Alumni stories

Б.Оюунтөгс:АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр магистр, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн


Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач.

Сайн байна уу? Намайг Оюунтөгс гэдэг. Би АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Миний мэргэжлийн онцлог гэвэл Монголын улсын боловсролын салбарт болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт аль аль нь байдаггүй цоо шинэ мэргэжил юм. Энэ мэргэжлийг сонгож суралцах болсон шалтгаан нь би харааны чадвараа алдаад, маш жоохон үлдэгдэл хараатай үлдсэн. Тэгээд гэртээ дөрвөн жил суугаад эргээд нийгэмдээ гарч хараагүйчүүдийн холбоонд орж ажилласан юм. Өмнө нь хараатай байхдаа дахиж сурна, тэтгэлэг хөөцөлдөнө гэсэн бодол огт байгаагүй. Хийж байсан ажил, тухайн үед надад байсан амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байсан. Тэгээд хараагаа алдсаны дараа олон нийтийн дунд орж ажиллахад би залуу байна. Цаашаа яаж амьдрах юм. 


Хөдөлмөрийн зах дээл дээр өрсөлдөөн ихтэй байна гэж бодогдсон. Ингээд хязгаарлагдмал болчхоор ажил олж хийх бүүр хэцүү болчихдог юм байна. Тэгээд л өөрийгөө дахиж хөгжүүлье, суръя гэж шийдсэн юм. 

Харааны бэрхшээлтэй хүмүүс Англи хэлний стандарт шалгалтуудыг яаж өгдөг вэ?

Би шалгалт өгөөд бараг дөрвөн жил өнгөрсөн байна. Тухайн үед намайг шалгалтаа өгөх гээд хөөцөлдөж байхад маш хүнд байсан. TOEFL-ын стандарт шалгалтуудыг өгөх эрх авсан газруудад нь би харааны бэрхшээлтэй хүн, дэлгэц уншигчтай компьютертой гээд бариад очсон юм. Бусад шалгалт өгч байгаа хүмүүст хүндрэл учруулахгүй. Ганцхан надад материалаа дижитал байдлаар флаш дээр зөөгөөд миний компьютерт хийгээд өгчихвөл би өөрөө чихэвчээ хийгээд ажиллачихна гээд зөндөө хэлж тайлбарласан боловч гайхаад ерөөсөө хүлээж авч чадахгүй байсан. Тэгээд би TOEFL-ийн шалгалтаа өгч чадаагүй юм. Харин IELTS-ийг шалгалтаа өгсөн. IELTS-ийг авдаг ганцхан төв байсан нь ESP гээд төвийн захирал нь урд нь нэг харааны бэрхшээлтэй хүнээс шалгалт авч байсан туршлагатай хүн байж таараад миний шалгалтыг зохион байгуулаад материалыг маань цаад Англи дахь төвөөсөө хүртээмжтэй байдлаар авч, надад өгөөд шалгалтаа өгсөн. 

Тухайн үед би хүртээмж гэдэг талаасаа өөрийнхөө туршлагаас л тайлбарлахаас биш, яг эрх үүргийн хүрээнд та нар ийм үүрэгтэй. Бид нар шалгалт өгөх эрхтэй. Энэ үүргийнхээ хүрээнд ингэж бэлдэж өгөх ёстой шүү гэж тодорхой зааж өгч чадаагүй. Нөгөө хүмүүс ч туршлагагүй, бас сэтгэл дутсан уу яасан уг нь бол тэр хүмүүсийн үүрэг л дээ. Нэгэнт Америк дахь төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ ялгаварлахгүй стандарт шалгалт авдаг юм бол, тэр эрхийг нь авсан Монгол дахь төв нь ч мөн адил тэгж л ажиллах ёстой юм. Жилийн өмнө бас нэг харааны бэрхшээлтэй хэлний чадвар өндөр залуу байдаг. Над руу утастаад Оюут эгчээ, би шалгалт өгөх гээд ESP төв дээр очсон чинь хараагүй хүн шалгалт өгч болохгүй гээд буцаачихлаа гэсэн. Тэгэхээр хэлний төвүүдэд одоо хүртэл ийм байдал байсаар л байгаа.

 IELTS-ийн шалгалтад хэр удаан, хэрхэн бэлдэж байсан вэ?

Онлайнаар материалууд их хайсан. Зөндөө олдсон боловч даанч бас хүртээмжгүй байсан. PDF юм уу зургийг нь аваад оруулчихдаг юм байна лээ. Түүнийг нь хараагүй хүмүүсийн хэрэглэдэг дэлгэц уншдаггүй юм. Би юуг бэлдэж чадсан вэ гэхээр маш ховор хэрэглэгддэг 450 үгийн жагсаалт олж аваад цээжлээд үзсэн. За тэгээд үгийг дангаар нь цээжлэх бол бүтэхгүй, үр дүн тааруу байсан. Байнга хэрэглээнд байдаггүй, хүнд төвшний үгүүд цээжлэхэд тогтоогдохгүй. Утга нь өөр. Тийм болохоор бэлдэх техник бас өөрчлөх хэрэгтэй болсон. Дараа дараагийн залуучуудад захиж хэлэхэд “Бас эсээнүүд уншаарай. Эсээ унших нь ярилцлагыг баяжуулахад их хэрэгтэй үр дүнтэй байсан.” 

Фулбрайтын тэтгэлэгт бэлдэж байхдаа яг ямар зорилго тавьж байсан вэ?

Нэгдүгээрт тэтгэлгээ авна. Түүндээ хүрэхийн тулд алхам алхалмаар өөрийгөө бэлдэх, өөрийгөө хөгжүүлнэ. Тэгээд сураад ирсэн хойноо ажлын байртай болно гэж зорьсон. Яг үнэндээ намайг сураад ирэхэд ажлын байр найдвартай олдоно гэж их итгэл дүүрэн байсан юм. Төгсөөд ирэхдээ ч гэсэн тэнд үлдэх боломж байсан ч Монголдоо очоод надад ажлын байр олдох юм чинь гээд АНУ-д үлдээгүй, итгэл дүүрэн эргээд ирсэн. Тэгээд ирэхэд нөхцөл байдал их өөр. Миний ажил хайж байсан туршлагаас хүний хөдөлмөр, сэтгэл гэдэг зүйл ерөөсөө үнэлэмжгүй болчихсон гэж надад мэдрэгдсэн. Тэгээд бараг сэтгэл гутралд орохоо шахсан. Ажил олж чадахгүй байсан учраас нийгэмд хэрэгтэй, хүмүүст хэрэгтэй энэ мэргэжлээрээ өөр байдлаар ажиллана гээд “Гэрэлт Цох Байшин” гэсэн ТББ-аа байгуулсан. Яг энэ загвар зорилтод бүлэгтээ хэрэгтэй байна уу? Үгүй юу? гээд. Олон хүмүүстэй уулзаж явсан. Хэрэгтэй юм байна гэж бас харсан. Одоогоор өөрийнхөө хэмжээнд бичил судалгаануудыг хийж байна. Яг үйл ажиллагаа гэхээр нөлөөллийн талдаа илүү үйл ажиллагаа хийж байна. 

Өөрийн эзэмшсэн ажил мэргэжлийн талаар уншигчдад хуваалцаач? Монголын хөдөлмөрийн зах зээл дээр байдаггүй, Монголд бэлтгэгддэггүй, гэхдээ нийгэмд их хэрэгтэй мэргэжил юм. Гүүр болж ажилладаг гэхээр яг ямар үүрэг гүйцэтгэж ажилладаг гэсэн үг вэ? 

Би буцаж ирээд хамгийн түрүүнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд ажилд орох гэж үзсэн. Өргөдлөө өгөөд хүлээсэн ч хариу өгөөгүй. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлийн асуудлыг тойроод зөндөө олон төсөл хэрэгжиж байгаа ч гэсэн тэр байгууллагуудад хандахаар ажлын байр нь байдаггүй. Хэрэгжилт хангалттай биш байна. Дунд нь ямар нэг гүүр тасраад байна гэж хэлдэг юм. Тэр гүүр нь уг нь миний энэ мэргэжил л дээ. 

Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлийн маань туулийн зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүнээ хөдөлмөр эрхлэлтэд хүргэх юм. Ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Нөгөө талд ажилд авчихъя гэдэг сэтгэлтэй ажил олгогч байна. Энэ хоёрын дунд нь холбож өгдөг гэсэн үг. Эхлээд бэрхшээлтэй хүнээ судалж, сайн ярилцах хэрэгтэй. Тэгж байж ажил олгогч дээрээ очиход ажил үүрэгтэй нь танилцаад, танд байгаа ажлын байранд манай хүн ажиллахад ийм ийм чадвартай байна. Харин ийм чадвар л алдагдсан тул ажил олгогчдын зүгээс ийм тохируулгаа хийгээд өгөх хэрэгтэй. Тухайн хүндээ тохирох жаахан өөрчлөлт хийх хэрэгтэй юм. Түүнийг нь ингэж хийж болдог гээд зөвлөж холбож өгнө гэсэн үг юм. 

Америкт анх очсон, тэнд өнгөрүүлсэн өдрүүдээ эргээд нэг дурсаач?

Би ээжтэйгээ явсан юм. Хамгийн түрүүнд бид гадуур амьдрах байраа олох хэрэгтэй болсон. Би харахгүй, ээж маань настай хүн. Анх бол өөр орчинд очоод дасан зохицох гэж жаахан стресстэй байсан. Ачааллын хувьд ч хичээл их байсан. Гадаад оюутнууд заавал бүтэн цаг ажиллах хэрэгтэй, дээрээс нь 12 кредит сонгоод сурч байгаа. Ерөнхийдөө харахгүйгээр шинэ орчинд ажил хийхэд ачаалал хоёр дахин нэмэгдэнэ. Энд байхдаа олон орчуулгын ажил хийж байсан ч гэсэн тэнд очоод миний бичгийн чадвар. Англи хэл гологдсон. Би өөрөө өөрийгөө ч академик төвшинд их голсон. Тэгээд сургууль дээрээ цаг авч байгаад очиж уулзаад бичсэн зүйлээ хянуулаад, хамт ярилцаад сайжруулаад явдаг байсан. 

Харааны бэрхшээлтэй иргэдэд мэргэжил сонголтын боломж хэр өргөн байдаг вэ?

Үүнийг би яг мэргэжлийн үүднээс тайлбарлана. Ажлын байрны тохируулгаа гэж ярьдаг тэр бүхнийг хангалттай хийж өгөх чадвар бас тийм ч хязгаарлагдмал биш. Яагаад гэвэл би харааны бэрхшээлтэй хирнээ олон улсад ямар ямар ажил хийгээд амжилттай яваа хүмүүсийг мэднэ. Хуульч хийж байна. Өмгөөлөгч хийж байна. Иргэний нийгмийн манлайлагчид байна. Орчуулагч хийж болж байна. Зөндөө олон мэргэжлээр ажиллаж чадаж байна. Миний хувийн ажиглалтаар бол гар хөлийн ажил хийхээсээ илүү, оюуны ажил хийвэл илүү боломжтой юм шиг санагддаг. Америкт олон алдартай хараагүй өмгөөлөгч, хуульч, улс төрийн зүтгэлтнүүд байдаг. Манайхан бол хэцүү юм шиг төсөөлөөд байдаг юм. Яагаад гэвэл ажлын байрны тохируулга гэдэг ойлголт нь байдаггүй. Ажил олгогч нар ажлын байрны тохируулга гэдэг зүйлийг мэддэггүй байна. 

Тохируулгыг хэн хийдэг вэ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн сэргээлтийн зөвлөх, миний мэргэжил мөн хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүд хийх ёстой. Хэрэв зүгээр Монголд энэ ажлын байр байсан бол, би одоо зөвлөх гээд сууж байна. Над дээр ямар ч асуудалтай, бэрхшээлтэй хүн орж ирж болно. Бүгд заавал ажил хийх сонирхолтой ирэхгүй ч байж бас болно. Тэр бүх асуудал дээр нь би ярилцаж, харилцаа үүсгээд зөвлөгөө өгнө гэсэн үг юм, Тэр дундаа ажилд орохыг хүсэж  байгаа тэдгээр хүмүүсийг судлаад. Чи ямар ажил хайж байгаа юм, чиний сонирхол юу юм, чиний чадвар юу юм гэдэг үнэлгээ хийнэ. Одоогоор чиний сонирхож байгаа ажлын байр, ажил олгогч байна уу? Тийм ажлын байр байгаа хэдий ч чи өөрөө бие даагаад очиж уулзаж чадахгүй байвал гээд л тал бүрээс нь зуучлаад ярилцана. Тухайн хүнээ хөгжүүлээд ажиллана гэсэн үг. 

Америкийн их сургуулиуд харааны бэрхшээлтэй оюутнууддаа сурч, боловсрол эзэмшихэд нь ямар бодлогоор, яаж дэмждэг юм бол?

Хамгийн эхлээд унаа тээврийн үйлчилгээ чухал. Яагаад гэвэл хэчнээн сайхан үйлчилгээ тэнд байгаад гэрээсээ гараад сургуульдаа хүрч чадахгүй бол хэцүү шүү дээ. Тэр утгаараа Америкийн нийтийн тээвэр автобус нь дотроо буудал бүрээ зарладаг. Зарласан хоолой нь дотор ч гадаа ч сонсогдоно. Автобус андуураад сууна гэж санаа зовохгүй гэсэн үг. За тэгээд автобусанд ороход автоматаар шат нь бууж өгдөг тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст хүндрэл гарахгүйгээр шийдэж өгсөн байдаг. Тэгээд замын хажуугийн боржуур нэг хэсэг нь налуу болгоод засчихсан байдаг. 

Дээрээс нь боловсрол тал дээр манай сургууль гэхэд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан төв байдаг байсан. Тэр төвөөсөө би сурахад хэрэгтэй тохируулгуудыг авдаг байсан учраас надад гэрийн даалгавраа хийхэд амар байсан. Шаардлагатай судалгаануудаа уншина, шалгалтуудаа ч өгөхөд асуудал байгаагүй. Тодруулаад хэлэхэд, би ямар тохируулгуудыг авч байсан вэ гэвэл миний үлдэгдэл 10 хувийн хараагаар би хэчнээн гэрэл мэдэрч байгаа ч гэсэн үсгийн том фондыг ч уншиж чадахгүй учраас шалгалтын тестийн цагийг маань /илүү цаг зарцуулдаг тул/ нэг дахин нугалаад сунгаж өгдөг байсан. Сурах бичгээ би цаасаар аваачаад өгчихвөл дижитал байдлаар файл болгоод гэвэл компьютерын дэлгэц уншигчид тохиромжтой байдлаар хөрвүүлээд буцаагаад над руу имэйлээр явуулчихдаг байсан. Дээрээс нь ангид би багшийн лекцийг ойлгохгүй байна. Гэртэй очоод дахиж сонсох хэрэгтэй байна гэвэл аудио бичлэг хийж болдог байсан. Дээрээс нь бусад үйлчилгээ хангалттай байсан. Үйлчилгээний ажилчид нь бас их найрсаг харилцаатай. Хүн бүр өөрөө ч харилцаа төвтэй байх ёстой. 

Та одоо Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа яагаад MASA-г сонгож гишүүнчлэх болов?

MASA надад их сонирхолтой санагдсан. MASA-г байдаг гэдгийг би өмнө нь мэддэг байсан. Ямар нэг байдлаар өөрсдийгөө сурталчлаад байдаггүй. MASA-г ингэлээ гээд их сонсогдоод байхгүй хирнээ том хэмжээний үйл ажиллагаа хийдэг. Тэр эцсийн үр дүн чухал харагддаг. Тэгээд би дотор нь орж ажиллаад үзнэ. Энэ багтай хамт олон болоод, миний зүгээс оруулж болох хувь нэмэр юу байна гэсэн үүднээс MASA-д орсон.

Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг энд дарж үзээрэй


Та бүхэн Б.Оюунтөгсийн ярьсан подкастыг бүрхэн эхээр нь сонсохыг хүсвэл дараах холбоосуудаар сонсоно уу.

⏩Stitcher энд дарж сонсоно уу.
▶️SoundCloud энд дарж сонсоно уу.
⏯Anchor энд дарж сонсоно уу.
⏸Itunes энд дарж сонсоно уу.
⏏️Castbox энд дарж сонсоно уу.


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |