Урилгыг маань хүлээн авч ирсэн танд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа таны Америкт сурах хүртэлх амьдралын замналаар эхлүүлье
Нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад баярлалаа. Америкт суралцахаар 1998 онд явсан. Тэр хүртэл би өөрийгөө үндсэндээ Монгол Улсын Их Сургуулийн (цаашид МУИС) бүтээгдэхүүн гэж тооцдог. Би физикийн чиглэлээр бакалавраа төгссөн. МУИС-ын анхны /физикийн/ магиструудын нэг болж төгсөж байлаа. Түүнээс өмнө ч Монгол улсын их сургуулийн дэргэдэх физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн анхны төгсөгч нь болж 10-р ангийн боловсролоо ч мөн МУИС-тай холбоотойгоор олж авч байсан. Гэхдээ ингэж бэлдэхийн тулд, их алсыг харсан шийдвэр гаргасан. Тухайн үед БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор МУИС-ын дэргэд математик, физикийн хичээлд онцгой авьяастай хүүхдүүдэд зориулан гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээж байсан юм.
Орон даяар хүүхдүүдийг шалгаруулж авч суралцуулсан. Тэр ангийг төгсөөд МУИС-д элсэн орж, их сургуулийн физикийн ангийг онолын физик мэргэжлээр 1994 онд төгссөн. Яг тэр үед Монгол улс анх удаа магистрын зэрэг олгож эхэлсэн бөгөөд 1995 оны сүүлээр магистрт суралцаад төгссөн. Дараа нь их сургуулийн онолын физикийн тэнхимдээ багшилж байгаад Итали улсын Триест хотод UNESCO-ийн харьяа олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр магистртай дүйцэхүйц сургалтад хамрагдахаар UNESCO-ийн тэтгэлгийг авч Итали руу суралцахаар явсан. Тэгээд 1997 онд буцаж ирээд МУИС-ын онолын физикийн тэнхимд багшилж байгаад 1998 онд Америк явсан.
Нийгэмд Монголын боловсролыг дутуу үнэлэх хандлага байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Энэ бол Монголын цаашдын хөгжлийн гол түлхүүр асуудлуудын нэг. Энэ бол зүгээр нэгэн Ундраа гэдэг оюутан амжилттай суралцаад тэтгэлэг олоод гадаадад сурахаар явсан түүх бас биш. Үүний цаана томоохон дүр зургийн төлөөлөл болж би харагдаж байгаа юм. Тиймээс өөрийнхөө сурч ирсэн боломжуудыг эргээд харахдаа, ямар бодлогын үр шимийг хүртэгч нь би юм бэ гэдгийг эргэцүүлж боддог. Их сургуулийн дэргэдэх физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги гэж байгуулагдахад тэр нь сайд нарын зөвлөлийн “Университетийн Судалгааг Хөгжүүлэх Тухай” гэсэн тогтоол байсан. Тэр шалгаж авсан 9-р ангийн, арван хэдхэн настай хүүхдүүдийг хэзээ нэгэн цагт их сургуулийн судалгаа хийдэг профессор болно гээд, тийм багаас нь авьяасыг нь тодруулж, хөдөлмөрөөр өнгөлж бэлтгэсэн байгаа юм. 9-р ангид ороход л бидний мэргэжлийн хичээлүүдийг их сургуулийн топ багш нар орж байсан. Намжилдорж багш Алгебр, Геометрийн хичээлүүд ордог. Физикийн хичээлийг Монголын залуучууд хүүхдүүдийг олон жил олимпиадад бэлдсэн сургагч багш нарын нэг Ганбат багш, Монгол хэлийг Дулам багш, Астрономийг Халтар багш, Газарзүйг Базарсад багш буюу тэнхимийн эрхлэгч гээд тухайн салбарынхаа Монголын шилдэг эрдэмтэд бидэнд хичээл зааж байсан.
