Энэ удаагийн зочноор АНУ-ын Колорадо мужид засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй "FLEX" хөтөлбөрөөр суралцаад 2019 онд төгссөн Юмжирдулам оролцож байна. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
За урьсанд баярлалаа. Намайг Юмжирдулам гэдэг. Флекс "FLEX" хөтөлбөрийн 2019 оны төгсөгч, Хэнтий аймгаас шалгараад АНУ-руу явсан байгаа.
Арван жилдээ хаана сурч байсан, одоо юу хийж байгаа вэ?
Арван жилээ Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуульд сурч төгссөн. 11-р ангидаа "FLEX" хөтөлбөрийн шалгаруулалтад орж тэнцээд, тэр жилдээ Америкт очиж суралцаад, үргэлжлүүлээд төгсөх ангидаа мөн тухайн хөтөлбөрөөр суралцаж төгссөн. Одоо МУИС-д хэрэглээний шинжлэх ухаанаар суралцаж байгаа.
Америкт "FLEX" хөтөлбөрөөр сурч байхдаа аль мужийн, аль хотын, ямар сургуульд сурч байсан вэ?
2018 оны хавар тухайн хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ аваад удаагүй байхдаа хаана очих чиглүүлэг мэдээгээ авч байсан л даа. Америкт очиж амьдарсан айл нь Колорода мужийн Thornton гэдэг газар байдаг, нэлээн томдоо ордог тийм хот байсан юм.
Америкт анх очсон сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?
Би шууд Washington DC-д очиж байгаа шүү дээ. Тэр нь миний анх удаа гадаадад очсон үе л дээ. Том хот болоод ч тэр үү цаг агаар нь халуун, хуурай байсан. Харин муж руу нь очиход Монголтой төстэй сэрүүхэн салхитай, халуун нартай яг Монголын зун шиг, өвөлдөө цастай байх жишээтэй. Том хоттой илүү ойрхон, хүн амын нягтаршил ихтэй хот гэж хэлж болно.
Хэнтий аймагт сурч байхдаа тухайн хөтөлбөрт хамрагдахын тулд ямар, ямар үе шатуудыг давсан бэ? Юун дээр илүү анхаарсан бэ?
Англи хэлний сургалтын төвд сурч байхдаа багшаасаа анх энэ хөтөлбөрийн талаар мэдэж авсан юм. Багшаасаа дүрмийн номууд аваад, эсээ уншаад, замдаа бага зэрэг уншиж байгаад Дундговь аймаг очиж өгч байсан. Шалгаруулалтын тухайд эхнийх нь англи хэлний түвшин тогтоох, дараа нь яриа болон бичгийн чадвар шалгах, сүүлийнх нь бүр илүү дэлгэрэнгүй шалгаруулалт байсан. Дэлгэрэнгүй гэдэг нь өөрийгөө илэрхийлэх хэсэг, багшийн тодорхойлолт, эрүүл мэндийн үзлэг гэх мэт зүйл багтдаг.
Англи хэлний шалгалт нь ер нь ямар байсан бэ? Хүнд байсан уу?
Шалгалт нь бодсоноос амархан байсан. Хөдөө орон нутгийн хүүхдүүд дүрэмдээ сайн байдаг шүү дээ. Дунд шатны мэдлэгтэй бол хийчхэж болохоор санагдсан шүү. Мэдээж бүтцийн хувьд ярих, сонсох, унших, бичих 4 хэсгээс бүтдэг. Дүрмийн хэсэг, үгийн сангийн хэсэг, уншаад ойлгосноо шалгуулах хэсгээс бүрддэг. Сүүлийнх нь шалгалт хамгийн хэцүү байсан гэж хэлж болно. Олон материал бүрдүүлж өгөх хэрэгтэй болдог.
Ямар, ямар материал бүрдүүлдэг вэ? Тэнцсэнийхээ дараа, явахаасаа өмнө бүрдүүлэх материал гэж ойлгож болох уу?
Өөрийгөө нотлох баримтууд, эмнэлгийн үзлэг, багшийн тодорхойлолт, дүнгийн хуудас, өөрийгөө илэрхийлсэн эсээ, очоод байх айлын хүндээ бичих захидлууд байсан. Би бодохдоо үүнийг нэг хэсэг нь мөн гэж бодож байна.
Тэнцсэн гэдэг мэдээ аваад юу мэдэрч байв? Америкт очих хүртэлх үйл явцын талаар мэдээлэл өгөөч?
Хөтөлбөр эхлээд 2 дахь жилдээ явж байхад нь би тэнцсэн гэсэн үг. Намар бүртгүүлчхээд хавар хүртэл хичээлдээ явж байтал, нэг өдөр над руу "FLEX" хөтөлбөрөөс ярьж байна гээд залгасан юм. Тэр үед би бүртгүүлсэн гэдгээ ч мартчихсан байсан үе л дээ.Тэр мэдээг сонссон өдөр сургалтынхаа багштай хичээлийн дараа тааралдаад, тэнцсэн тухайгаа хэлэхэд миний өмнөөс маш их баярлаж байсан. Бас хүмүүст намайг тэнцсэн тухай хэлсэн байсан учраас, эргэн тойрныхон маань намайг гадагшаа явж сурна гээд ойлгочихсон байсан юм. Тэр үед эмээ надад суусан цэцнээс, явсан тэнэг нь дээр гэж хэлж байсан нь шийдвэрт маань нөлөөлсөн.
Яваад ирсэн нь зөв байсан гэж боддог уу?
Мэдээж зөв байсан гэж хэлнэ.
Америкт сурсан нь чамд хэрхэн нөлөөлсөн бэ?
Өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэн гэж боддог юм. Өмнө нь, за дараа хэлье дээ ч юм уу эсвэл миний буруу байвал яах бол гэж боддог байсан маань өөрчлөгдсөн гэж хардаг л даа. Юмжирдулам Англи хэлийг анх хэрхэн сурсан вэ?
Америк явахаасаа өмнө бусдын л нэгэн адил дундаж сурагч байсан. Харин “Book bridge” сургалтын төвийн багш маань маш мундаг хүн л дээ. Зөвхөн сургалт гэхгүйгээр сайн дурын ажилд оролцож байсан нь надад дадлага болж өгсөн юм. Багш л их нөлөөлсөн дөө.
Өөрийнхөө материалыг хөтөлбөрт явуулж байхдаа ямар давуу өөрт чинь байгаа гэж бодож байсан вэ?
Хөдөө амьдардаг гэдэг нь давуу тал гэж бодсон юм. Соёл, ёс заншилтайгаа илүү ойр гэдэг утгаараа тэгж бичсэн л дээ. Би бага ангидаа зуны болон улирлын амралтаараа хөдөө мал дээр байх үе байсан. Үүнтэй холбоотой нүүдэлчин соёл, өв уламжлал, таван хошуу малынхаа тухай эсээндээ оруулж өгсөн юм. “Book bridge” сургалтын төвд суралцаж байхдаа сайн дурын ажилд их оролцдог байсан нь бас нөлөөлсөн гэж бодож байна.
Америкт анх буусан сэтгэгдэл ямар байсан вэ? Мөн хичээлийн анхны өдөр ямар байв?
Америкт буусны дараа биднийг Флекс хөтөлбөрийнхөн тосож аваад 2 өдөр зочид буудалд байрлуулаад үйл ажиллагаа зохион байгуулсан. Дараа нь өөр өөрсдийн очих муж руугаа явцгаасан юм. Тухайн газартаа очоод, миний хувьд “Green hart’’ гэдэг байгууллагад харьяалагддаг байсан. Энэ байгууллага нь олон улсын солилцооны оюутнуудыг хариуцдаг байгууллага гэж хэлж болно. Амьдрахаар очсон айлын нөхөр Ази хүн учраас ойлголцоход илүү хялбар байсан юм. Халуун ногоотой хоол иддэг. Тэр айлын охин нь надтай ойролцоо настай болохоор найзууд шиг л байдаг. Ахлах сургуулийн анхны өдөр маань юу болоод байгааг ойлгохооргүй олон хүүхдийн бужигнаан дунд өнгөрсөн л дөө. Янз бүрийн дугуйлангуудад хамрагдсан нь орчиндоо хурдан дасан зохицоход тус болсон шүү.
Америкийн ахлах сургуулийн бүтэц, зохион байгуулалтын талаар ярьж өгөөч?
Ахлах сургуулийн хамгийн өөр санагдсан юм нь Америкт ангийнхан гэж байгаагүй. Сонгосон хичээлүүдээ орж байгаа газарт нь тухайн цаг дээр нь очиж суугаад явчихна. Юу болоод байгааг ойлгохгүй байж байтал төгсөх болчихсон байсан.
Бага, дунд, ахлах ангийн систем нь ямар байсан вэ?
Бага анги нь 1-5, дунд анги нь 6-8, ахлах анги нь 9-12 р анги гэсэн системээр явагддаг. Тус тусдаа барилгатай учраас хоорондоо таарна гэж бараг л байхгүй. Ахлах сургуулийнхаа хүүхдүүдтэйгээ таарвал их юм. Шинжлэх ухаан, нийгмийн ухаан, биеийн тамир гээд ахлах сургуулийн барилга дотроо олон хэсэгтэй учраас нэг хичээл дээр таарсан хүүхэдтэйгээ тэр өдөртөө дахиад тааралдана гэж бараг байхгүй дээ.
Монгол болон Америк хоёрын 11-р ангийн хүүхдүүдийн сэтгэлгээний ялгаа хэр их байсан вэ? Чамд анзаарагдсан уу?
Өөр зүйл их байсан шүү. Өөрийн санаа бодлоо бусдад илэрхийлэх тал дээр Монгол хүүхдүүдийн хувьд багшаасаа, бусдаас эмээх хандлагатай байдал бол, Америкт мэдлэг олж авч байгаа үйл явц гэдэг утгаараа үзэл бодлоо хэнд ч чөлөөтэй илэрхийлдэг. Мэдэхгүй зүйлээ бусдаас асууж, мэддэг зүйлээ бусдадаа хуваалцаж, нэгнийхээ дутагдлыг өөрт нь хэлэх зэрэг нь чөлөөтэй учраас илүү амар байдаг.
Хичээл сонголт нь ямар байсан вэ?
Монголд өөр өөр олон төрлийн хичээл сонгон судалж болдог бол Америкт хичээлийн нэг семестрийн эхнээс хувиар гараад, тухайн хичээлүүд нь л тогтмол ордог. Манай хичээл өглөө 7:00-15:00 хүртэл ордог. Мөн заавал судлах хичээл буюу ерөнхий эрдмийн хичээлүүдээс бас суралцдаг. Миний хувьд Америкийн түүх, математик гэх мэт хичээлүүдийг судалж байгаад, дараа семестрээс нь Монголд судлах боломжгүй хичээлүүдийг сонгож сурсан л даа.
Тэдгээр нь ямар хичээлүүд байсан вэ?
Анатоми, программист, сэтгэл судлал гэх мэт сонирхолтой хичээлүүд ордог байсан ба хамгийн чухал нь багш нар нь маш сонирхолтойгоор заадаг учраас сэтгэлд тод үлдсэн байна.
Дугуйлангуудад хамрагдаж байхдаа цагийн менежментээ хэрхэн хийдэг байсан вэ?
Хичээлийн эхний 7 хоногийн 2 дахь өдрөө цайны цагаараа сургуулийн сурагчдыг хариуцсан ажилтантай уулзаад найзтай болмоор байгаагаа, юу хийхээ мэдэхгүй байгаагаа хэлэхэд надад дугуйланд явахыг зөвлөсөн юм. Би кино үздэг, бас зөвхөн охид байдаг 2 клубт бүртгүүлээд хичээлийн цайны цагаар очдог байсан. Хичээлийн бус цагаар явагддаг хичээл тус бүртэй холбоотой клуб, сонирхлын клуб, спорт сонирхогчдын гэх мэтчилэн олон клуб байдаг.
Юмжирдуламын нэг өдөр тухайн үед хэрхэн өнгөрдөг байсан вэ?
Өглөө 7 цагаас хичээлтэй учраас 6 цаг гэж босдог. Миний амьдардаг айлын гэрийн эзэн нь намайг өглөө болгон хүргэж өгдөг. Хааяа 6:30 гэж босох үе байдаг л даа. Тэр үед намайг яаж ч яарч байсан заавал өглөөний цай уугаарай гэдэг. Гэр сургууль 2 ойрхон байсан нь миний хувьд давуу тал юм даа. Машинаар 5 мин орчим яваад очдог. Сургууль руу орохдоо өөрийн дугаараа шалгуулаад орно. Сурагч бүрд тусад нь код өгөгддөг. Гаднаас хүн уулзахаар ирвэл үүдэнд хүлээж байж болдог. Мөн хүүхэд болгон өөрсдийн цоожтой шүүгээтэй. Гурван хичээлд суусны дараа цайны цаг эхэлдэг. Энэ үеэр клуббүүддээ хамрагдаад өдрийн цайгаа уучихдаг. Мөн сургууль дотроо цайны газар байдаг. Өөрийн сурагчийн код дээрээ хоолны мөнгөө байршуулаад үйлчлүүлж болдог юм билээ. Флекс хөтөлбөрийнхний хувьд байгууллагаас сургуульд шууд төлчихдөг л дөө. Үлдсэн мөнгийг нь миний байгаа айлын аав, ээж 2 маань төлсөн. Манай сургууль ундааны, кофены машинтай том хэмжээтэй цайны газартай. Дараа нь хичээлдээ сууна. Клубтээ өдөр цайны цагаар хамрагдчихдаг. Хичээл тараад номын санд суугаад, орой 5 цагийн үед харьдаг. Миний амьдардаг айл өөрсдөө хоолоо хийж иддэг. Би тэдний иддэг хоолыг хийж өгөхийн хажуугаар Монгол хоолоо бас хийж өгсөн. Оройг кино үзэж, тоглолт үзэж, хөзөр тоглож өнгөрүүлдэг. Амралтын өдрүүдээр Америк гэр бүл, түүний найзуудтай нь хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
Америк гэр бүлийн ямар соёл нь Монголд байгаасай гэж хүссэн вэ?
Гэр бүл дотроо чи надад чухал шүү, хайртай шүү гэх зэрэг үгсийг байнга хэлдэг. Уулзаад биеэ тэвэрдэг соёлд нь би хамгийн дуртай. Бүх зүйл нь маш энгийн. Хэн нэгнээс хамааралтай биш байдалтай. Хүний хувийн орон зай, юу таалагдаж байгаа нь чухал гэж үздэг юм билээ.
Америк ахлах сургуулиас Монгол ахлах сургуульд ямар жишиг тогтоосой гэж хүсдэг байсан вэ?
Юу хүсэж байгаа дээр нь тулгуурлаад зөвхөн ерөнхий эрдмийн гэлтгүй, сэтгэл судлалын, программын гэх мэт сонирхолтой клубүүд байвал гэж боддог юм. Төгсөөд энэ мэргэжлээр ажиллахад яг юу хийх юм бол гэж ихэнх хүүхдүүд боддог. Сэтгэл судлалын тухай суурь ойлголт өгөх энэ мэт клуб байж болно шүү дээ.
Төгсөлтийн шалгалт гэж байдаг уу?
Монголд элсэлтийн ерөнхий шалгалт гэж өгдөг бол Америкт SAT гэж байгаа. 11-р ангидаа өгдөг. Эхний удаа шалгалт өгөхөд сургуулиас хөнгөлж байсан бол дараагийн удаа нь өөрсдөө мөнгө төлж шалгалт өгч байсан. SAT-д бэлдэх анги гэж тусдаа байдаг. 10,11-р ангийн хүүхдүүд хамрагддаг. Явцын байдлаараа дүн нь гардаг. Манай Монголынхтой адилхан дунд нь явцын шалгалт гэж авдаг.
Англи хэлээ яаж сайжруулж байсан вэ?
Миний амьдарсан гэр бүлийн ээж нь надад ном уншихыг их зөвлөдөг байсан л даа. Охинтой нь хамт орой болгон 90 мин ном уншина. Уншихдаа чангаар дуудаж уншдаг. Найзуудаасаа ярианы хэв маяг, товч хэллэг гэх мэт зүйлийг сурсан.
Яагаад программист болохоор шийдсэн вэ? Давуу тал нь юу вэ?
Мэдээллийн эрин зуунд программчлал бүх зүйлийн суурь гэж бодсоны үндсэн дээр энэ мэргэжлийг сонгосон юм. Зөвхөн эмч, цагдаа, багш гэхгүйгээр өөр мэргэжлүүд байдаг гэдгийг ойлгочихсон болохоор тэр л дээ. Энэ мэргэжлийг хэрвээ сонгох гэж байгаа бол сониуч байгаарай гэж хэлмээр байна. Тэгвэл ихийг сурч чадна аа.
Америкт очоод аялах боломж олдсон уу? Өөр ямар боломжууд нээгддэг вэ?
Америк улс олон мужтай шүү дээ. Дээрээс нь хэрвээ очоод амьдарч байгаа айл чинь аялах дуртай бол энэ нь чамд боломж гэсэн үг. Мөн Флекс хөтөлбөрийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамрагдах хүсэлт өгвөл өөр мужууд руу аялангаа сайн дурын ажил хийж болно.
Чиний хувьд Монгол соёлын өдөр ч юм уу тиймэрхүү арга хэмжээ зохиож байсан уу?
Америк аав ээжийн очдог сүм дээр болон охиных нь сургуулийн номын санд зохиож байсан. Монгол түүхээ сурталчлах чинь гоё шүү дээ. Манай сургууль дээр олон улсын өдөр гэдэг нэртэй арга хэмжээ бас зохион байгуулагддаг.
Америкт флекс хөтөлбөрөөр сурахаар сонирхож байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Англи хэл чинь сайн биш байсан ч хамаагүй. Бас бүх зардлыг чинь цаанаас нь даана. Чиний хувь хүний хүмүүжил төлөвшил ямар байгааг голлож хардаг юм билээ шүү. Англи хэлээ очоод сурчхаж болно.
Флекс хөтөлбөрийн талаар хэрэгтэй мэдээлэл болсон гэж найдаж байна. Юмжирдуламдаа баярлалаа.
Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.
▶️Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
#MASA