Alumni stories

Г.Гантүшиг: Индианагийн их сургуулийн бакалавр, Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Корнеллийн их сургуулийн магистр, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн хөгжлийн банкны зөвлөх

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

Намайг Ганхуягийн Гантүшиг гэдэг. Үндсэн мэргэжил маань санхүүч, 2017-2019 оны хооронд АНУ-ын Корнеллийн их сургуульд нийтийн удирдлага, санхүүгийн бодлого гэсэн чиглэлээр магистр хамгаалаад ирсэн. Одоо Азийн хөгжлийн банкны "Монгол улсын зүүн бүсийг хөгжүүлэх" төсөлд зөвлөхөөр ажиллаж байна.

Таныг АНУ-д сурахаар шийдэхэд хэн, юу хамгийн их нөлөөлж байсан бэ?

Гэр бүл минь, ээж, аав хоёр хамгийн их нөлөөлсөн. Учир нь манай ээж, аав хоёулаа хуучнаар ЗХУ-д бакалаврын боловсролоо эзэмшсэн хүмүүс. Намайг бага байхаас л манай гэрт Орос сонин, сэтгүүл, гадаад дууны пянз байдаг байсан. Бас ээж, аав хоёр сурч байсан дурсамжтай хөгжилтэй явдлаа ярина. Цуг сурч байсан найз нөхөд нь манайхаар ирнэ. Тэр дундаас ер нь гадаадад сурна гэдэг чинь сонирхолтой юм байна. Биеэ дааж, олон хүмүүстэй танилцдаг юм байна гэсэн сэтгэлгээ багаасаа суусан. Тэгээд англи хэлээр ярьдаг улс гэвэл Америк, Англи, Австрали гээд мэдээж Америкийн боловсролын системийн чанар дэлхийд тэргүүлэгч. Гадаад оюутны тоогоороо ч бусад орнуудтай харьцуулахад өндөр байдаг.

Англи хэлийг хэзээнээс эхэлж сурсан бэ? Америкт сурахад хэдий хугацаанд бэлдсэн бэ?

За англи хэлийг 5-р ангиасаа 10-р анги хүртлээ таван жил сурсан. Хэдий тав гэж хэлж байгаа ч ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтын систем яг АНУ-ын академик төвшинд шаардлага хангахгүй. 10 жилээ төгсөөд 1 жил хэлний бэлтгэл хийгээд сургуульдаа орсон. Тэгээд бакалавраа бас     АНУ-ын Индианагийн их сургуульд санхүүгийн мэргэжлээр 2007-2010 оны хооронд сурсан.

TOEFL эсвэл SAT бас өгч байсан уу? Энэ хоёр стандарт шалгалтад хэрхэн бэлдсэн бэ? 

Тийм, TOEFL өгч байсан. Тэр үед IBT-рүү шилжиж байсан үе бичгээр буюу цаасан дээр авдаг байсан. Мөн тухайн үед TOEFL-д бэлддэг хэд хэдэн гарын авлагууд гаргадаг компаниуд байдаг. Тэдгээрийн ганц хоёр номыг аваад бэлдэж байсан. Ер нь ямарваа нэг стандарт шалгалт өгөхөд хамгийн гол нь тухайн шалгалтынхаа систем, дэс дараалал, зохион байгуулалтыг их сайн мэдэх хэрэгтэй. Яг түүндээ зориулж төлөвлөгөөгөө шалгалтын бэлтгэлээ боловсруулах ёстой.

Бакалаврт сурах зардлаа яаж зохицуулж байсан бэ? 

Индианагийн их сургуулийн төлбөр санхүүжилтийн хувьд олон улсын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэр нь 40-50 хувь өгдөг тэтгэлэг. Эхлээд нэг семестр сурсныхаа дараа дүнгээ сайн гаргаж, сайн дурын ажил хийсэн зэргээс хамаарч шалгаруулж авдаг. Иймэрхүү шаардлагыг хангаад тэтгэлэг авч байсан. Үлдсэн 50-60 хувийг гэрээсээ ээж, ааваасаа амьдралын өртгийн зардлыг авсан. Мөн сургууль дээр гадаад оюутнууд бол хорь хүртэл цаг ажиллах боломжтой байсан.

Бакалаврт суралцсаныхаа дараа шууд Монголдоо ирж ажилласан уу?

Тэгсэн гэж хэлж болно. Америкийн гадаад оюутнуудын давуу тал нь OPT буюу нэг жил яг тухайн мэргэжлээрээ ажиллах эрхийг Засгийн газраас нь өгдөг. Түүний дагуу би 2010-аас 2011 он хүртэл Чикагогийн жижигхэн банкинд банк, санхүүгийнхээ мэргэжлээр ажилласан. Түүнээс хойш ерөнхийдөө бас л Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж байна. 

OPT-ийн хугацаанд олж авсан ажлын туршлага Монголдоо эргэн ирээд ажиллахад ямар байдлаар нөлөө үзүүлж байсан бэ? 

Дүгнээд хэлэх юм бол дандаа ер нь эерэг нөлөө үзүүлж байсан гэж хэлж болно. Мэдээж АНУ-ын боловсрол мэргэжил дэлхийд боловсролын системээр тэргүүлдэг, багш нарын чанараараа ч гэсэн дэлхийд тэргүүлдэг. Дээрээс нь нэг жилийн хугацаанд сурсан мэргэжлээрээ тухайн салбарт нь  ажиллаж туршлага хуримтлуулж байна гэдэг нь маш том зүйл.   

Таны хувьд сүүлд магистрт сурахдаа гэр бүлтэйгээ хамт явж байсан уу?

Гэр бүлээрээ эхнэр хүүтэйгээ хамт явсан. Гэр бүлээрээ сурахад хамгийн том асуудал чинь санхүүгийн асуудал. Өөрөө оюутан байж гэр бүлтэйгээ хамт оччихсон болохоор санхүүжилтийн асуудал бол мэдээж санаа зовох зүйл гэхдээ Фулбрайтын тэтгэлгээр явсны хамгийн том давуу тал хоёр жилийн хугацаанд сургуулиас маань тэтгэлэг өгдөг. Мөн гэр бүлээрээ явж байгаа оюутнуудын хувьд ялангуяа Фулбрайт бол F1 биш J1 гэдэг визний төрөл авдаг. Энэ J1 ангилалын виз авч байгаа хүмүүсийн гэр бүл нь J2 виз авдаг. J2 визний давуу тал нь гэр бүлээрээ явж байгаа бол ажиллах эрхтэй болдог. Манай эхнэрийн хувьд Америкт санхүүчийн мэргэжлээр сурч байсан болохоор ажилд орох өргөдөл гаргаад, Корнеллд санхүүгийн чиглэлээр ажилласан. Хүү маань жил хагас орчим Америкийн цэцэрлэгт явж байсан.    

Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд залууст хандаад юу гэж зөвлөх вэ?

Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөхөд хэцүү. Манай нэг багш хэлж байсан юм. “Би хөгшрөх тусам хүмүүст зөвлөгөө өгөхөд хэцүү болоод байна гэж.” Миний хувьд арван жилдээ сурч байгаа сурагчид, аль болох олон чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж үзээрэй. Тэр хүмүүстэй уулзаж яг таны энэ мэргэжил юу хийдэг, яаж ажилладаг юм гээд л өөр өөрсдөө хэмжээнд танилцах үйл ажиллагаа зохиогоод судалж үзэх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг. Тэгэхдээ бакалаврын зэргийн боловсрол гэдэг чинь хүн аливаа зүйлийг яаж сурах вэ гэдгийг сургадаг цаг хугацаа.

Түүнчлэн Америкт бакалаврын төвшинд сурахын нэг давуу тал нь эхний хоёр жилдээ янз бүрийн хичээлүүд сонгож авч байгаад үндсэн мэргэших чиглэлээ сонгож суралцаж болдог. Их сургуулиудын хувьд 120-оос 125 орчим кредит судалдаг. Эхний хоёр жил нь ерөнхий мэдлэгийн хичээлүүд, хүмүүнлэгийн хичээлүүдээс философи эсвэл сэтгэл зүй, түүхийн хичээлүүд орж ирнэ. Тэр болгон чинь чамайг дараа нь ирээд энэ чиглэлийн мэргэжлийг олж авъя гэвэл хаанаас олж авах, яаж олж авах талаарх системд л нэг ёсондоо бэлдэж өгөөд, суурь ойлгож байна гэсэн үг. Мөн нэг давуу тал нь сурсан үндсэн мэргэжил дээрээ хоёр эсвэл олон хичээл нэмээд авчихад дахиад бас нэг чиглэлээр дагалдах мэргэжил гээд төгсөх боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Америкт очоод суралцах боломж нь хэр байдаг вэ? Таныг АНУ-д сурч байхад анзаарагдсан зүйл байвал хуваалцаач?

Америкийн боловсролын системд үйл ажиллагаа, их сургууль, коллежууд бол тэр тал дээр маш их анхаарал тавьж ажилладаг. Аль ч салбартаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, илүү оролцуулах тал дээр их анхаарч ажилладаг. Жишээлбэл, тэргэнцэртэй хүнд зориулсан дэд бүтцээ маш сайн зохион байгуулж бараг бүх сургуулийн хаалганууд мөн бүх албан газрын хаалганууд автоматаар онгойдог. Тиймэрхүү дэд бүтцүүдийг нь сайн шийдээд өгчихсөн байдаг. Тэр тал дээр тусгай хэлтсийг ч гаргаад тэдгээр оюутнууддаа илүү анхаарал тавиад ажилладаг юм байна билээ.  

Нэг сонирхолтой жишээ хэлэхэд би магистрт сурч байхдаа хөл бөмбөг тоглож байгаад хөлөө нэг хэсэг эвгүй болгочихоод сургуулийнхаа эмнэлэг дээр очсон. Миний хувьд зүгээр үзүүлэх гээд очсон боловч их нухацтай хүлээж авч, рентген зургийг нь аваад л надад хоёр суга таяг өгч байсан. Тухайн үед би дотроо ямар сүртэй юм дээ, жоохон юм шүү дээ гэж бодож байсан. Түүнээс гадна надад үнэгүй автобусны тасалбар өгч, шаардлагатай гэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан унаа бас гаргаж өгөх боломжтой байдаг юм байна билээ. Хэрвээ би хүсэлтээ тавих юм бол иймэрхүү дэмжлэгүүд маш сайн байсан. Тэгэхээр дүгнээд хэлэхэд Америкт сурахад ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүнд олон боломжууд байдаг. Хөгжлийн бэрхшээл бол ерөөсөө асуудал болдоггүй.

Та MASA буюу Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Та яагаад MASA-г сонгон ажиллах болсон бэ?

Миний MASA-д орсон гол шалтгаан нь бол миний хувьд бакалавр, магистраа дэлхийн боловсролын системийг тэргүүлэгч Америкийн Нэгдсэн Улсад сурах боломж, завшаан надад тохиолдсон. Мэдээж энэ нь манай гэр бүл болоод тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэг их байсан. Иймэрхүү олон боломжийн талаар илүү олон хүн ялангуяа ирээдүйд сурах дүү нартаа ийм боломжууд байгаа гэдгийг л дэлгэрүүлэх, мэдээллээс хол алслагдсан байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, үндсэн зорилготой маань нийцэж байсан болохоор MASA-даа ажиллахаар болсон.

Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгсөн танд талархал илэрхийлье. Мөн таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье! 

Намайг урьж оролцуулсан та бүхэнд бас баярлалаа. Ажилд нь мөн өндөр амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг энд хүргэж байна.


Та бүхэн Ганхуягийн Гантүшигийн ярилцлагыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл дараах холбоосоор орж сонсоорой.
▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
▶️itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺Youtube ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр  |  Постер дизайн: Ж.Удвал  |   Photo Credit: June Charaa  |