийн мэргэшсэн мэргэжил гэвэл биохимич гэж явдаг юм. Монголдоо бакалавраа болон магистрын зэргээ хамгаалаад АНУ-д нэг жил магистраа хамгаалж байгаад, шилжин суралцаад докторын зэргээ дүүргэсэн.

Ер нь яагаад “Хүрээлэн Буй Орчны Судалгаа” гэдэг мэргэжлийг сонгон сурсан бэ?

Яг миний төгссөн тэнхимийг “Geology and Geography, Environmental” буюу “Геологи, газар зүй, хүрээлэн буй орчны тэнхим” хэмээн нэрлэдэг. Ер нь сонирхлоороо л сонгосон юм. Биологийн хичээлд их дургүй байлаа. Биднийг хүүхэд байхад их сонирхолтой номууд орчуулагдаж гардаг байсан. Тэр номуудын л ач гэж боддог. Хамгийн анх гуравдугаар ангид байхдаа “Ургамлын гайхамшигт ертөнц” гэдэг ном уншсан юм. Тэр ном хамгийн анх энэ чиглэлийг сонирхоход томоохон нөлөө үзүүлсэн. Түүнээс хойш энэ чиглэлээр гарсан, Монгол хэл дээр орчуулагдсан бараг бүх номыг уншдаг болсон.

Тэр номын хамгийн гайхамшигтай нь юу байсан гэхээр бид шоргоолжийг зүгээр л шоргоолж гэж хардаг. Бидний хашаанд ургаж байдаг цэцэг бол энгийн л нэг цэцэг шиг харагддаг. Гэвч тэр цэцэг, шоргоолж хоёрын хооронд асар их нарийн холбоос байдгийг, тэдгээрийн ачаар бидний аж амьдрал тэтгэгдэж байдаг гэдгийг олж нээсэн нь миний хувьд хамгийн их сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн нээлт байсан юм. Түүнээс үндэслээд дараа дараагийн алхмууд нь тавигдаад явсан юм болов уу даа. Анх би ургамал судалдаг хүн болно гэж боддог байсан юм. Яваандаа өөрчлөгдсөн ч гэсэн биднийг хүрээлэн байгаа орчин, тэдгээрийн хоорондын харилцаа холбоо их сонирхол татдаг байсан л даа.

Ямар хичээлээр шалгалт өгч энэ ангийг сонгож байсан вэ? Гэр бүлийн зүгээс энэ мэргэжлийг сонгоход хэрхэн хүлээж авч байв?

Манай гэр бүлийн хувьд арай өөр мэргэжлүүдийг санал болгож байсан. Гэвч тэр мэргэжил нь надад огт таалагдаагүй тул би өөрийнхөө сонгосон мэргэжлээр сурсан юм. Би сургуульдаа конкурс өгч ороогүй, олимпиадад оролцсон юм. Биологийн хичээлдээ би дургүй байсан ч гэсэн математикийн хичээлдээ их дуртай байсан. Нэг өдөр математик биологийн олимпиад давхцаад тэгээд биологийн олимпиадад нь орсон юм. Яагаад гэвэл МУИС-ын харья гүнзгийрүүлсэн сургалттай их туршилт хийдэг арван жилийн сургууль байдаг гэж сонсоод түүнд элсэн орох сонирхолтой байсан. Тухайн үед манай багш тэр сургууль руу улсын олимпиадад орсон хүүхдүүдийг шалгаж авдаг гэхээр нь биологийн олимпиадад орвол надад боломж нь арай илүү өндөр харагдаад, биологийн улсын олимпиадуудад оролцоод л явдаг байсан даа.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүрээлэн буй орчны асуудалд дэлхий даяараа анхаарал хандуулдаг болсон байна. Яг энэ үед манай Монголд ерөнхий боловсролын сургалтын төвшинд энэ чиглэлээр заах арга зүй дээр хэр анхаарч байгаа юм бол?

 Заах арга зүйн талаар би хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл би арван жилийн багш биш учраас. Харин ээж хүний хувьд юу хэлж мэдэх вэ гэвэл боловсролын төвшинд ч тэр, эцэг эхийн арга барил дээр ч тэр аль аль тал дээр нь буруу хандлагатай байна гэж би харж явдаг. Хүүхдийн сонирхлыг нь хөгжүүлэх тал дээр бид маш бага ажиллаж байна. Хүүхдийн сонирхлыг хөгжүүлж түүгээр нь дамжуулж тэр хүүхдийг амьдралд бэлтгэх ёстой болохоос биш, бид нар хүүхдүүдийг шалгалтад бэлдэх ёсгүй. Харин өнөөгийн боловсролын тогтолцоо заах арга зүй, эцэг эхийн хандлага ч гэсэн илүү хүүхдүүдийг шалгалтад бэлддэг, амьдралд биш. Тэр нь надад учир дутагдалтай санагддаг юм.

Хэзээнээс эхлээд АНУ-д сурна гэж эрчимтэй бэлдэж эхэлсэн вэ?

Хамгийн анх яг АНУ гэж бэлдээгүй. Ерөнхийдөө өндөр хөгжилтэй оронд очиж суралцвал илүү ихийг мэдэх боломж байгаа юм байна гэж бодсон. Аз болоход надад ментор хүн байсан. Энэ хүн маань надаас мэргэжилтэй минь холбоотой зүйл асуухад би мэдэхгүй л явж байсан. Тэгэхээр бид хэчнээн хойно явж байна вэ гэдгийг тухайн үедээ надад ойлгуулж байсан. Дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд тэдний хурдыг гүйцэх хэрэгтэй гэж бодоод зорилго тавьсан гэсэн үг. АНУ-ыг яагаад сонгосон бэ гэвэл би Австрали, Англи, АНУ гэсэн гурван орныг бодож байсан. Гол нь надад байсан давуу тал нь англи хэл байсан тул англи хэл дээрээ тулгуурласан явдал юм. Тэгж судалж байгаад АНУ бол хамгийн боломжтой санагдаад сонгосон.

Сурч байсан хөтөлбөрийнхөө тухай дэлгэрэнгүй хуваалцаач.

Ер нь шинжлэх ухаан, технологи, инженер, математик энэ дөрвөн чиглэлээр магистр, докторын тэтгэлэг олох магадлал харьцангуй өндөр гэж би хардаг. Засгийн газрын тэтгэлэгүүд гэж бий. Мөн сургуулиудын тэтгэлэг гэж байдаг, магистр, докторын хөтөлбөрт судалгааны туслах, багшийн туслах гэсэн хоёр төрлийн санхүүжүүлэх боломжууд байдаг. Өөрөөр хэлбэл тэнд байхдаа тодорхой хэмжээний хичээл заагаад өөрөө өөрийгөө санхүүжүүлээд степент аваад явах юм уу багштайгаа төсөл дээр ажиллаад тэндээсээ сургалтын төлбөрөө төлөөд явах боломж бас байдаг.

АНУ-д сурсан ур чадвараа Монголдоо ирээд хэрэгжүүлж чадаж байна уу? Яг юуг нь хамгийн түрүүнд хэрэгжүүлнэ гэж бодож байсан вэ? Ямар саад бэрхшээл тулгарч байна?

Манайх зарим нэг асуудал дээр хөгжсөн байдаг ч зарим зүйлс дээр хамгийн багаас нь эхлэх хэрэгтэй болдог. Тэгэхээр анхан шатны мэдээллүүд, хүрээлэн буй орчны мэдээлэл Монголын хувьд хомс байдаг. Ямар нэгэн үйл явдлыг ойлгохын тулд байгаль дээр тэнд юу байна вэ гэдгийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй болдог. Ямар зүйл ургамал байна, ямар зүйл амьтан байна гэдэг мэдээллүүд хэдийгээр нэлээн сайн судлагдсан боловч мэдээллийн бааз нь тодорхой хэмжээнд бүрэн төгс биш байдаг. Тэгэхээр Монголд судалгаа хийе гэсэн хүн заавал тэр мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй болдог. Үүнд хугацаа их орно. Тэгээд мөн тэр мэдээллүүдийг өөрсдөө  дангаараа хэвлүүлээд олон улсын хэмжээнд бүтээл болгож гаргахад жаахан төвөгтэй байдаг. Мөн салбараасаа хамаараад тоног төхөөрөмжийн асуудал судалгаан дээр бас яригдана. Харин илүү том өргөн зургаараа харвал хүний нөөцөөс эхлээд л дэмжих бодлогууд юу байна гэдэг зүйлс яригдана. Гэвч энэ тал дээр заавал улс хийж өгөх ёстой гэж харах биш өөрсдийн боломжоор тухайн салбар бүрд шийдээд явах жижигхэн гаргалгаанууд байж болно.  

Англи хэл яаж сурч байсан вэ? Одоо хэл сурч байгаа хүүхдүүдэд зөвлөөч гэвэл?  

Миний хувьд англи хэлийг анх гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд ороод яг утгаар нь үзэж эхэлсэн. Тэнд сурч байхад долоо хоногт дөрвөн цаг ордог байсан. Тэгж байж хамгийн анхан шатны саадыг давдаг юм байна лээ. Тэр саадыг давж байж ойр зуурын зүйл уншдаг, ярьж байгааг ойлгодог болсон. Ер нь хагас жил эрчимтэй нь сурахад хангалттай болов уу гэж харсан. Эхний саадаа даваад л гараад ирдэг юм байна лээ. Түүнээс цаашаа яаж сурах нь тухайн хүний боломжоос хамаарах байхаа.

Миний хувьд хэлийг удаан хугацаагаар багаар өдөр бүр сурахаас илүү хамгийн анхан шатанд байгаа хүн яг эхний тэр саадыг давчхаад хэвшээд ирвэл жишээ нь толь бичиг хараад уншчихдаг, жаахан жаахнаар хэрэглээд сурсны дараа өдөр бүрийн амьдралдаа жижиг хэвшил рүүгээ цөөн минутаар оруулаад ирвэл боломжийн санагдсан. Анхан шатны үгсийн сан бүрэлдээгүй, суурь нь байхгүй хүн шууд өдөр бүр багаар сурна гэдэг цаг хугацаа их орно. Эргээд мартана, хэрэглээ болж чадахгүй. Анхны саадаа давчихсан хойноо хэрэглээ л болгох ёстой гэж бодож байна.

Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?

Нэгт өөрөө юу хийж чаддаг гэдгээ туршиж үзэх хэрэгтэй байхаа. Миний бодлоор тухайн хүн өөрөө хаана хүрэх гэж байгаа вэ? гэдгээ өөрөө олж харах хэрэгтэй. Хэрэв миний мөрөөдөл арай өөр зүйл байна, би сонгосон мэргэжлээрээ л ажиллана гэдэг өөрийн гэсэн хүсэл сонирхол байгаа бол тэр хүсэл сонирхлоо л дагасан нь ямагт зөв. Яагаад гэвэл хүн өөрөө өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаад ирэхээр аяндаа боломжууд нээгдээд ирдэг. Тэр боломжууд нь ажлын байр ч юм уу, өндөр орлого ч гэдэг юм уу нээгдээд гараад ирнэ. Хэн нэгэн чамд ажлын байр санал болгохгүй байсан ч гэсэн чи өөрөө тэр ажлын байрыг бий болгоод л явчихна. Өөрийнхөө юу хүсэж байна тэр дуу хоолойгоо л сонссон дээр. Яагаад гэвэл тэр чинь л өөрөө хамгийн хүчтэй байж чаддаг.

Одоо АНУ-д докторын зэрэгт суръя гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Докторт суръя гэж бодож байвал үүнийг ажил гэж хүлээж авах хэрэгтэй. Энэ бол дахин суралцаж байгаа хэрэг биш ажил юм. Мэдээж докторт сурах хугацаандаа хичээл авч үзнэ. Гэвч хичээл бол хамгийн амархан зүйл нь байдаг юм байна лээ. Түүнээс илүү судалгаа шинжилгээний ажил хамгийн хүнд хэсэг нь юм болов уу гэж бодож байна. Яагаад ажил гэж хүлээж ав гээд байна гэвэл чи энэ мэргэжилдээ хайртай байх ёстой. Дурлаж байж энэ судалгаа шинжилгээ хийж яваа хугацаагаа давж чадна. Түүнээс биш чи хийж байгаа зүйлдээ дургүй байвал хурдан төгсчих юмсан гэсэн бодолтой л хийнэ гэсэн үг шүү дээ. Гэвч энэ бол төгсөлт биш, харин ажил учраас чи хэчнээн их эрч хүч гаргаж ажиллаж байна төдий чинээ төгсгөл нь хурдан ирнэ. Чанар нь төдий чинээ байх болно. Тэгээд магистр, докторын зэргээр явж сурах хүмүүст миний өгөх зөвлөгөө бол туршлага хуримтлуулах л хэрэгтэй. Тэр туршлага дээрээ үндэслээд оролцсон төсөл, хэвлүүлсэн бүтээлтэй байвал өөрийн өөрийгөө нотлоод илүү давуу талтай болно гэж л харж байна.

Одоогийн хүүхдүүд арай өөр болсон байж магадгүй. Надад тулгарч байсан хамгийн том бэрхшээл юу байсан гэвэл бид нарын хувьд, арван жилдээ байхдаа өөрсдийгөө бага бэлдэж байсан байна гэж анзаарсан. Хамгийн энгийн жишээ гэвэл бид өөрсдөө бие дааж сэтгэж сураагүй байдаг юм байна. Мөн зохион бичлэг буюу бичих чадвар дээрээ өөрсдийгөө бэлддэггүй байсан юм байна. Багаар ажиллаж сураагүй байдаг. Өөрсдийн санаагаа илэрхийлэх, илтгэл тавихдаа бэлтгэлгүй байдаг юм байна. Иймэрхүү асуудлууд дээр анхаарч өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байдаг юм байна гэж харсан. Судалгаа шинжилгээний ажил гэдэг өөрөө бас тодорхой хэмжээний эмх цэгцтэй, арга ажиллагаа нэлээн шаарддаг зүйл.

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.


Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү


Подкастын маань энэ удаагийн зочноор экологич, доктор Ш.Анармаагийн яриаг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.

⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud энд  дарна уу.
⏯Anchor энд  дарна уу.
⏸Itunes энд  дарна уу.
⏏️Castbox энд  дарна уу.


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: М.Ивээл