Манай өнөөдрийн зочноор Зориг сангийн Гүйцэтгэх захирал М.Маралмаа уригдан оролцож байна. Бидний уриалгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Урьсанд баярлалаа. Намайг Маралмаа гэдэг. Би одоо Зориг Санд ажилладаг. АНУ-д Brigham Young University-ийг “Бизнесийн удирдлага, маркетинг”-ийн чиглэлээр суралцаж төгссөн. Монголдоо ирээд 6 жил болсон байна.
АНУ-д сурахын тулд ямар бэлтгэл хийж байсан вэ? GRE авахгүйгээр явсан гэж сонссон, бэлтгэл нэлээн сайн байсан уу?
Ер нь бол надад аз таарсан гэж боддог. Би Монгол Туркийн хамтарсан сургуулийг төгссөн. Дотуур байранд бие дааж амьдарч үзээд гэрээсээ хол гадаадад сурах юм бол илүү их зүйл сурч, туршлага хуримтлуулах юм байна гэж бодоод гадагшаа явж сурахаар бэлдсэн. Тухайн үед хамгийн ойлгомжтой хоёр сонголт нь Турк юм уу, Америк хоёр байсан. Тэгээд Америк руу явахаар шийдээд судалсан. Яг тэр үед одооных шиг ийм их мэдээлэл бэлэн байдаггүй байж. Нэлээн хайж, судлах шаардлагатай байсан. Тэр үед азаар нэг олимпиад зарлагдаад эхний байруудад орсон сурагчдад Америк руу явахад нь тусалж байгааг мэдсэнээр их зүйл сурч мэдэж авсан. Түүнээс гадна, Боловсролын Зөвлөгөө мэдээллийн төвөөс зарлагдаг сурагч солилцооны хөтөлбөрт шалгараад оролцож байсан. Ингээд хоёр талаас авсан мэдээллийн хүрээнд бас өөрөө судалж байгаад хэдэн сургуульд өргөдлөө явуулсан.
TOEFL –ын шалгалтад яаж бэлдэж байв? Хэр их цагийг бэлтгэлдээ зарцуулж байв?
Тэр үед номоор, CD-ээр бэлдэж байсан. Эхлээд TOEFL өгөөд их муу авч байсан. Тэгээд TOEFL чинь их хэцүү шалгалт юм байна гэж бодож байлаа. Дараа нь хоёр гурван удаа өгч байгаад элсэлтийн шаардлагад нийцэх оноо авсан. Тухайн үед ахлах сургуульд сурч байсан болохоор үг цээжлэхээс эхлээд хувьдаа чамгүй бэлдэх шаардлага гарч байсан. Одоо үед бол хувиараа сурах боломж их нээлттэй болчихсон байна. Тэр үед ахлах ангид бид давхар элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д бэлдэн, хажуугаар нь ACT-д бэлдсэн. TOEFL-оос илүү ACT-дээ бэлдсэн. Найзуудаараа нийлж дундаа ном аваад амралтын өдрүүдээр хамтдаа бэлддэг байлаа. Ер нь бол найзуудаараа л хамт их бэлдсэн дээ.
Америкт сурах шийдвэр гаргахад хэн, юу хамгийн их нөлөөлсөн вэ?
Аав ээж хоёр минь юу ч хийсэн чөлөөтэй дэмждэг хүмүүс байдаг. Мөн дотуур байранд амьдарсан минь их нөлөөлсөн гэж боддог. Илүү их бие дааж үзье, илүү олон зүйл суръя, хөгжье гэдэг бодолдоо хөтлөгдөн энэ шийдвэрийг гаргасан.
Америкт сурах сургалтын төлбөрөө хаанаас гаргасан вэ?
Тэр үед дөрвөн сургууль руу өргөдөл мэдүүлээд, хоёр сургуульд нь тэнцсэн тэгээд энэ сургуулиа сонгосон шалтгаан нь аль болох Монгол юм уу, гадаад оюутан цөөн байдаг сургуульд очих юм бол би богино хугацаанд хэлээ сайжруулна, хичээлдээ илүү анхаарна гээд 60 хувийн тэтгэлэг өгсөн сургуулийг сонгосон. Тэнд нэг жил сурахдаа хэлний хувьд ч гэсэн их сайжирсан, их зүйл сурсан. Түүний дараа Brigham Young University руу шилжсэн, сургалтын төлбөр, тэтгэлгийн хувьд энэ сургууль маань арай уян хатан байсан. Мөн хичээлийн бус цагаар цагийн ажил хийнэ.
Энэ хоёр сургууль таныг ямар шалтгаанаас элсүүлж авсан гэж боддог вэ?
Монгол оюутан гэдэг нь их нөлөөлсөн байхаа, Маралмаа байна уу, хэн байна уу, гэхээс үл хамаараад гуравхан сая хүн байдаг улсаас очиж сурах нь тухай сургуулийн хувьд гадаад оюутан байдаггүй улсаасаа оюутан элсүүлэх нь гадаад оюутан элсүүлсэн улсынхаа тоог нэгээр нэмж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол гэдэг картаа ашигласан байхаа гэж боддог.
Америкт сурч байх үеийн дурсамжаасаа хуваалцаач. Хамгийн хүнд хэцүү, бас хамгийн баяртай мөч тань юу байсан вэ?
Гадаадад сурах нь тэр чигээрээ л гоё дурсамж байсан даа. Анх дөнгөж очиход, манай жижигхэн хотод Монгол хүн байтугай, бүүр Ази хүн ч байдаггүй байсан. Би нэг удаа Youtube-ээс Монгол дуу сонсож байсан чинь гэнэт нулимс гараад, бүр гайхаад, би одоо яагаад уйлаад байгаа юм болоо гээд дараа нь бодсон чинь гэрээ санасан байгаа. Тэр үед дөнгөж очсон, жоохон арван зургаахан настай. Тэгээд би өөртөө, би яагаад гунигтай байгаа юм болоо? уг нь би энд чинь гоё л байгаа шүү гэж бодож байсан (инээв). Анх тэгэж байсан ч яваандаа дасаад, олон найзуудтай болоод, зөндөө олон зүйл сурсан. Дандаа Америк найзуудтай байсан.
Бас нэг зүйл санаанаас ер гардаггүй юм. Би дотуур байранд ороод удаагүй байхад бүгд нэг хөлөгт тоглоом тоглоод түүн дээр нь амьтдын дуу авиаг хэлэхээр бусад хүмүүс нь таагаад оноо авна. Надад таарсан эхний амьтан хонь байсан, өө амархан юм байна гээд л /май май/ гээд л Монгол хонь дуугардаг шиг, тэгсэн хэн ч ойлгохгүй гайхаад л яагаад ойлгохгүй байгаа юм болоо? ийм амархан амьтан гээд. Бусад хүмүүс таахгүй бууж өгөөд тэгээд амьтнаа харуулсан чинь /баа/ гэдэг гээд би бүүр юун /баа/ ямар хонь /баа/ гэж дуугардаг юм гээд бүүр гайхаад. Дараагийн амьтан нохой байсан тэгээд санаа зовоод Америк нохой одоо юу гэж хуцдаг юм болоо гэж бодоод /вүв вүв/ гэж дуугаргахыг нь мэдэхгүй би болохоор /хав хав/ гээд байсан чинь бас дахиад ойлгохгүй (инээв). Тэгээд би тэрийг бодохдоо бид чинь хүний хэл сурч байгаа шүү дээ. Тэгсэн чинь амьтан нь хүртэл өөр хэлээр ярьдаг юм байна. Тухайн үедээ аль аль талд нь сонин санагдаж байсан.
Яагаад энэ мэргэжлээ сонгох болсон вэ?
Анх би сэтгэл судлаач болно гэж боддог байсан. Тэгээд хичээлүүдээ аваад судлаад явж байхдаа надад яг таарах мэргэжил биш юм шиг санагдсан. Тэгээд сэтгэл судлал тэр чигээрээ биш ч гэсэн сэтгэл судлалын зарим элементүүдийг багтаасан, мөн миний хувьд ч нийтэч, олонтой ажиллах дуртай, хүсэл сонирхолд нийцсэн мэргэжил юу вэ? гэж судалж байгаад маркетинг, харилцааны мэргэжил зүгээр юм байна гээд энэ мэргэжлээ сонгосон.
Мэргэжлээ сонгох гээд явж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Чи ийм мэргэжил сонго гэж хүмүүст хэлэх гэж байгаа бол тэр хүнийг маш сайн мэддэг хүн л зөвлөх хэрэгтэй байх. Хэрэв тухайн хүүхэд, өөрөө өөрийгөө мэдэхгүй байгаа бол шүү дээ. Өөрийг нь маш сайн мэддэг, ойр дотно хүнээс л асуух хэрэгтэй. Мөн өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг олох хэрэгтэй, юу чамайг илүү аз жаргалтай болж байна? тэрийгээ л олох нь илүү чухал. Нэмээд хэлэхэд ахлах сургуулийн хүүхдүүд зөвхөн хэдэн мэргэжилд баригдаад байдаг юм шиг санагддаг. Монголд байгаа зах зээл нь жижиг болоод тэгдэг юм уу, багш, эмч гэх мэт. Тэгэхээр зөвхөн эргэн тойрондоо байгаа хэдхэн мэргэжилд битгий өөрийгөө хязгаарлаарай. Магадгүй ирээдүйд юм яаж өөрчлөгдөж болох вэ? гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Гадаадад байдаг мэргэжлийг эзэмшээд, Монголын анхны мэргэжилтэн болж болно шүү дээ. Бусад нь бол өөрийгөө л таньж мэдэх асуудал.
