Манай өнөөдрийн хүндэт зочноор Global UGRAD хөтөлбөрийн төгсөгч Болормаа оролцож байна. Өөрийгөө манай сонсогчдод товч танилцуулаач.
Юуны өмнө урьж оролцуулсанд маш их баярлалаа. Намайг Анхбаярын Болормаа гэдэг. Би СЭЗИС-д Бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа АНУ-ын засгийн газрын Global UGRAD хөтөлбөрт шалгараад Minnesota мужийн St.Catherine их сургуульд мэргэжлийнхээ дагуу суралцаад ирсэн. Буцаж ирээд их сургуулиа гүйцээж төгсөөд, хэсэг хугацаанд Education USA-д дадлага хийсэн. Одоо аудитын компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа. Global UGRAD хөтөлбөр нь АНУ-аас санхүүжилттэй, Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын 1,2,3-р курсийн оюутнуудыг тухайн сурч байгаа чиглэлээр нь АНУ-д нэг семестрийн хугацаатай явуулдаг, оюутан солилцооны хөтөлбөр бөгөөд жил бүр 3,4 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагддаг.
Таны хувьд яагаад энэ хөтөлбөрт оролцохоор сонгосон бэ? Мөн хэрхэн бэлдсэн бэ?
Global UGRAD хөтөлбөр нь 2008 оноос дэлхийн 60 гаруй оронд хэрэгжиж байгаа. Хүүхэд байхаасаа Америк орны талаар кино үзэж, өөр олон сувгаар мэдээлэлтэй болчихсон, дээрээс нь гэрийнхэн маань бүгд очоод үзчихсэн учраас явахыг их хүссэн л дээ. Оюутан байхдаа уг хөтөлбөрийн талаар сонсоод, гэрийнхэн ч дэмжсэн болохоор оролцохоор шийдсэн юм. Хөтөлбөрийн гол зорилго нь тухайн улс оронд байгаа ямар нэг бодит асуудлыг шийдэхийн тулд шинэ санаа, оролдлого гаргаж буй хүмүүсийг АНУ-д аваачаад туршлага судлуулах, асуудлын шийдлийг олоход тусалдаг, улсынхаа соёл, нийгэм, үнэт зүйлстэй нь танилцуулах зорилготой хөтөлбөр юм.
АНУ-д очсоны дараа хэрэглээний зардлаа хэрхэн зохицуулж байсан вэ?
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр учраас бүх зүйл цаанаасаа, нэмээд сар бүр тэтгэлэг гэж өгдөг учраас ямар нэг зүйлд санаа зовохгүйгээр сураад, аялаад ирэх боломжтой байдаг юм.
Global UGRAD хөтөлбөрийн шалгуур нь ямар байдаг вэ?
Шалгаруулалт нь 1 жилийн хугацаатай үргэлжилдэг. Эхний шатанд товч танилцуулга, эсээ, өөрийгөө тодорхойлох захидал, авсан шагнал урамшуулал, оролцсон сайн дурын ажил зэргээс бүрдэж байсан. Дараагийнх нь ярилцлагын үе шат. Энэ шатандаа тэнцвэл TOEFL-ын шалгалт өгдөг. Шалгалтын зардлыг байгууллагаас төлөөд, 61 ба түүнээс дээш оноотой бол тэнцсэн гэж үзнэ.
Ярилцлагын шатанд танд ямар асуултууд ирж байсан вэ?
Эхлээд өөрийгөө товч танилцуулна. Дараа нь эхний шатанд хариулсан зүйлсээс нь дэлгэрэнгүй асууна. Жишээлбэл, буцаж ирээд юу хийх вэ гэдэг ч юм уу. Америкт очсоны дараа Монгол улсаа хүмүүст хэрхэн таниулах вэ гэж асууж байсан. Зорилгоо тодорхойлчихсон, юу хийхээ мэдэж байгаа бол ямар ч асуудалгүй гэж ойлгоход болно. Чөлөөт цагаараа юу хийдэг тухай бас асууж байсан санагдаж байна.
Өөрийгөө тодорхойлох захиаг Монгол оюутнууд хэрхэн бичвэл зүгээр вэ?
Яагаад заавал Америк гэж гэдэг асуултад өөрийн зүгээс хариулттай байх хэрэгтэй болов уу. Мөн өөрийнхөө чадварын талаар бичвэл бас зүгээр. Тэгвэл энэ хүн ийм, ийм чадвартай, ийм давуу талтай гэх мэт.
Сайн дурын ажил хийж байгаа нь хөтөлбөрт хамрагдахад нөлөөлөх үү?
Би бага ангид байхаасаа эхлээд эмэгтэйчүүд, боловсролд чиглэсэн олон сайн дурын ажил хийдэг байсан. Урт хугацаанд тууштай хийсэн учраас хөтөлбөрт тэнцэхэд ихээхэн нөлөөлсөн гэж бодож байна.
Америк сурч байсан сургууль болон амьдарч байсан мужийнхаа талаар бидэнтэй хуваалцаач.
Global UGRAD хөтөлбөрийн хувьд хаана, ямар газар очих нь ихээхэн хүлээлттэй байдаг учраас энэ нь сонирхолтой байсан. Миний очсон газар нь Minnesota муж, St Catherine сургууль байсан юм. Онцлогийн хувьд хүмүүс нь маш найрсаг, муж нь цэвэрхэн тийм газар. Канад улстай ойр учраас мод ихтэй. Байгальтай ойр, түүнчлэн олон хүн амтай. Сургуулийн хувьд тухайн хэсгийнхээ анхдагч эмэгтэйчүүдэд зориулсан дээд боловсролын байгууллагын нэг. Эмэгтэйчүүдийн боловсрол тэгш эрхийн төлөө байгууллага гэж хэлж болно. Оюутнуудын 96% нь эмэгтэй байх жишээтэй.
Шинэ газар, орчин нөхцөлд хэцүү зүйлүүд олон тулгарч байсан байх, тэр үеэ хэрхэн даван туулж байсан бэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг мэргэжлийн төв байдаг. Тухайн байгууллага нь анх удаа очиж байгаа оюутан сурагчдад тулгардаг асуудлуудынх нь талаар зөвлөгөө өгдөг л дөө. Хэлний бэрхшээл ч гэх юм уу тийм асуудал миний хувьд байгаагүй. Хүнтэй харилцах хэрэгцээ гарсан үед, тийм боломж нь нээлттэй байдаг.
Энэхүү Global UGRAD хөтөлбөрөөр хагас жилийн хугацаанд Америкт суралцсан нь танд хэрхэн нөлөөлсөн вэ?
Олон хүмүүстэй танилцаад, шинэлэг зүйлс ихийг сурчхаад эргээд Монголдоо ирээд Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны гишүүн болоод, салбар салбартаа манлайлж яваа залуустай нэг хамт олон болсон нь миний хувьд том боломж болсон юм.
Global UGRAD хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ч хэлний бэрхшээл тулгараад байгаа оюутнуудад юу гэж зөвлөх вэ?
Монгол хүүхдүүдийн хувьд дүрэм, үгсийн сан сайн боловч ярианы чадвар дутмаг юм шиг санагддаг. Ном уншихын хажуугаар кино үзэх ч юм уу ч дуу сонсоод тухайн улсынхаа соёл, нийгэмтэй нь танилцаад ирэхээр ярианы хэв маягийг нь ойлгоод харилцахад илүү амар болоод ирнэ. Мөн үе тэнгийн найз нөхөд чинь чамайг өөр улсын өөр хэл, соёлтой гэдгийг мэдэх учраас чамайг алдаж хэлсэн ч энэ чинь, тэр чинь буруу байна гэхгүйгээр тайлбарлаж өгдөг.
Америкт суралцахаар төлөвлөж байгаа оюутан залууст юу гэж зөвлөх вэ?
Эхлээд ямар хөтөлбөрт хамрагдах, хаана очиж сурахаа сонгоод бэлдэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Шийдвэр гаргахдаа хэт удаан байх нь тийм ч оновчтой санагддаггүй. Энд л очиж сурна гэсэн чиглэлээ тодорхойлоод, төлөвлөгөөтэй бэлдэж чадвал хүссэн тэтгэлгээ авах боломжтой. Тэтгэлэгтээ тэнцээгүй байсан ч, чи чадах бүх зүйлээ хийсэн учраас чамд сайн туршлага болж үлдэнэ. Мөн өөрт хэрэгтэй мэдээллийг бусдаас авах боломж гарахыг үгүйсгэхгүй.
Хичээлийнхээ хажуугаар ямар, ямар клубт хамрагдаж байсан вэ?
Миний хувьд гадаад оюутнуудын холбоонд орсон. Тэнд орон орны оюутнуудаас бүрдсэн залуус нэг баг болоод үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан.
Энэ хүрээд манай подкаст өндөрлөж байна. Ингээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.
⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
#MASA