Alumni stories

А.Дарьсүрэн "UNIVERSITY OF MINNESOTA" -ийн төгсөгч

Сайн байцгаана уу? Өнөөдрийн зочноор University of Minnesota-г Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр төгссөн А. Дарьсүрэн оролцож байна. Өөрийгөө бидэнд танилцуулаач.

Намайг Азбаярын Дарьсүрэн гэдэг. Одоогоор “Гэр Өргөө” ТББ-ын social innovation lead гэдэг албан тушаалд нэг жил ажиллаж байна. Би Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр сурсан. Дэд (minor) мэргэжлээрээ Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцсан. Би анх эмч болно гэж боддог байсан. Аав ээж хоёр маань намайг анагаахаар сураад эмч хүн болоосой гэж их ярьдаг байсан. Харин миний хувьд арван жилдээ нийгмийн талын хичээлүүддээ их сонирхолтой, биологийн хичээлдээ бас их дуртай байсан. Тэгээд АНУ-д коллежид очсон эхний өдрөө л цагаан халаад өмсөөд судалгаа хийгээд явах хүн би биш юм байна гэж шийдээд шууд тэр өдрөө мэргэжлээ сольчихсон. Тэгж биологи нийгмийн хосолсон энэ мэргэжлээрээ их сонирхож сурч төгссөн байгаа. 

Өмнө нь ахлах сургуулиа хаана сурч төгссөн бэ?

Би 2016 онд 45-р дунд сургуулийг төгсөөд нэг жил анагаахад суурь боловсролын хичээл үзээд сурч байх хугацаандаа АНУ-д сурах бэлтгэлээ хийж материалуудаа бэлдэж өгч байсан юм.

Монголын ахлах сургуульд сурч байгаад АНУ-д сурахад ялгаатай санагдаж байсан зүйл байсан уу? Анхны мэдрэмжүүдээсээ хуваалцаач.

АНУ-д очоод юу нь өөр санагдсан бэ гэхээр, чи хувиараа өөрөө сонгоно, мэргэжлээ өөрөө сонгоно, хэдэн кредит яаж судлахаа өөрөө шийднэ. Багш нар нь ангийнхаа хүүхдүүдийн дунд нь та нар намайг асуултаар сайн шалаарай гэдэг тийм хандлагатай, оюутны оролцоо их сайн хангагдаж тэр нь их дэмжигддэг байдал нь их шинэ санагдаж байсан. Анх бол би мэдэхгүй шүү дээ гэдэг бодол байсан ч гэсэн сүүлдээ их урамшаад багш нартайгаа их харилцаатай байж, уралдаж сурах хүсэл эрмэлзэлтэй болдог юм байна лээ. Тийм байдал нь их сонирхолтой санагдаж байсан. Мөн сургуулийн маань кэмпус их том, хөгжил цэцэглэлт ихтэй, тэр бүхэн нь их сайхан санагддаг байсан.  

Амьдарч байсан мужийнхаа тухай сонсогчдод хуваалцаач.

Миннесота муж маань АНУ-ын хойд зүгт байдаг хамгийн хүйтэн мужуудын нэг. Их олон нууртай, надад бол тэр нь их гоё санагддаг байсан. 

Өсвөр насны хүүхдүүд АНУ руу л явчих юм бол бүх зүйл сайхан болчих юм шиг санаад байдаг шүү дээ. Тэгж бодож байгаа хүүхдүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?

Тэгж боддог хүүхдүүд олон байдаг. Би ч гэсэн тэдний нэг байсан. Жишээ нь оюутан болоод шууд давхар ажилд ороод аав ээжээсээ мөнгө авахгүй болгоно гээд боддог байлаа. Гэвч тэнд очоод ажилд орох гэж удна, мөнгөгүй ч байх үе гарна, өлсөх үе ч ирнэ. Тэрэндээ гол нь сэтгэлийн хаттай л байх хэрэгтэй. Даваад гарна даа гэсэн эрмэлзэлтэй байх юм бол юу ч болж байсан даваад гарчихна. Сэтгэл санаагаар л бэлтгэлтэй байх юм бол ямар ч асуудал шийдэгддэг л дээ. Асуудал бол гарч ирнэ. Гол нь бэлэн байх л хэрэгтэй. Ер нь бол АНУ-д л очих юм бол бүх зүйл сайхан болно гэсэн гэнэн бодлоо хаях хэрэгтэй. 

Чиний хувьд яагаад АНУ явах болсон бэ? Яагаад Миннесотаг сонгож суралцсан бэ?

Би арван жилдээ Англид хоёр жил сурч байсан. Тэндээс английн боловсролын систем нь надад тохирохгүй юм байна гэж бодогдсон. Хоёроос гурван хичээл сонгоод л түүгээрээ мэргэжлээ сонгодог биш арай илүү уян хатан сургалтын системтэй гэж хараад АНУ-ыг сонгож материалаа илгээж байсан. Мөн манай найз залуу тэр жил Миннесотагийн сургуульд сурахаар явж байсан учраас сонгож явсан. Том хотод байх сонирхол анхнаасаа тийм ч их байгаагүй. Яагаад гэхээр үзэж харах зүйлс ихтэй ч амьдрах өртөг өндөр шүү дээ.

Америкт суралцах зардлаа хэрхэн бий болгосон бэ?

Аав ээжтэйгээ ярилцаад банкнаас зээл аваад эхний улирлын төлбөрөө бүрдүүлсэн. Харин очсоныхоо дараа нэмэлт тэтгэлэг аваад, үүний зэрэгцээ манай сургууль нэг улиралд 13 кредит хичээл үздэг байсан. Гэхдээ дээд тал нь 20 кредит үзэж болох учраас миний хувьд улирал болгонд 20 кредит судлаад 3 жил суралцаад 2019 онд сургуулиа төгссөн.

Чиний хувьд Англи, Америк, Монгол гээд 3 оронд суралцсан байна. Эдгээрийн хоорондын орчин, сургалтын ялгаа ямар байсан бэ? 

Америкийн хувьд сургалтын систем, багш нарын арга барил гээд бүхий л зүйл нь надад их таалагдсан. Бүх зүйл нь чөлөөт сэтгэлгээ, оролцоон дээр тулгуурладаг. Төгсөх шалгалт дээр чи заавал сайн байх албагүй, төгсөхгүй ч байсан болно гэж ханддаг. Өөрөөр хэлбэл хувь хүн талаасаа чи яг хэн бэ гэдгийг түлхүү харж ач холбогдол өгдөг. Сайн дурын ажилд ямар хэмжээнд хамрагдаж байсан вэ гэх мэт. Англи, Монголын сургалтын систем нь яг тодорхой дэс дараалалтай явагддаг гэж хэлж болно. Хэрвээ чи 9-р ангиа сайн төгсвөл улаан шугамын дээгүүр байр эзлээд цааш суралцах боломж бий болно гэсэн үг. Адилхан сургалт төвтэй гэж хэлж болно.

Гэр бүлийн хүнтэйгээ хамт Америкт суралцаад ажиллаж амьдрахад ямар байсан бэ?

Хамтын оролцоо, хариуцлага дээр бүх зүйл тогтож байсан гэвэл зөв байх. Америк учраас, дээрээс нь хамтын амьдрал учраас хэн хэн нь аливаа зүйлс дээрээ оролцоотой байж чадвал бүх зүйл болдог юм билээ. Амьдрах зардал, өдөр тутмын гэр орны ажил гэх мэт олон зүйл байгаа шүү дээ. Бид хоёр тухайн үедээ нохой тэжээдэг байсан. Энэ ч бас л хариуцлага шүү дээ. Хэн бие засуулах вэ, хэн салхилуулах вэ, одоо чи, одоо би гээд л.

Дариагийн хувьд Америкт байх үеийн хамгийн гоё цаг мөч хэзээ байсан бэ?

Төгсөлтийн баярын үе гэж хэлнэ. Тэр үеэр ээж маань ирчихсэн, найзууд, багш нар баяр хүргээд л, би дээлээ өмсөөд Монголынхоо далбааг бариад зогсож байсан мөч үнэхээр хамгийн гоё нь. Дараа нь гэвэл оюутны хотхоны оройн үзэмж их гоё. Нэг тийм харанхуй бүүдгэр, энд тэнд оюутнууд ядарсан ч хичээлээ хийж байдаг. Гунигтай ч юм уу тийм орой гоё санагддаг байлаа. Завгүй амьдралын хэв маяг бас сайхан байсан. Бүх зүйлсээ төлөвлөөд дараа нь бүгдийг нь дуусчихсан байх мэдрэмж л хамгийн гоё болоод үлджээ.

Америкийн Миннесота муж эсвэл хүмүүс ямар онцлогтой байсан бэ?

Хүмүүсийн найрсаг байдал гэвэл зөв байх. Чи дотроо тухайн хүнд дургүй байсан ч тэр хүнтэйгээ найрсаг харьцаж сурна. Энэ чадвар маш хэрэгтэй санагдсан. Хүний эвийг олоод,  ярилцаад хэрэгтэй зүйлээ олж авч чадаж байна гэдэг нь их ололт шүү дээ. Өөрт байгаа боломжоо олж хараад сайн ашиглаж сурах юм билээ.

Төгсөлтийн баяртаа гэр бүлээ хэрхэн урьж болох вэ?

Эхлээд олон улсын оюутан хариуцсан ажилтан дээр очиж уулзана. Үүний дараагаар бэлэн загварын дагуу өргөдөл бичнэ. Дараа нь Монголын элчин сайдын яам руу урилга явуулна. Гэхдээ урилгаа эрт явуулахгүй бол, яг виз гарах үйл явц нь бага зэрэг удаан байх магадлалтай байдаг юм байна лээ.

Одоогийн Дарьсүрэн бий болоход Америкт сурсан нь хэрхэн нөлөөлсөн бэ?

Маш их нөлөөлсөн. Тухтай бүсээсээ гараад, бие даагаад бүхнийг хийж эхэлсэн нь шинэлэг байсан. Би л хичээхгүй бол бүх зүйл байдгаараа байна. Шинэ зүйлийг туршиж үзэх, алдаж онож үзэх, шинэ төсөл боловсруулах гээд өөрийгөө сорих бүрэн боломж байсан нь өнөөдрийн намайг бий болгосон гэж боддог.

Америк руу сурахаар төлөвлөж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

Мөрөөдсөөр л бай гэж хэлмээр байна. Чи үнэхээр хүсэж байвал нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нь үргэлж нээлттэй гэж хэлмээр байна. Сургуулиа төгсөөд Монголдоо очоод өөрийнхөө сурсан чиглэлээрээ хиймээр байгаа зүйлсээ, төсөл, шинэ санаагаа ажил хэрэг болгоорой гэж хэлмээр байна. Эх орон чинь чамайг хүлээж байгаа. Сурч мэдсэн зүйлс чинь бага гэлтгүй улс орны хөгжилд нэмэртэй гэж бодоосой гэж хүсэж байна.

Таны хувьд эсээгээ хэрхэн бичсэн бэ?

Миний хувьд дөрвөн сарын хугацааг эсээ бичихдээ зарцуулсан. Мэдээж Америкийн сургуулиуд эсээг нэн тэргүүнд авч үздэг. Чи хувь хүн талаасаа өөрийгөө хэн бэ гэдгээ сайн илэрхийлэх хэрэгтэй. Чиний аливаад хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, сэтгэл зүйн төлөвшил зэргийг хардаг. Бас нэг зүйл гэвэл хүмүүс бага зэргийн хэцүү байсан үеэ их бичих гээд байдаг. Энэ нь тийм ч оновчтой зүйл санагддаггүй. Энэ эсээгээр дамжуулаад чи яг хэн бэ гэдгээ л бусдад илэрхийлэх хэрэгтэй. Мөн найруулга дээрээ сайн анхаарах хэрэгтэй юм билээ.

Баярлалаа. Энэ хүрээд манай подкаст өндөрлөж байна. Дариагийнхаа цаашдын ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.


Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA