Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач?
Энэ өдрийн мэндийн хүргэе. Намайг Энхцэцэгийн Төгөлдөр гэдэг. Америкийн нэгдсэн улсын Засгийн газраас зарлагддаг Hubert H. Humphrey хөтөлбөрийн 2018-2019 оны оролцогч байна.
Хөтөлбөрт явахаас өмнө ямар ажил эрхэлж байсан бэ? Одоо юу хийж байгаа вэ?
Би 2006 онд Монгол улсын боловсролын их сургуулийг биологи, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа сургуулийнхаа тэнхимдээ 3 жил дадлагажигчаар лабораторийн ажил хийж байгаад 2009 оноос байгаль хамгаалах “The Nature Conservancy” гэх олон улсын байгууллагад биологич мэргэжлээр ажиллаж эхэлсэн. 2009 оноос хойш яг энэ чиглэлээрээ ажиллаж байна.
Биологийн чиглэлээр яагаад сурахаар болов? Мэргэжлээ сонгоход юу нөлөөлсөн бэ?
Хүнд болгонд мэргэжлээ хэрхэн сонгосон түүх нь харилцан адилгүй байдаг. Миний хувьд, дунд сургуульд байхдаа компьютерын хэрэглээний математикч болно гэж бодож тэр чиглэлээрээ өөрийгөө бэлдэж байсан.10 дугаар ангидаа ороод эргэлт буцалтгүйгээр биологийн салбарыг сонгох болсон. Яагаад гэвэл тухайн үед манай нэг багш биологийн олимпиадад оролцоод үзээч гэж санал болгосон юм. Тэгээд орсон, тэр цагаас хойш манай багш намайг энэ чиглэлээр бэлдэх болсон. Энэ үе бол намайг биологийн шинжлэх ухааны салбарыг сонгоход хамгийн их нөлөө үзүүлсэн. Тэр үед биологийн чиглэлээр судлаад, уншихад сонирхолтой салбар шиг их санагдсан. Ялангуяа амьтан судлах, амьтны талаар таньж мэдэх, байгаль орчинтой хэрхэн харьцах гээд энэ олон мэдээллийг олимпиадад бэлдэх хугацаандаа мэдэж авсан болохоор энэ чиглэлээр цаашдаа суръя гэж шийдсэн.
Энэ Humphrey гэдэг хөтөлбөрийн талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Энэ тэтгэлгийн хөтөлбөр бусад тэтгэлгүүдээс ялгаатай. Хамгийн гол шалгуур нь өөрийнхөө мэргэжлээрээ ажиллаж буй салбартаа олон жил ажилласан хүмүүсийг сонгодог. Мөн тэтгэлэгт хөтөлбөртөө хамрагдаад явахад академик хичээл үзэхээс гадна хувь хүнийг хөгжүүлэх олон хөтөлбөрүүдтэй гэдгээрээ бусад хөтөлбөрүүдээс ялгаатай байдаг. Энэ хөтөлбөрийн академик хөтөлбөр нь нийт 2 улирал буюу10 сар байдаг. 8 дугаар сараас дараа жилийнхээ 6 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Бас нэг давуу тал нь хэлний бэлтгэл байдаг. Миний хувьд хэлний төвшин доогуур байсан учир Монтанагийн их сургуульд 4 сар хэлний бэлтгэлд хамрагдсан. Хэлний шалгуур байдаг ч төвшин заасан байдаг. 4 сарын турш, 2 сарын турш эсвэл огт хэлний бэлтгэлд нь суухгүй байж болно, төвшин бүрт өөр байдаг.
АНУ-д нийт 15 сургууль энэ хөтөлбөрт оролцогчдыг авдаг. Humphrey хөтөлбөрөөр явж байгаа үед сургуулиа өөрөө сонгох боломжгүй байдаг. Миний сонгосон байгаль орчны салбарт 2 сургууль л оролцогчдыг хүлээн авдаг байсан. Калифорнийн их сургуулийн UC Davis дэх салбар, мөн Корнеллийн их сургууль байсан. Миний хувьд бол яг Корнеллийн их сургуульд очсон.
Ямар давуу талтай учраас энэ хөтөлбөрт өргөдөл гаргаад шалгарсан гэж боддог вэ?
Би энэ хөтөлбөрт хамрагдахын тулд 3 удаа бүртгүүлж сүүлийнх дээрээ тэнцсэн. Хөтөлбөрт хамрагдахын тулд их цаг хугацааг зарцуулсан маш сайн бэлдсэн. Анх өөрийнхөө эсээг ноороглоод явж байснаасаа хамгийн сүүлийн эсээгээ өгөхөд эсээн дээрээ тоо томшгүй олон удаа засвар хийсэн. Бас нэг шалтгаан бол би өөрөө байгаль орчны салбарт ажилладаг байсан. Би биологич мэргэжилтэй. Яг одоо байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Байгаль орчны салбар бол Монгол улсад тэргүүлэх салбаруудын нэг болсон болохоор магадгүй энэ тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байх.
Корнеллийн их сургууль байгаль орчны боловсон хүчин хир бэлтгэж гаргадаг вэ?
Корнеллийн их сургууль байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлд академик төвшнөөрөө номер нэг, хамгийн сайн сургууль. Дотроо олон салбар сургуулиудтай. Хөдөө аж ахуйн чиглэлд байгалийн шинжлэх ухааны сургууль, байгаль хамгааллын, тариалангийн газар, хөдөөгийн хөгжлийн гэх мэт олон салбарт нарийвчилж хөгжсөн сургуулиуд байдаг. Корнеллийн их сургууль дээр газар тариалангийн лаборатори сайн хөгжсөн байдаг. Жишээ нь төмсийг ганд тэсвэртэй, ус бага хэрэглэж ургадаг төмс болгоё гэвэл олон төрлийн судалгаа хийгддэг. Бас нэг алдартай салбар нь шувуу судлалын шинжлэх ухаанаар энэ сургууль дэлхийд нэгт ордог. “The Cornell Lab of Ornithology” гэж байдаг. Яагаад орнитологи буюу шувуу судлал талаар Корнеллийн их сургуулийн нэрийг бичдэг болсон гэвэл “citizen science” буюу ард иргэдийн хүчийг шувуу хамгааллын ажилд нэгтгэж оруулж чадсанаараа илүү амжилтад хүрсэн гэж би боддог. Энэ хөтөлбөрт хамрагдсанаараа нэг азтай завшаан нь хөтөлбөрийн хугацаанд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийх боломжтой байдаг. Миний хувьд шувуу судлалын лабораторид зургаан сарын дадлага хийсэн.
Энэ мэргэжлийг сонгоё гэж бодож байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ?
Энэхүү байгаль шинжлэл нь дотроо маш олон салбартай. Биологи гэхэд дотроо биохими, микро-биологи, биотехнологи гэх мэт олон салбартай. Хүүхдүүд мэргэжлээ эрт төлөвлөөд, нухацтай хандаад, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөөд, хүний үгээр мэргэжлээ сонгох нь багассан. Хүүхдүүд яг хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгодог болсон байна. Хэрвээ энэ мэргэжлийг сонгох гэж байгаа хүүхдүүд, эсвэл мэргэжлээ сонгож амжаагүй хүүхдүүд байх юм бол: Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд тулгамдаж байгаа асуудлууд бол байгаль орчны салбар дээр маш их байна. Бид байгаль орчинтойгоо зохицож, үүнийгээ хайрлаж амьдрахгүй бол энэ салбарт шийдэх асуудлууд зөндөө байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийн асуудал. Монгол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд 2 дахин илүү хурдтайгаар автаж байна. Ойн нөөц багасаж байна. Усны хомсдол үсч байна.
Гэтэл энэ байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлт, ус, ой гэх нарийн мэргэжлээр бэлтгэгдэж байгаа хүн маш цөөхөн байна. Манай Монголд уур амьсгалын чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтэн гарын арван хуруунд багтахаар цөөхөн байгаа. Бид нар боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай. Тэгээд мэргэжлээ сонгох гэж байгаа, сонгож амжаагүй хүүхдүүд байх юм бол байгаль орчны салбарт маш их нөөц бололцоо байгаа шүү гэж хэлье. Байгаль орчны салбар цаашид ганц Монгол гэлтгүй дэлхийн хэмжээнд номер нэг асуудал байсаар байх болно. Байгаль орчинд шийдвэрлэх асуудлууд их байна. Мөн шийдвэрлэх боловсон хүчний дутагдалтай байна. Үүнийг шийдвэрлэх боловсон хүчин бол хэрэгтэй байна. Ялангуяа нарийн мэргэжилтнүүд дутагдаж байгаа. Жишээ нь биологийн маш хэрэгцээтэй байгаа мэргэжлүүд, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр, ойн чиглэлээр, усны чиглэлээр мэргэжлүүд байна. Хамгааллын биологи гэж сүүлийн үед гарч ирсэн салбар байна. Яагаад гэвэл амьтан судлаач гэж байхад зөвхөн амьтнаа судлаад, түүнийхээ өсөлт үржил, амьдрах орчинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэхэд хэрэгтэй байгаа зүйлийг судлаад явдаг бол хамгааллын биологи нь тухайн амьтныг судлахаасаа гадна амьтнаа амьдрах орчинтой нь хамгаалахад анхаардаг. Бас түүнийг дагаад хамгааллын ямар бодлогууд гаргах талаар төлөвлөлтийн хэсэг дээр илүү голчлон ажилладаг.
Humphrey тэтгэлэгт хөтөлбөрөөр яваад олж авсан академик боловсрол Америкт амьдарч байхдаа ч ажигласан Монголд нутагшуулж болох хэрэгжүүлж байгаа ажил юу байна?
Их сонирхолтой асуулт байна. Корнеллийн их сургуульд сурч байсан салбар маань хөдөөгийн хөгжил. Тэр дундаа нутгийн ард иргэд амьдарч байгаа байгаль орчин, газраа хэрхэн хамгаалах, хэрхэн өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэх талаар хичээл их үзсэн. Энэ талаар бусад орны туршлагыг ч судалсан. Одоо миний хийж байгаа ажил гэвэл The Nature Conservancy буюу TNC гээд олон улсын байгууллагад байгаль хамгааллын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Үндсэн хийдэг ажил бол тусгай хамгаалалттай газрын менежмент. Тусгай хамгаалалттай газар болон түүний эргэн тойронд амьдарч буй иргэдийг газар нутгаа хамгаалах ажилд хэрхэн оролцуулах, тэдний санаачлалыг хэрхэн цааш нь дэмжиж явах талаар ажилладаг. Мөн тусгай хамгаалалттай газрын боловсон хүчнийг чадавхжуулах, байгаль хамгаалагч нарыг сургах, өдөр тутамдаа тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, тэр газарт байгаа ард иргэдийг байгаль хамгаалалд татан оролцуулах тал дээр ажилладаг. Энэ дундаа байгаль хамгаалагчид өдөр бүр байнга эргүүл хийгээд явдаг биш, олон төрлийн мэдээллийг цуглуулж байх, ажиглалт хийж байх, хэрхэн цэгцтэй мэдээлэл цуглуулах, яаж мэдээллийн сан үүсгэх, ямар мэдээллийг цуглуулбал илүү хэрэгтэй байдаг гэх мэт нарийвчилсан мэргэжлийн зөвлөмжийн дагуу илүү мэргэшүүлж ажилладаг.
MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны яагаад сонгож ажиллах болсон бэ?
Би өөр дээрээ жишээ аваад үзье. Би Америкт очиж суръя гэдгийг бүр сургуулиа төгссөнийхөө дараа хожуу бодож хөөцөлдөж эхэлсэн бол хүмүүс над шиг битгий цаг алдаасай, эрт өндөр хөгжилтэй орнууд руу очиж сурах талаар бодоод өөрсдийгөө бэлдээсэй гээд энэ талын мэдлэг мэдээллийг залуучуудад хүргэе гэсэн үүднээс MASA-д орсон. Дараагийн нэг MASA-д орсон зорилго бол өөрийн хүүхдүүдийнхээ боловсролд анхнаас нь зөв суурийг тавьчих юмсан гэж сэтгэл зовниж явдаг. Ганц миний санаа зовдог асуудал биш. Монголын бүх эцэг эхчүүдийн санаа зовсон асуудал. Үүнийг шийдвэрлэж болох нэг асуудал нь магадгүй багаас нь ном уншиж төлөвшүүлэх юм шиг санагддаг. Ном унших төлөвшилтийг багаас нь бий болгохын тулд хүүхдийг номонд дурлуулах, номыг сонирхолтой болгох хэрэгтэй. Үүнийг цахим орчинд эсвэл утасны нэг аппликейшн бий болгоод хөгжүүлэх юм бол хүүхдүүд маань ном унших дадал болох юм болов уу гэсэн үүднээс MASA-г сонгосон. Яагаад гэвэл MASA-г сонговол энэ санаагаа олон хүмүүст хүргэж, хэрэгжүүлэх боломж нь илүү нээгдэнэ гэж бодсон.
Корнеллийн их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг тэгш хамруулах тал дээр ямар бодлого баримталдаг вэ ажиглагдсан зүйл байвал хуваалцаач?
Миний сурсан Корнеллийн их сургууль тийм орчныг бүрдүүлсэн гэж ажиглагдаж байсан. Манай ангид нэг хөгжлийн бэрхшээлтэй оюутан байсан нэг удаа ярилцаж байгаад. Чамд хир байдаг вэ? гээд асуусан юм. Гэтэл тэр оюутан энэ талаар сэтгэл ханамж өндөртэй байсан. Яагаад гэвэл: Эхлээд сургуульд сурахаасаа өмнө бүртгүүлж байхдаа өөрийгөө танилцуулаад тодорхой зүйлс, орчин шаардлагатайгаа сургуульдаа өргөдөл өгөхөд сургууль нь тэр бүгдийг хангаад өгсөн гэсэн. Жишээ нь сонсголын бэрхшээлтэй иргэн байхад чичрүүлэгчтэй унтдаг ор тавьж өгдөг. Тэр нь өглөө сэрүүлэг болдог. Галын дохиолол дуугарлаа гэхэд сандал нь бас чичирдэг. Өөр надад сонирхолтой санагдсан юм нь Корнеллийн их сургууль өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 10-20 хөтөч нохойнуудтай байдаг гэж сонсож байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчинг бүрдүүлдэг өөр нэг давуу тал нь дохионы хэлтэй оюутнуудад хичээлийг хэрхэн хүргэхийг анхаарч ажилладаг. Хэрвээ ангид нь дохионы хэл шаардлагатай оюутан байх юм бол тэр оюутан сургуулийнхаа захиргаанд хүсэлт гаргаад, сургууль нь дохионы хэлний багшийг гаргаж өгдөг. Хэлэлцүүлэг явагдаж байгаа үед тэр оюутан маань бас дохионы хэлний багш аваад оролцож болдог. Энэ талаар бол сургууль нь тэгш боломжоор хангах талаар сайн анхаарч ажилладаг.
Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс үзнэ үү.
Та бүхэн подкастыг дараах холбоосоор орж сонсоорой:
SoundCloud: https://bit.ly/3cIV2ls
Itunes: https://apple.co/2yghNhG
Anchor: https://bit.ly/2Tfckiv
Castbox: https://bit.ly/2AF5hZX
Stitcher: https://bit.ly/369F7Km
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал |
Photo Credit: June Charaa |