Alumni stories

Б.Амар: Флорида Технологийн Институцийн төгсөгч, "Альянс-Тех" ХХК-ийн Ерөнхий захирал, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн



Сайн байна уу, Та өөрийгөө уншигчдад маань дэлгэрэнгүй танилцуулаач?

Би Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужид байрлах Технологийн Институцийг механик инженер мэргэжлээр төгссөн. Нисэхийн инженер мэргэжлээр орсон боловч жилийн дараа шилжиж механик инженерийн анги уруу орсон. Америк явахаасаа өмнө Сингапурт арван жилээ төгсөөд, коллежид нисэх болон сансар судлалын инженерийн ангийг төгссөн. Сингапурт долоон жил болоод Америкт очсон. Миний эцсийн зорилго Монголд ирж ажиллах байсан учраас механик инженер илүү өргөн хүрээний хөрвөх чадвартай болохоор шилжиж орсон. Төгсөж ирээд Улаанбаатар хотод эрчим, хүч барилга боловсруулалтын компанид анх механик инженерээр ажилд орсон. Одоо төслийн компанынхаа захирлаар ажиллаж байна.


Америкт суралцахаар шийдэхэд хэн юу хамгийн их нөлөөлсөн вэ?

Монголд ирэх сонирхол байсан. Монголд ирээд ажлын байрны олдоц багатай байсныг анзаараад Америк уруу инженерийн сургуульд суръя гэж шийдсэн. Улмаар Америкийн болон Европын хэд хэдэн сургууль уруу хүсэлт гаргаад Шотландын их сургууль болон Флорида дахь сургуульд тэнцсэн. Тухайн үед шийдвэр гарахад аав нөлөөлсөн. Аав маань инженер хүн учраас инженер мэргэжлээр Орос, Америк хоёр дэлхийд тэргүүлдэг Америкийг сонгосон нь дээр гэж зөвлөсөн.

Сургалтын төлбөрөө хэрхэн зохицуулж, санхүүжүүлж байсан бэ?

Сургалтын төлбөрийн хувьд сургуулиас маань багагүй тэтгэлэг өгсөн. Үлдсэн төлбөрийг одоо ажиллаж байгаа компаниас маань төгсөж ирээд ажиллана гэсэн гэрээтэй ивээн тэтгэж байсан. Мөн тухайн үед Монголд ирээд ажлын байрны олдоц хир их байгааг судалж байх үедээ энэ компанийг их сонирхсон.

Америкт сурч мэдсэн ур чадвараа одоо ажлууд дээр хэрхэн ашиглаж байна вэ? 

Миний хувьд төгсөж ирээд механик инженерээр одоо байгаа компанидаа орсон. Компаниас ур чадварыг маань үнэлж инженер болон менежмент хоёрыг хослуулаад явах чадвартай гэж дүгнэсэн учраас намайг сэргээгдэх эрчим хүч төсөл үрүү оруулж байсан. Энэ сэргээгдэх эрчим хүч төсөл маань нарны станц. Эхний ээлжид бэлтгэл ажил хийгдэж, 7 сарын дараа төсөл эхлэх болж төслийн менежер хэрэгцээтэй болсон учраас төслийн менежерээр ажиллах болсон. Мөн Америкт сурч байхдаа 4, 5 төсөлд орж байсан. Америк сургуулиуд дан ганц онол гэлтгүй оюутнуудаа олон төсөл дээр хамруулдаг. Түүнчлэн сүүлд дипломын ажлаа 6 оюутантай нэг баг болон хоёр жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлж байсан. Энэ мэт маш олон сонголтууд гарч ирдэг. NASA-ийн төсөл рүү хүртэл орох боломжтой. Миний хувьд гадаад оюутан учраас NASA-д орох боломжгүй байсан, хэд хэдэн сонголтоос сайн үйлсийн төсөл болох хөгжиж буй орнуудын хүмүүст өдөр бүр тулгардаг асуудлуудыг нь шийдвэрлэх төсөл дээр ажилласан. Бид нар өөрсдөө төслийн санаагаа сонгодог учраас яг юу хийх вэ гэж хугацаа их алдсан. Тэгээд багаараа интернетээс судалгаа хийгээд, тухайн үед нэг зураг харсан. Тэр зураг дээр нэг Африк хүүхэд гуталгүй харин гутлынхаа оронд ундааны сав хайчлаад өмсчихсөн зураг байсан. Тэр зургийг хараад "бид хог хаягдлыг нь ашиглаад тавчик хийгээд өгье" гэсэн санаа төрөөд багшдаа хэлэх үед санааг минь дэмжээд төслөө эхлүүлж байсан. Бид нарын хувьд пластик хог хаягдлыг хайлуулаад хивэнд оруулж гутал буюу таавчик хийж эхэлсэн. Үүгээрээ хоёр асуудлыг шийдэж байсан. Нэг нь хөлийн доод хэсгээр дамжин халддаг паразит өвчин. Нөгөө нь хог хаягдлыг багасгасан гэсэн хоёр асуудлыг шийдсэнээрээ онцлог төсөл болж байсан. Энэ төслөөс төслийн менежмент гэдэг тал дээр туршлага хуримтлуулж чадсан.

Америкт суралцаж байхад баяртай эсвэл хүнд санагдаж байсан зүйлээсээ дурьдвал?

Хамгийн сорилттой байсан үе гэвэл Сингапурт сурч байсан коллеж маань арван жил биш дээд боловсрол гэдэг утгаараа явдаг учраас намайг анх очиход шилжиж ирсэн оюутан гэсэн ангилалд оруулчихсан байсан. Миний хувьд Америкт анх удаа очиж байсан болохоор мэдэхгүй зүйл олон. Тэгээд чиглүүлэх сургалтаас нь миний нэрийг хасчихсан байсан. Чиглүүлэх сургалт болон нээлтийн өдөрлөгтөө хамрагдаж чадаагүй учраас хичээлүүд болон ангиуддаа бүртгүүлж чадаагүй. Олон улсын оюутны зөвлөхтэйгөө уулзах ёстой гэдгээ ч мэдээгүй. Нэг бол өглөө эрт эсвэл орой орох анги л үлдчихсэн байсан. Хоорондоо их зайтай. Дугуйланд явах цаг таарахгүй. Тэгээд миний төвшний анги дүүрчихсэн учраас миний Англи хэл гайгүй гэж хэлээд хоёр төвшин ахиулаад оруулж байсан. Тухайн үед мэргэжлийн хичээлүүд нэлээн хэцүү. Өмнөх төвшний хичээлийн сурах бичгийг нь харж байгаад хичээлээ хийдэг. Бараг хоёр хичээл зэрэг үзэж байгаа юм шиг байсан. Нэлээн их сорилтод орсон үе. Тэгээд хоёр, гуравдугаар

семестрээс жигдрээд, асуудалтай ойлгомжгүй зүйлс байхгүй болсон. Хичээлээ хүртэл зөв цагийн хуваариар сонгож, дунд нь гардаг цагуудад хичээлээ давтаад хажуугаар нь орой клубүүдэд хамрагдаад явдаг болсон. Миний хувьд спортод дуртай. Сургууль агаарын теннис болон хөл бөмбөгийн талбайтай. Тэгэхээр долоо хоногийн дөрвөн өдөр нь бэлтгэлтэй. Хагас бүтэн сайнд нь тэмцээнтэй гээд өөрийгөө завгүй байлгаж, хичээлээ хийнгээ хажуугаар нь спортоор өөрийнхөө стрессийг тайлдаг байсан. Мөн сургуулиа төгсөх мөч бол үнэхээр сайхан мөч байсан. Яагаад гэвэл хоёр жил үргэлжилсэн төсөл маань амжилттай хэрэгжээд эцсийн бүтээгдэхүүн гараад түүнийг харах сайхан байсан. Манай багийнхан бүгдээрээ төслөө танилцуулах үедээ өөрсдийн хийсэн тавчикаа өмсчихсөн. Тэр бас их гоё аз жаргалтай мөч байсан.

Америкт сурч байгаа оюутнуудад юу гэж зөвлөмөөр байна вэ?

Миний хувьд Америк руу явахаасаа өмнө их сургуульд орох талаар интернетээс судалгаа сайн хийж чадаагүй. Мөн очоод сургалтынхаа албатай очиж уулзах хэрэгтэй юм байна лээ. Манай сургууль хоёр сургалтын албатай. Тэр сургалтынхаа алба дээр очоод мэдээлэл авах ёстой байсныг би тухайн үедээ мэдээгүй. Уг нь сургалтын албаны хүмүүс нь их найрсаг ялангуяа гадаад оюутнуудад их тусалдаг хүмүүс байдаг. Өөрөө л сайн хөөцөлдөж, асуух зүйл байвал санаа зоволгүй сайн асууж байх хэрэгтэй.

Америкт суралцах сонирхолтой байгаа хүүхэд, залууст ямар зөвлөгөө өгөх вэ? Хаанаас ямар алхам хийж эхлэх хэрэгтэй вэ?

Америкт их сургуульд сурах болон арван жилд суралцах хоёр өөр байдаг. Намайг Америкт байхад дүү маань над дээр ирж Америкийн арван жилийн сургуульд сурч байсан. Монголд сурч байгаа арван жилийн хүүхдүүдийн хувьд FLEX солилцооны хөтөлбөр зүгээр санагдсан. Миний хувийн зүгээс зөвлөх зүйл бол Америк сурах хүсэлтэй байгаа залуучууд маань ямар мэргэжлээр сурах талаар EducationUSA Mongolia байгууллагад очоод зөвлөгөө авч болно. Тодорхой баримжаатай авч түүндээ суурилан сургуулиа сонгох нь илүү зөв гэж бодож байна. Мөн сургуулийн нэр хүнд, соёл, гадаад оюутнуудын харилцаа холбоо бас сургалтын дундаж үнэлгээ зэрэг мэдээллүүдийг болон, сурах гэж буй газрынхаа байршил, мужийг сайн судлах хэрэгтэй. Нөгөө талаар өртөг багатай хотод дэд бүтэц бага хөгжсөн байдаг. Үүнээс болоод нийтийн тээвэр байхгүй эсвэл цагт нэг удаа ховор явдаг автобустай тийм улс, хотууд ч байдаг. Энэ нь цаашлаад такси барих бүр машин авах ч юм уу тиймэрхүү шаардлага гарч эхэлдэг. Тиймээс амьдралын өртөг бага ч бусад зардал нь өндөр гарах магадлал их байдаг. Тэр болгоныг бүх талаас нь тооцоолж үзээд сургуулиа, хотоо сонгох нь зүйтэй гэж бодож байна. Миний хувьд инженер чиглэлээр сурах учраас тэр тал дээр лабораторид судалгаа явуулж болохуйц сургууль байвал илүү миний цаашдын карьерт хэрэгтэй. Мөн ямар нэгэн багшийн судалгаанд хамрагдах боломж гардаг болохоор судалгааны баазтай сургууль сонгож байсан.

MASA буюу Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр,  яагаад заавал MASA-г сонгож ажиллах болсон бэ?

MASA талаарх мэдээллийг анх ажлын шугамаар танилцаж байсан ах маань надад “Чи MASA-д орвол их зүгээр. Учир нь залуу үедээ яагаад Америкт сурах хэрэгтэй талаар бас мэргэжил сонгох талаар хэрэгтэй зөвлөгөө өгч чадна” гэж хэлж байсан. Тухайн үед би дөнгөж Америкаас төгсөөд ирсэн байсан. Тэгээд MASA-ийн талаар юу ч мэддэггүй байсан болохоор интернетээс тэр өдрөө их хайсан. Мөн хэрэгжүүлж байгаа төслүүдийг нь хараад, залуучуудад мэргэжил сонгох тал дээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаанууд нь илүү ойр санагдаж байсан. Хийж чадах юм шиг санагдсан. Тэгээд MASA-д гишүүнээр анх элсэн орж байсан.

Таны төгссөн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутан, сурагчдыг боловсролын салбарт хэрхэн тэгш хамруулдаг байсан бэ?

Намайг сурч байх хугацаанд тэргэнцэртэй хоёр оюутан хамт суралцдаг байсан. Манай сургуулийн бүх сургалтын байр, дотуур байр, номын сан, спорт заал бол бүгд удирдлагатай, гаднаасаа товчлуураар хаалга нь онгойдог байсан. Бүгд лифттэй. Мөн шаардлагатай тохиолдолд зарим оюутнуудаа манай сургууль гольфийн машинаар хүргэж өгч, авдаг байсан. Яг хичээлийн хуваарийн дагуу байгаа газраас нь хүссэн газар хүртэл хүргэж өгдөг. Түүнчлэн манай сургууль “AHEAD-Association on Higher Education And Disability” буюу "Дээд боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн". Тиймээс хэрэгцээтэй оюутнуудад зориулсан шаардлагатай туслалцаа үзүүлдэг. Энэ нь ямар ч хөгжлийн бэрхшээлтэй байсан түүнд нь тааруулж боловсрол олгож, хэрэгцээтэй байгаа зүйлсээр нь хангаж өгдөг.

Яг Америк явахаар төлөвлөсөн байгаа эсвэл сургуульдаа тэнцээд явах бэлтгэлээ хангаж байгаа оюутнуудад захиж хэлэх үг танд байна уу?

Миний хувьд сургуульдаа анх оччихоод шууд гадаад оюутнуудын сургалтын алба уруу нь имэйл бичээд очиж уулзаж байсан. Тухайн үед би “Энэ сургуульд надаас өөр Монгол оюутан байна уу?” гээд асуухад хоёр Монгол залуу байсан. Нэгэнтэй нь цуг 1-р курсийн оюутан болж орж байсан. Тэгээд дөнгөж уулзаж, танилцаад удаагүй байхад харамсалтай нь тэр оюутан дотуур байрнаасаа гараад тусдаа амьдрахаар болоод уулзахаа больчихсон. Дараа семестрээс нь дахиад хоёр оюутан ирсэн. Тэгээд бидний хувьд сургууль дотроо Монголын соёлыг түгээгч болж байгаа юм. Тэр утгаараа бид гурав чинь ялангуяа хөл бөмбөг, сагсныхаа найзууддаа Монголын талаар их таниулж, тайлбарлах гэж оролддог байсан. Манай сургуульд Арабаас ирсэн залуучууд их олон байдаг байсан. Зарим нь Монголын талаар мэддэг ч гэсэн сайн биш, сөрөг бодолтой байдаг. Ялангуяа манай Чингис хааны талаар тийм эерэг мэдээлэл байдаггүй. Тэгээд бид гурвын хувьд Монголын талаар тайлбарлаж, Монголын түүх, соёл, хүмүүсийг илүү эерэгээр таниулах нь бидний хариуцлага болчихсон. Яагаад гэвэл чи гадаадад очвол хүссэн хүсээгүй Монголын соёлыг түгээгч бараг элч болно гэсэн үг. Тиймээс аль болох улс орныхоо нэр хүндийг дээш өргөж явах хэрэгтэй гэж бодож байна.

Танд маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье

Та бүхэн Баясгалангийн Амарын ярилцлагыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой...      

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс үзнэ үү.



▶️SoundCloud: https://bit.ly/2zuRBQs

⏸Anchor: https://bit.ly/2LkAvaU

⏸Itunes:https://apple.co/3dEIbRr

⏺Castbox: https://bit.ly/2Agf20l

⏺Stitcher: https://bit.ly/2RT0Bp4 


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |