Alumni stories

А. Цолмон "University of Utah" -ийн геологич мэргэжлээр төгсөгч

Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт University of Utah-ийн төгсөгч А. Цолмон оролцож байна. Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү. 

Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Миний хувьд 84-р сургуульд сурдаг байж байгаад төгсөх үедээ “Өсвөрийн Зохион Бүтээх Сургууль”-д шилжин орж төгссөн. Бакалавраа би ШУТИС-ийн геологи газрын тосны ангийг төгсөж байсан юм. Фулбрайтын тэтгэлгээр хоёр жилийн хугацаанд University of Utah-д 2017 онд геологич мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцан төгссөн. Өмнө нь Энержи Ресурс ХХК компанид геологич мэргэжлээр ажиллаж байгаад суралцаж ирээд эргээд ажилдаа үргэлжлүүлэн орж менежерээр ажиллаж байна. 

АНУ-д суралцахаар шийдэхэд тань хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

Геологиор суралцдаг байсан учраас байнга дадлагад явж гадаадаас ирсэн олон судлаачдад орчуулга хийж өгдөг байсан юм. Тэр хүмүүсийг ажиглахад үнэхээр мундаг, харин би хаана нь ч хүрэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Үүнээс үүдэн ер нь л Америкт суралцах ёстой юм байна гэж шийдсэн.

Монголын засгийн газрын тэтгэлэг болон Америкийн засгийн газрын тэтгэлэг хоёр юугаараа ялгаатай байдаг вэ? 

Шалгарсан оюутнуудын хувьд ялгаа бараг мэдрэгдэхгүй. Шалгаруулалт явагдах хугацаагаараа бага зэрэг өөр байдаг. Монголын засгийн газраас ойролцоогоор 10 гаруй хүн явж байсан. Харин Америкийн засгийн газрын тэтгэлгээр 4 хүн явж байсан юм. Гол ялгаа нь гэвэл төгсөж ирээд ажиллах хугацаагаараа өөр байдаг. Америкийн засгийн газрын тэтгэлгээр явсан бол буцаж Монголдоо ирээд хоёр жил ажиллах ёстой байдаг бол Монголын засгийн газрын тэтгэлгээр явснаар Монголдоо эргэн ирээд таван жил ажиллах ёстой гэсэн шаардлага байсан.

Яагаад Фулбрайт хөтөлбөрт материалаа өгөх болсон бэ? 

Мэдээж гадаад оронд сурна гэсэн мөрөөдөлтэй болохоор төлбөрийн асуудал яригдаж эхэлнэ. Аль болох 100%-ийн тэтгэлгээр явахыг хүссэн. Фулбрайт хөтөлбөрийг сонгон материалаа өгсөн боловч эхний жил тэнцэж чадаагүй. Хоёр дахь жилдээ материалаа өгөөд тэнцэж байсан. Үүнээс гадна нэр хүнд сайтай, суралцах орчин гээд бүх зүйлээр нь хангаж өгдөг учраас Фулбрайтыг сонгосон. 

Юун дээр алдсаны улмаас эхний жил тэнцэж чадаагүй гэж дүгнэдэг вэ? Хоёр дахь жилдээ юун дээр илүү анхаарч ажилласан бэ? 

Эхний жилдээ тэнцээгүй нь бэлтгэлгүй байсных юм болов уу гэж боддог. Хэлний түвшнээс гадна сэтгэлзүй, хувь хүний ур чадвар хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт би эсээндээ цаг зав гаргаж чадаагүй. Одоо уншихад үнэхээр инээдтэй эсээ болсон байсан. Хаашаа очиж сурах, ямар зорилготой сурахаа тодорхой гаргаж өгөөгүй байсан учраас тэнцэж чадаагүй. Хоёр дахь жилдээ би TOEFL-ийн оноогоо хүртэл маш сайн анхаарч бэлдэж эхэлсэн. Эсээ дээрээ ч гэсэн маш сайн анхаарч бэлдсэн учир бэлтгэл сайтай байх их нөлөөлдөг гэж боддог. 

Фулбрайт хөтөлбөрт тэнцэхийн тулд яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? 

Мэдээж бүх л шалгуур дээр нь анхааран бэлдэх хэрэгтэй. Голч оноо, мэргэжил сонголт болон зорилгоо маш зөв бөгөөд тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Юу хүсээд байгаагаа өөрөө ч сайн ойлгоогүйгээс болж унах тохиолдол гардаг. 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүртлээ ямар сорилт шалгууруудтай тулгарч байв? 

Шалгарсан л бол болсон гэж боддог хэдий ч үгүй байдаг. Ярилцлагад тэнцсэнээс хойш олон даваа байдаг. Сонгосон сургуулийнхаа шалгуурт тэнцэх хэрэгтэй. Сургуульдаа зориулан эсээ бичдэг нь бас хүнд байсан. Гэхдээ яг өөрийнхөө юу хүсэж мөрөөддөгийг олчихсон зорилгоо зөв тодорхойлж чадсан хүмүүст асуудалгүй. Ажлынхаа хажуугаар хүнд хүнд шалгалтуудад бэлдэх амаргүй даваа байсан.

Амьдарч байсан муж болон сурсан сургуулийнхаа талаар бидэнтэй хуваалцаач. 

Манай сургууль 1856 онд АНУ-ын Utah мужийн Salt Lake хотод байгуулагдаж байсан. Энэ хот нь цанын баазаараа алдартай, Өвлийн олимп зохион байгуулж байсан туршлагатай. Хэмжээний хувьд Улаанбаатар хот шиг маш өндөр том уулстай, хөндийгөө даган амьдардаг 3 сая орчим хүн амтай.  Мөн их тайван амгалан газар учраас надад их таалагддаг байлаа. 

Фулбрайт хөтөлбөрөөр явж буй оюутнууд заавал оюутны байрандаа амьдрах шаардлагатай байдаг уу, эсвэл гадуур байр түрээсэлдэг үү? 

Яг тийм хатуу шаардлагууд тавьдаггүй. Анх очиход номын мөнгө, нөүтбүүкийн мөнгө гэж өгдөг. Сар болгон стипенд өгнө. Тэр мөнгөөрөө хоолоо аваад байр түрээслээд зохицуулаад амьдрах боломжтой. Миний хувьд эхний жилдээ байр түрээслэн амьдарч байгаад дараагийн жилдээ сургуулийнхаа family house-т нь амьдарч эхэлсэн. Гадуур амьдарснаас хамаагүй хямд бөгөөд сургуультайгаа ойрхон тухтай байдаг болсон. 

Ер нь Америк руу гэр бүлээ авч явах ямар байдаг вэ? Ямар нэгэн асуудал хүндрэл гардаг уу? 

Ер нь бол гэр бүлээ дараа нь авч явах нь зөв. Эхлээд өөрөө очоод байрших нь чухал. Гэхдээ тухайн хүний сонголтын асуудал байдаг. Хамт явахад бүх юм нээлттэй боловч очсон хойноо жоохон завгүй байдаг болохоор ер нь араас нь явахыг зөвлөдөг юм билээ. 

Хүүхэд гэр бүлтэйгээ явахад ямар зардал гарах вэ? Таныг тэнд амьдарч байх хугацаанд хэр хэмжээний зардал гарч байсан бэ? 

Би 2015 онд очоод бичиг баримтуудыг нь хөөцөлдөж зургаан сарын дараа гэр бүл маань ирж байсан. Цэцэрлэгийн хувьд харьцангуй үнэтэй. 2015 онд манай сургуулийн цэцэрлэг 800-900 ам.доллар байсан. Тэр үедээ охиноо хөтөлж ороод би оюутан байгаа юмаа гээд хэлэхэд хөнгөлөлт сайн үзүүлсэн. Муж нь өөрөө нийгмийн эмзэг хэсгийг харж үзээд хөнгөлөлт үзүүлдэг учраас манай охин сард 600 доллароор цэцэрлэгт явдаг байсан. 

АНУ-д суралцаж байх үеийнхээ хамгийн сайхан дурсамжаасаа бидэнд хуваалцаач. 

Мэдээж гэр бүлтэйгээ хамт байгаа учир аялал зугаалгаар явах нь үнэхээр дурсамжтай. Манай хотоос Лас Вегас ойрхон байдаг болохоор тийшээ аялж байсан. Миний магистрын ажил ашигт малтмал, газрын тос, байгалийн хий тал дээр илүү нарийвчилдаг байсан. Үүнээс гадна зохион байгуулагдаж буй томоохон тэмцээнд багаараа оролцоод хоёрдугаар байранд орж байсан нь хамгийн сайхан дурсамжтай үе.

Эсрэгээрээ хүнд хэцүү сорилттой үе юу байсан бэ? 

Дипломоо хамгаалах гэж байсан үе миний бодлоор их стресстэй үе байсан юм шиг санагддаг. 2.5 жил суралцах ёстой байдаг бол бидэнд 2 жил байсан. Хичээлүүдээ шахаж үзэхийн хажуугаар эрдэм шинжилгээний ажлууд, диплом хамгаална гээд оюуны ядаргаанд орсон. Нэг бодлын тэгтэл нь шахаж өрсөлдүүлж чаддаг болохоор боловсролын түвшин нь ч өндөр чанартай байдаг юм шиг санагдсан учир сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Монголд дураараа, тааваараа байдгаас шал өөр юм билээ. 

Мэргэжлийнхээ онцлогийг бидэнд ярьж өгөөч. Давуу тал болон сул талууд нь юу вэ? 

Би мэргэжилдээ маш их дуртай. Хүн дуртай зүйлээ илүү дурлаж хийх нь хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр дурлаж байгаа зүйл чинь бас хэр хэрэгцээтэй хэр эрэлттэй вэ, амьдралд чинь хэр хүрэлцээтэй байх вэ гэдэг тал дээр бас анхаарч сонгох хэрэгтэй. Ер нь бол геологич гэдэг нь чулуун мандал дэлхий дээр болж байгаа үйл явдал болж өнгөрсөн бүхнийг судалдаг сонирхолтой мэргэжил. Тодорхой хэмжээгээр биеийн хүч болон бие даах чадвар шаарддаг. Аялах дуртай эрэл хайгуулч хүмүүст илүү тохиромжтой мэргэжил байгаа юм.

"University of Utah" хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй байсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд суралцах боломжтой байсан уу? 

Ер нь бол Америк сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутан залууст их ээлтэй байдаг. Зам болон хаалганаас авхуулаад бүх зүйл нь тэргэнцэр ороход зориулагдсан. Бүх оюутнууддаа эрх тэгш хандах үүднээс энэ бүх зүйлсийг маш гоё шийдэж оюутны хотхон дотроо хөгжлийн бэрхшээлтэй оюутнууддаа зориулсан тусгай байр хүртэл гаргаж өгсөн байсан. Үнэхээр сурахаас өөр тал дээр санаа зовохгүй байлгахын тулд бүх зүйлээр хангаж өгч чадах гоё газар. 

АНУ-д суралцсан нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? 

Мэргэжлийн хувьд гээд л үнэхээр бүхий л тал дээр нөлөөлсөн. Огт мэддэггүй байсан зүйлсээ суралцан мэддэг байсан зүйлсээ сайжруулахаас гадна хүнд хэцүү үеийг даван туулж хатуужил туршлагатай болсон. Англи хэлний ярианы болон бичгийн чадвар маань ч илүү мэргэжлийн түвшинд хүрсэн.

Цаашдаа АНУ-д суралцах хүсэлтэй байгаа оюутан залууст ямар зөвлөгөө өгөх вэ? 

Сурах хүсэлтэй гээд бодоод яваад байлгүй одооноос зоригтойгоор үйл хөдлөл хийгээрэй. Чи л сэтгэлээсээ хүсээд хөдөлж эхэлбэл бүх зүйлс нээлттэй байдаг шүү гэж хэлмээр байна. Шаардлагуудаа судлан эртнээс бэлдэж бүх зүйлд бэлтгэлтэй байгаарай. 

Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилтыг хүсэж байна. 

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа, амжилт хүсье. 


Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.