Танай сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан дэд бүтэц талаасаа ч, бодлого талаасаа ч ямар орчин бүрдүүлсэн байдаг юм бол?
Америкт ер нь бол хүртээмжийн асуудал их өндөр төвшинд байдаг. Манайд бол тэргэнцэртэй иргэн гарч орохоос авахуулаад л замын хөдөлгөөнд оролцох хүртэл, бүх юм дээр хүндрэлтэй. Ялангуяа Улаанбаатар хотод. Америкт бол сайн шийдэгдсэн, дээрээс нь хүмүүс нь сайн шаардлага тавьдаг. Америкийн сургуулиуд энэ тал дээр хэрэгцээ шаардлагыг бүгдийг нь хангасан байдаг. Манай ангид жишээ нь сонсголын бэрхшээлтэй оюутан байсан. Тэр оюутан багшийн ярьж байгаа зүйлийг лекцийн үеэр дохионы хэлний хэлмэрчтэй лекцээ сонсоод бичээд авчихдаг байсан. Түүнийгээ оюутан өөрөө элсэж орохдоо өргөдөл дээрээ хөгжлийн бэрхшээлтэй бол ямар бэрхшээлтэйгээ, сурахад ямар хүндрэл учирдаг гэдгээ тодорхой илэрхийлэхээр сургууль нь суралцах талаас нь маш сайн дэмждэг байсан.
Дээрээс нь манай дотуур байранд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй оюутнууд хэд хэд байдаг байсан. Мэдээж олон төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа, зарим нь бол хараад шууд мэднэ, зарим нь бэрхшээл нь мэдэхгүй ч хүмүүс байгаа. Ер нь бол бүх орц, гарц, ариун цэврийн өрөө бүгдийг нь тэр хүмүүст бие даагаад өөрөө явахад бэрхшээл тулгарахгүй байдлаар шийдээд өгсөн байдаг. Тэгэхээр Монголоос хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан ч сурмаар байна гэвэл тэрийг ерөөсөө асуудал гэж бодохгүй. Гол нь хэлээ сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад илүү дэмжлэг үзүүлдэг сургуулиудыг сонгон суралцвал илүү амжилт гаргах боломж их гэж бодож байна. Мөн очоод амьдрах орчин, хотоо бас бодолцох хэрэгтэй байхаа гэж зөвлөмөөр байна.
Та Монгол дах Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн тиймээ?
Тийм. Энэ жилээс эхлээд орсон. Америкт төгссөн үзэл бодол нэгтэй хамт олон байдаг. Мөн дараа дараагийн үедээ өөрсдийн туршлага түүхээ хуваалцаад, дээрээс нь сайн дурын ажил хийж дэмжих юм бол миний хувьд нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр болно гэж үзсэн. Дээрээс нь мэдээж их гоё хүмүүстэй хамт олон болох юм байна гэж бодоод орсон. MASA-ын удирдах зөвлөлд маш олон мэргэжилтэй, олон түүхтэй хүмүүс байдаг. Бид нэг баг болоод ажиллахаар,нэлээдгүй олон зүйл хийхээр төлөвлөж байна.
Та Зориг сангийн Гүйцэтгэх захирал, энэ талаараа хуваалцаач.
Зориг санд их олон хөтөлбөрүүд бий. Гадаадын их дээд сургуулиудад элсэн орохыг зорьж байгаа оюутнуудыг бэлдэх зорилготой “Залуу эрдэмтэн” хөтөлбөр, Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр, Сурагч солилцооны хөтөлбөр, “Ардчилал зуны зуслан” гэх мэт хөтөлбөрүүд байдаг. Жилдээ 15 орчим богино болон урт хугацааны хувь хүний манлайллын хөтөлбөрүүд хэрэгждэг. Зориг сангийн албан ёсны мэдээллийн сувгууд байдаг. Би бүгдийг нь ярихаас илүү уншигч та бүхэн маань zorigsan.mn гэсэн веб хуудаснаас манай сан дээр ямар ямар хөтөлбөрүүд байдаг талаар сонирхож байгаа бол илүү тодорхой мэдээллийг тэндээс аваарай гэж хэлье.
Бидний урилгыг хүлээн авч, манай подкастын дугаарт оролцсон танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье!
Та бүхэн М.Маралмаагийн Америкт суралцсан хөгжилтэй, сонирхолтой, сургамжтай түүхийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой!
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу
Stiticher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал | Photo Credit: June Charaa |