Яагаад физик, математик чухал гэдгийг тайлбарлахад илүүц байх. 21-р зууны аж үйлдвэрийн хувьсгал буюу 4-р хувьсгал дуусаад 5-р хувьсгал зарим улсад эхэлж байна. Энэ нь “Society 50” буюу нийгэм, хиймэл оюун ухаан, робот, нисдэг машин, алсын зайн технологи гэх мэт бүх л мэдээллийн технологи давамгайлсан эрэн зуун юм. Бид үүнд математик, физик гэх шинжлэх ухааны суурьгүйгээр орвол ямар ч багаж үгүйтэй ижил юм. Тэгээд их сургуулиа төгсөж, Италид суралцаж, Америкт очиход намайг хэнээс ч дутахааргүйгээр бэлдсэн байсан. Москвагийн их сургуулийн физикийн хөтөлбөрт хэрэглэж байсан бүх л сурах бичгээр биднийг бэлдэж төгсгөсөн. Тиймээс өрсөлдөөн ихтэй тэтгэлэг аваад Италид очиход Румын, Венесуэл, Египет, Вьетнам гэх мэт олон улсаас ирсэн, тухайн орныхоо шилдэг оюутнуудаас дутах зүйлгүй байсан. Энэ нь тухайн үеийн багш нарын алсын хараатай бодлогын ач тус юм. Мэдээж би өөрөө ч бас хичээж сурсан.
Америкт доктор хамгаалахдаа та хэдэн жил сурсан бэ?
Америкт 98 онд очихдоо би 25 настай байсан. Ер нь Америкт сурахад шаардлагатай, бэлдэх шалгалт, материалуудын талаар Италид сурч байхдаа бусад орны хүүхдүүдээс мэдэж авсан. 90-ээд оны дунд үеэр Монголд Англи хэлний сургалтад суух боломж одоогийнх шиг их байгаагүй. Англи хэлний сайн сургалт хаана байна гэдгийг амнаас ам дамжиж хүмүүсээс олж мэдсэн. Одоогийн драмын театрын дэргэдэх ESL төв хамгийн сайн Англи хэлний сургалт хичээллүүлдэг төв байсан. Тэнд 2-3 шатлалыг ажлын хажуугаар суралцаад Италид очиход TOEFL өгөх хэмжээний төвшинд байгаагүй. TOEFL-ын шалгалтыг тэр үед цаасаар, жилдээ хэдхэн удаа авдаг байсан. Тэгээд бусад орны найз нөхдөөсөө харилцан сурч GRE, TOEFL-ын шалгалтыг өгөөд, аппликэйшн бүрдүүлж Америк руу явуулж байсан. Тэгж Америкт очоод 4 жил суралцсан. 1998 оны намар очоод 2002 оны зун доктороо хамгаалсан.
Та суралцаж байхдаа ээж байхын хажуугаар шинжлэх ухааны хүнд салбарт онц сурлагатан оюутан байж, үргэлжлүүлээд гадаад сурна гэдэг өндөр ачаалалтай байсан байж таарна. Тэгэхээр тэр ачааллыг яаж тэнцвэртэй зохион байгуулж байсан бэ?
Тусалж, урамшуулах гэр бүл, найз нөхдийн сэтгэл санааны дэмжлэг ямар ч хүнийг амжилттай байхад их нөлөөлдөг. Одоо бодоход бүгд л боловсролыг эрхэмлэдэг тийм орчинд байсан учраас аав ээж, нөхөр, хүү маань ч тэр ганц үг ч гэсэн цээжлэхэд туслахын төлөө цаг гаргаж, дүү ирээд хүүхэд харж өгөөд ч болтугай дэмждэг байсан. Сурна гэдэг хамгийн чухал зүйл байсан учраас намайг хичээлдээ явах гэж байвал хэн ч саад болохгүй байхыг хичээдэг байсан. Шалгалтад бэлдэх тал дээр нэг зүйлийг онцлоод хэлмээр байна. Одоо хичээл хийж байгаа хүүхдүүдэд “Суралцахад суралцах” гэж их чухал зүйл байдаг. Энэ нь тамирчин хүний дасгал сургуулилт хийж байгаатай төстэй. Мөн мэргэжлийн хөгжимчин хэд хоног хөгжмөө дарахгүй байхад л хуруу нь хөшөөд эхэлдэгтэй ижил. Физик гэдэг нь оюун ухааны спорт юм даа.
Та гадаадад суралцах хүсэлтэй байгаа хүүхэд залууст Итали, Америкт очоод сурахад юу нь хамгийн сайхан дурсамжтай байсан тухайгаа бидэнд ярьж өгөөч?
Италид олон сүм, музей нь нийтэд нээлттэй, эртний барилгуудыг хуучин зүйлийг хуучнаар нь хадгалж үлдээдэг. Архитектурын талаасаа үзэж харах зүйл ихтэй, оюутнууд хэзээ ч яваад очиж үзэж болохуйц байдаг. Италийн миний санаанд үлдсэн нэг том соёл нь тэд маш их ажилсаг ард түмэн. Юмыг чанартай хийхийн төлөө эрмэлздэг. Ихэнх нь ажилсаг хүмүүс. “Феррари ч хийдэг, фиат ч хийдэг ард түмэн шүү дээ” гэж өөрсдийгөө наргиж ярьдаг. Хэчнээн удаан цаг орох байсан ч, юмыг уйгагүй хийж, чанартай хийхийн төлөө зүтгэдэг. Дунд нь товчилно гэсэн ойлголт байхгүй. Хоёрдугаарт, ажил амралтаа сайн зохицуулдаг. Италитай харьцуулахад Америкчууд маш ажилсаг. Тэгсэн хэрнэ шүүмжлэлтэй зүйл нь тэд амарч чаддаггүй. Ажиллаад л байдаг, ажиллаад байхаар хөдөлмөрийн бүтээмж буурч, хөдөлгөөн дутагдаж, стресс, депресс нийгэмд илүү илэрдэг. Тэгэхээр ажлын хажуугаар амрах соёл нь ялгаатай. Харин Америкчууд өөрийн үзэл бодолтой байхаас ерөөсөө эмээдэггүй. Харин их дэмждэг. Гол нь хүн өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй. Тэгээд тэр бодол, санаа нь өөрийнх нь жинхэнэ байх хэрэгтэй. Ямартай ч Америкт тийм нээлттэй, ямар нэгэн зүйл хэлэхэд буруудахгүй гэсэн нийгмийн баталгаатай байдаг.
Монголын хүүхдийн хүмүүжил гэж хэлдэг “Том хүн юм ярьж байхад саад болж болохгүй, томчуудын ярианд битгий ороод бай” гэдэг. Хэдийгээр хүүхэд зөв хүмүүжилтэй байх хэчнээн чухал ч гэсэн өөрийн бодолтой, түүнийгээ илэрхийлэхээс цааргалдаггүй, бие биенийхээ үзэл бодлыг сонсдог, үзэл бодол зөрөхийг дайсагнал биш гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Манай аав ээж бол гэр бүлийн шийдвэр гаргахад дандаа миний саналыг асуудаг байсан. Хэчнээн жоохон байсан ч “Чи ийм жоохон юм чинь мэдэхгүй” гэхгүй. Тийм ч учраас эргээд харахад Америкт очоод амархан амжилт олж, шилдэг оюутан болох суурь хүмүүжлийг өгсөн хүмүүс ээж аав минь байж л дээ. Монголчууд хүүхдийг сонсож, өөрийн гэсэн бодолтой байхыг нь дэмжиж, хүүхдүүдийн өөртөө итгэлтэй байдлыг бий болгох нь зөв санагддаг. “Миний бодлоор…” гэж байгаад хэлнэ гэдэг маргаж байна гэсэн үг биш. Америкчууд бол “Чи юу гэж бодож байгаа чинь чухал шүү дээ. Чамд өөрийн гэсэн санаа байхгүй гэж үү? Бид нар нийлж байгаад үүнийг тал бүрээс нь ярилцаж байна. Чиний санаа хэрэгтэй байна.” гэх мэт яриаг дэмжиж гаргаж ирдэг.
Америкийн боловсролд дэлхий нийтээрээ яагаад их ач холбогдол өгдөг юм бэ? Энэ талаар үзэл бодлоо хуваалцаач?
Америкт докторын ажлаа би Хойд Каролинагийн их сургуульд хийж байсан. Тэр үед багшийн туслахаар лабораторийн хичээл заадаг байсан, дараа нь Стэнфордын их сургуульд 3 жил багшилж байсан. Багшилж байсан туршлагаасаа харьцуулж харахад Америкийн боловсролд яагаад ач холбогдол өгөөд байна гэвэл Америкт өгөх соёл байдаг. Намайг Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нэг жил “Volunteerism” гэдэг сэдвээр аян өрнүүлж байсан. Дээр үед бол сайн дурын ажил гэдэг байсан одоо үед нийгмийн үйлчлэл, манлайлал, хүнд өгөх, цаг болон санхүү эх үүсвэрээ хуваалцах, туслах тийм соёл юм. Америкийн сургуульд орж байгаа ямар ч хүнд “Чи нийгмийн төлөө өөрөөсөө давж өрөөл бусдын төлөө юу хийсэн бэ?” гэдэг нь тэр хүүхдийг шалгах нэлээн том үзүүлэлт болдог. “Би ийм, би тийм хүн” гэхээсээ илүү “Би бусдын төлөө ийм зүйл хийсэн юмаа” гэж хэлэгдэхээр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
Энэ соёлыг сурсан хүний хувьд, бодож явсных би Монгол улсын их сургууль дээр түшиглээд “Шинжлэх Ухаан - Нийгмийн Мэдлэгийн Түлхүүр” гэсэн, мөн төгссөн сургуульдаа өгье гэдэг үүднээс “Идэр Оюуны Ундраа” гэх нэрээр шинжлэх ухааны тэтгэлгийг математик, физик, хими, биологийн чиглэлээр өгч ирсэн. Тухайн чиглэлээр сурч байгаа, хичээлдээ сонирхолтой, түүндээ сайн, цаашаа сурах сонирхолтой хүүхэд залуучуудад (Био технологи, Хөдөө аж ахуйн их сургуулийнхаа нийлээд) 40 гаруй залууст тэтгэлэг өгсөн байна. Өнөөдөр химийн мундаг профессорууд байж тэр хүмүүс дараагийн анагаахын эмч болох хүмүүсийнхээ химийн хичээлийг заах суурь нь тавигддаг. Тэгэхээр тэр урд хэсэгт явж байгаа мөс зүсэгч шиг буюу “frontier” хүмүүсийг бэлдэхийн тулд эртнээс сайд нарын хурлын тогтоолоор ирээдүйд судлаач болох хүүхдүүдийг бэлдсэн шиг алсын хараатай бодлого дутагдаж ирлээ. Ийм ажил илүү сайн явж байж бид мэдлэгт тулгуурласан эдийн засаг, эдийн засгийн чадамжийн тухай ярина. Мөн мэдээж өндөр цалинтай ажлын байрнууд илүү их бий болно. Тэгвэл шинжлэх ухаанд суралцсан хүмүүс маань яагаад хэрэгтэй гэдэг нь ажлын байрнаас авахуулаад л амьдралын чанар бүх зүйл ойлгомжтой болно.
Мэргэжлээ сонгож байгаа өсвөр насныханд хандаад та ямар зөвлөгөө өгөх вэ?
Мэргэжил сонгох бол олон талтай. Судалгаанаас үзэхэд "ээж аавынхаа хэлсэн үгийг дагаад л сонгочихсон, уг нь би өөр мэргэжилтэй болмоор байсан, энэ миний дуртай зүйл биш” гэдэг асуудал түгээмэл харагддаг. Хамгийн гол нь өөрийн дуртай мэргэжлээ сонгох, түүнийгээ цагийг нь тулгахгүй ойролцоогоор 2 жилийн өмнөөс бодож эхлэх чухал. Аль болох эрт өөрийн сонирхлоор клуб, дугуйланд явж өөрийн сонирхлоо өөрөө мэдэж авах чухал. Мөн зорилгоо тодорхой болгох нь чухал алхам. Эсээ бичих тал дээр хүмүүс их зөвлөгөө асуудаг. Эсээ бичихэд нийтлэг гаргадаг алдаа нь “өөрөө өөрөөрөө сонсогдох” гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон жил ажилласан эсээ уншиж байгаа албаныхан тэр хүүхэд эсээг өөрөө бичиж үү, чин сэтгэлээсээ бичиж үү гэдгийг мэдэх мэдрэмж нь хөгжчихсөн байдаг. Тэгэхээр эсээг өөрийнхөөрөө, чин сэтгэлээсээ бичих хэрэгтэй. Ямар нэг асуудлыг хэрхэн даван туулсан тухайгаа бичих нь “би яагаад мундаг юм бэ” гэдгээ бичсэнээс илүү дээр. Өөрийн зан чанар, дотоод сэтгэлийн хатыг үзүүлэх хэрэгтэй. Жишээлбэл өөрийгөө өгөөмөр, бусдад тусалдаг хүн гэдгийг харуулсан бодит жишээ, хийсэн ажлынхаа тухай бич. Магадгүй хийж байхад нь тулгарсан асуудлыг яаж даван туулсан, яаж бусдыг ятгаж тусламж авсан тухай зэрэг нарийн, зан чанарыг харуулсан жишээнүүдийг оруулж чин сэтгэлээсээ бичвэл тэр нь мэдрэгддэг. Зорилгоо тодорхойл. Тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд юу хийсэн тухайгаа өөрийнхөөрөө бичих хэрэгтэй. Зорилго тодорхой бол зам шулуун болно.
Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс үзээрэй
Та бүхэн А. Ундрааийн яриаг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.
SoundCloud: https://bit.ly/2TpT7KZ
Anchor: https://bit.ly/3cQ2Yl3
Itunes: https://apple.co/2Lsk1NP
Castbox: https://bit.ly/2WNcwrf
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал | Photo Credit: June Charaa |