Alumni stories

Д.Буяндэлгэр: Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч, Texas A&M University-ийн магистр

Энэ удаагийн манай зочноор Даваажанцангийн Буяндэлгэр оролцож байна. Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач.

Намайг Буяндэлгэр гэдэг. Би АНУ-ын засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр Техас мужийн “Texas A&M University”-д “Олон улсын харилцаа” чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Бакалаврын зэргээ бол МУИС-ын тухайн үедээ Олон улсын харилцааны сургууль гэж явдаг байсан. Одоо өөрчлөгдөөд “Олон улсын харилцаа нийтийн удирдлага” болсон сургуульд сурч төгссөн байгаа.

Яагаад анх “Олон улсын харилцаа”-ны мэргэжлээр суръя гэж шийдэж байсан бэ?

Би өөрөө түүхийн чиглэлээр их сонирхолтой ч, тухайн үедээ түүхээр суралцах бодол байгаагүй юм. Мөн улс хоорондын харилцаа гэдэг зүйлийг маш их сонирхдог байсан. Нийгмийн шинжлэх ухаан, улс хоорондын харилцааг илүү гүнзгийрүүлж сурч мэдье гэж бодоод энэ чиглэлийг сонгож сурсан. Мөн түүнчлэн манай аавын талд дипломат хүн байдаг байсан. Тэр хүнээс их үлгэр дуурайлал авдаг байсан учраас “Олон улсын харилцаа” мэргэжлийг сонгож байсан.

“Олон улсын харилцаа” мэргэжлээр төгсөөд яг юу хийдэг талаар сонирхуулаач.

Миний мэргэжлээр төгссөн хүний үндсэн карьерын замнал бол дипломатч. Монгол улсын гадаад харилцааны яамд, улсаа төлөөлж гадаадад ажиллана. Эсвэл Монголд ирсэн гадаадын төлөөлөгчидтэй харилцдаг тийм карьерын замнал бий. Өөр бусад төрийн болон хувийн байгууллагад гадаад харилцааны мэргэжилтэн хийж болно. 

Миний хувьд, төгсөөд багшийн мэргэжил дээшлүүлэх институцид гадаад харилцааны мэргэжилтнээр ажилд орж байсан. Тухайн байгууллагынхаа чиг үүргийн дагуу ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай холбоо тогтоож ажилладаг албан тушаал. Тэгэхээр гадаад харилцааны мэргэжилтэн хувийн болон улсын байгууллагад ажиллавал тухайн байгууллагынхаа чиг үүргийн дагуу гадаадын байгууллагатай харилцана гэсэн үг. Түүнчлэн “Олон улсын харилцаа”-гаар төгссөн хүмүүс олон улсын мэдээ бэлтгээд ажиллаж байгаа харагддаг. Сэтгүүлч, орчуулагч хийж болж байна. Мөн олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийгээд явж байгаа хүмүүс ч байдаг.

Яагаад АНУ-д очиж сурахаар шийдэж байсан бэ? Фулбрайтын тэтгэлгийн талаар мэдээллийг хаанаас авсан бэ?

Монголд хэрэгждэг Фулбрайтын тэтгэлэг нь магистрын түвшний оюутнуудыг хамруулдаг. Тэгэхээр би эхлээд магистрт сурах болсон шалтгаанаа ярья. Би багшийн мэргэжил дээшлүүлэх институцид гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Боловсролын чиглэлээр ажиллаж байгаадаа их дуртай байлаа. Гэвч нэг зүйл дутагдаад байсан. Тэр нь юу гэхээр, надад яг олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийсэн туршлага байхгүй учраас энэ чиглэлээрээ илүү гүнзгийрүүлж сурах хэрэгтэй байсан. Тийнхүү би хүссэн ажлаа хийхэд боломж өндөр байх юм байна гэж шийдээд хаана, яаж сурах талаараа судалж эхэлсэн. Тэгж судалж явахдаа надад зөвлөж байсан багш нар маань ер нь чи АНУ-д сурвал яасан юм гэсэн санал тавьсан учраас шийдээд бэлдсэн. Гэвч АНУ-д сурах их үнэтэй учраас тэтгэлэг авах хэрэгтэй гэж манай багш зөвлөж байсан юм.

Тэтгэлэгт өргөдөл гаргахад хамгийн хэцүү зүйл нь юу байв? Хэр удаан хугацаанд, яаж бэлдсэн бэ?

Хамгийн эхлээд болзлуудыг нь харчхаад өөрийгөө жаахан голсон. Тэгээд англи хэлээ сайн бэлдэх хэрэгтэй юм байна бодоод бэлдэж эхэлсэн. Хоёр удаа материалаа өгч байсан юм. Хоёр дахь удаагаа бүрэн тэнцээгүй. Тэнцсэн хүмүүсийг бас хоёр ангилдаг. Үндсэн оролцогч, нөөцийн оролцогч гэж. Миний хувьд нөөц оролцогч болсон. Ялгаа нь, үндсэн оролцогч бүр баттай шалгараад сургуульдаа ороход асуудалгүй Фулбрайтаас цааш нь АНУ-ын их сургууль руу материалуудыг нь явуулдаг. Харин нөөцийн оролцогч нь үндсэн оролцогчдоос хэн нэг нь ямар нэгэн шалтгаанаар хөтөлбөрт оролцох боломжгүй боллоо гэсэн тохиолдолд л явна. Тэгэхээр би тодорхой хэмжээнд азтай байсан. Яг Фулбрайтын тэтгэлэгт бэлдсэн хугацаа бол нэг жил байсан. Англи хэлээ бэлдсэн. Надад хамгийн хэцүү санагдаж байсан зүйл нь эсээ байсан.

Эсээн дээр ямар асуултууд асууж байсан бэ? Танд хариулахад хамгийн хэцүү санагдаж байсан асуулт байсан уу?

Яг одоо бол сайн санахгүй байна. Тэгэхдээ яагаад АНУ-д сурах гэж байгаа түүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Мөн яагаад энэ мэргэжлээр сурах гэж байгаагаа тайлбарлаад, энэ мэргэжлээр сурахад чамд ямар өөрчлөлт, ямар ахиц гарах юм гэдгээ сайн тайлбарлах ёстой. Дараа нь сургуулиа төгсчхөөд чи юу хийх юм гэсэн асуултууд байсан санагдаж байна. Гол нь асуултад хариулахдаа биш, найруулж бичих нь надад хамгийн хэцүү байсан. Ер нь АНУ-д очсоны дараа би англиар найруулж бичих тал дээр муу байсан. Энэ талаа хөгжүүлэхээр кредитгүй англи хэлний найруулгын хичээл авч үзэж байсан. Тэгэхээр асуултдаа хариулахдаа биш, хариулт нь бэлэн байгаад байдаг. Тэр хариултаа яаж зөв сайхнаар илэрхийлэх л хамгийн хэцүү байсан.

Та АНУ-д магистраа Үндэсний аюулгүй байдлын түвшинд судалгааны ажил хийхээр суралцсан гэж би ойлгосон, зөв үү?

Тийм. Магистр дотроо хоёр ангилж байгаа юм. Нэг нь онолын түвшинд судалгаа хийж магистрын дипломын ажил хийнэ. Харин минийх бол практик асуудал дээр орж судалгаа хийнэ. Манай сургуулийн онцлог нь сэдвээ оюутан өөрөө сонгодоггүй. Цаанаасаа АНУ-д байдаг захиалагч байгууллагууд байдаг. Жишээ нь: Холбооны мөрдөх товчоо эсвэл төрийн бус байгууллага гэх мэтчилэн засгийн газрын болон төрийн бус байгууллагууд. Байгууллагуудад шийдэх асуудал гарч ирээд, манай сургуулийн оюутнуудад хандаж судалгаа хийлгэдэг. Зарим оюутнууд хувийн компанид судалгааны төсөл хийдэг юм байна лээ. Үүгээрээ ялгаатай байсан. Тэгэхээр очоод сургуулиасаа онолын мэдлэг авч байна. Тэгээд мөн онолын мэдлэг, судалгааны арга зүйгээ практик буюу бодит амьдрал дээр хэрэгжүүлж судалгаа хийдгээрээ давуу талтай байсан.

Фулбрайтийн тэтгэлгээр сурч байгаа хүмүүс тухайн чиглэлээрээ ажлын туршлагатай байх шаардлага байдаг уу?

Энд онцлон хэлэхэд, намайг Фулбрайтийн тэтгэлгээр сонгогдоод явж байхад ажлын туршлага гэсэн болзол байдаггүй байсан. Яг намайг ирснээс хойш тийм шалгууртай болсон юм байна лээ. Гэхдээ таны асуултад хариулахад, би өмнө нь багшийн мэргэжил дээшлүүлэх боловсролын чиглэлээр ажиллаж байсан. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын чиглэлээр огт ажлын туршлага байхгүй, тэр чиглэлээр юм хийж байгаагүй хүн очоод сурч болж байгаа юм. 

Ер нь магистрт сурна гэдэг маань хоёр талтай л даа. Нэг нь цаашид эрдэм шинжилгээний ажил хийгээд явна гэсэн үг. Эсвэл ажил дээр гарчхаад карьерийн явцад нэмэлт боловсрол, нэмэлт мэдлэг шаардлагатай гэдгээ мэдэрсэн хүмүүс магистрт сурдаг. Эсвэл карьертаа өөрчлөлт хийх гэж байгаа хүмүүс сурдаг.

Та сургуулиа яаж сонгосон бэ? “Texas A&M University”-ын онцлог нь яг юу байв?

Ер нь бол Фулбрайтын тэтгэлгийн комисс маань сургууль санал болгодог. Мөн ийм сургууль байвал надад зүгээр байна, би өөрөө бас сургуулиа судалсан гэсэн оюутнууд саналаа өгч болдог. Миний хувьд манай олон улсын харилцаан сургуулийн маань багш маань “Texas A&M University”-д сурсан хүн байсан. Тэгээд надад өөрийн төгссөн сургуулиа санал болгож, энэ сургуулийг нь судалж үзсэн. Тэгэхээр цаанаасаа санал болгосон сургууль биш, миний саналаар сонгосон сургууль гэсэн үг. 

Манай “Texas A&M сургуулийн онцлог гэвэл анх байгуулагдахдаа цэргийн сургууль байсан. Одоо ч гэсэн сонсогчид нь байдаг. Дэлхийн 2-р дайны үед байлдаж явсан оюутнууд нь олон байдаг. Миний хувьд сургуулийнхаа багш нарыг илүү чухалчлан сонгосон.

Техас мужид амьдрах ямар байсан вэ? Монголчууд АНУ-ын хоёр эргээр илүү амьдардаг. Харин Техас бол өмнөд зүг шүү дээ. Техас мужийн онцлог нь юу байдаг вэ?

Ер нь бол тийм шүү. Ихэнх Монголчууд хоёр эргээр илүү амьдардаг. Техас мужид Монголчууд цөөхөн байдаг юм байна лээ. Яг тухайн үед бол 50, 60 л байсан байх. Яг миний амьдарч байсан хотод бол намайг очсон жил би ганцаараа монгол хүн байсан. Тэгээд дараагийн жилээс Монголоос нэг оюутан очсон. Тэр оюутан гэр бүлээрээ нөхөр, гурван хүүхэд, ээжтэйгээ хамт очсон. Тэгж нэг жилийн дотор Техас мужийн Монгол хүн ам их өндөр өссөн л дөө. Амьдрах орчны хувьд Техас бол урд зүг рүүгээ нэлээн халуун. Би Баруун Техаст амьдарч байсан. Баруун Техас нь юугаараа онцлог гэвэл халуун, мөн нь чийглэг уур амьсгалтай. Баруун Техас бол миний төсөөлснөөс тэс өөр байсан.

Хүмүүс Фулбрайтийн стипенд амьдралд чинь хүрэлцдэг үү гэж асууж байсан уу? Танайх хүрэлцэж байсан уу?

Техаст бол хангалттай хүрнэ. Яагаад гэвэл газар бүрийн амьдралын өртөг өөр. Миний анзаарснаар өртөг өндөр газрын оюутнуудын стипенд чүү ай хүрдэг юм шиг байсан. Гэхдээ тэд биднийг бодвол арай өндөр стипендтэй байдаг. Харин биднийх эрэг хавиар амьдарч байгаа оюутнуудыг бодвол бараг 500 доллароор бага байсан байх. Яагаад гэвэл Техас газрын тостой муж. Тэгэхээр тээврийн зардал бага байдаг, түүнийгээ дагаад үнэ нь буурсан байдаг. Тэгээд ч би кампусаасаа гадна амьдардаг байсан. Тэгж гадуур амьдрахад байр нь арай хямд байдаг. Мөн стипендээ хураагаад өвлийн амралтаараа 5, 6 газраар аялж байсан.

Одоо АНУ-д магистрт сурах гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Ер нь магистрт сурах гэж байгаа бол бэлтгэлдээ цаг хугацаа гаргах хэрэгтэй. Түүндээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Ерөөсөө хөнгөнөөр хүлээж авч болохгүй. Яг АНУ-д сурах бол ямар ч тохиолдолд бичгийн англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Миний хувьд АНУ явахаасаа өмнө нэлээн хэдэн жил хөтөч хийдэг, гадаад хүмүүстэй их уулзаж аман орчуулгаа хийдэг, бичгийн орчуулгаа ч хийдэг байсан. Гэвч бичгийн орчуулга хийнэ гэдэг АНУ-д очоод өөрөө юм бичнэ гэдгээс тэс өөр зүйл юм байна. Тэгэхээр гол нь англи хэлний бичгийн эрдэмдээ сайн анхаарах хэрэгтэй. Ер нь англи хэлээр ярьдаг улсад очиж магистрт хамгаална гэж бодох хэрэгтэй.

Одоо түүхийн чиглэлээр давхар магистр хамгаалахаар явах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад түүхийн чиглэлээр магистр хамгаалахаар шийдсэн вэ?

Хувийн сонирхол байсан. Мөн мэргэжлийн шаардлага байгаа. Олон улсын харилцаа гэдэг маань өөрөө түүхийн үргэлжлэл юм л даа. Жишээ нь: Дэлхий дээр одоо 200 гаруй улс байна. Энэ 200 улсыг 200 хүн гэж бодвол Олон улсын харилцаа гэдэг мэргэжил энэ 200 хүний харилцааг судалдаг гэсэн үг юм. Энэ харилцаа бүр гэнэт өнөөдөр л үүссэн харилцаа биш шүү дээ. 40, 50 жилийн өмнө, магадгүй 100 жилийн өмнө энэхүү улс хоорондоо харилцаж байсан түүх байгаа. Тийм учраас Олон улсын харилцааны шинжлэх ухаан бол түүхтэй нягт холбоотой байдаг. Түүхээс ургаж гарсан, түүхэн харилцааг судалдаг тийм шинжлэх ухаан байна гэсэн үг юм. Энэ утгаараа түүхийн асуудал бол Олон улсын харилцаатай нягт холбоотой.

Бидний урилгыг хүлээж авсанд танд баярлалаа. Танд амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү


Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️Itunes: энд дарж сонсоно уу

⏸Anchor:энд дарж сонсоно уу

⏺Castbox: энд дарж сонсоно уу

⏸Stitcher: энд дарж сонсоно уу

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин